Олон хүний амьдрал, хувь заяа үнэ цэнэтэй бүхнээр ардчилсан хувьсгал бүтсэн
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2015.04.08

Олон хүний амьдрал, хувь заяа үнэ цэнэтэй бүхнээр ардчилсан хувьсгал бүтсэн

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Ардчилсан намын Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Юун түрүүнд танд ардчиллын баярын мэнд хүргэе. Ардчиллын төлөөх намууд нэгдсэн үеэс ярилцлагаа эхлэх нь зөв болов уу?

Юуны өмнө "Ардчилал" сонины уншигчид, Ардчиллын төлөө сэтгэл зүрхээ зориулж ирсэн мянган мянган журмын нөхөддөө ардчилсан хувьсгал, Ардчилсан нам байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсье. Ардчилсан намын түүхийг ярих юм бол нэг өдрийн нэг удаагийн ярилцлага, нэг сонин дээр багтахгүй. Хэдийгээр түүхийн богино хугацааг туулсан ч маш их баялаг туршлага хуримтлуулсан улс төрийн хүчин. Энэ хугацаад янз бүрийн дарамт шахалтыг ч амсч ирсэн. Эргээд харахад 18, 19 нам нэгдэж өнөөдрийн Ардчилсан намыг бий болгосон дүр зураг харагддаг. 2000 онд хамгийн сүүлд ардчиллын төлөөх намууд нэгдсэн юм. Таван намын нэгдлийн үед би МоАН-ын даргаар ажиллаж байлаа. Монголын Ардчилсан намын нэгдэл, задарлууд гээд түүхэн олон үйл явдлынх нь амьд гэрч байсны хувьд 25 жилийн түүхийг мэдэх хүмүүсийн нэг гэж өөрийгөө боддог.

Анх 1990 оны дөрөвдүгээр сарын 7-нд Ардчилсан нам байгуулагдаж, Их хурлаа хийж, өрхөө татан айл болсноо баталгаажуулсан юм. Тухайн үед нийгэмд маш том дуулиан тарьж, улс төрийн хоёр дахь нам болж гарч ирснээрээ цоо шинэ үзэгдэл болсон. Ардчилсан нам байгуулагдсан цагаасаа нийгэмд цоо шинэ үзэгдэл болж, улс төрийн өөрчлөлтийн үүд хаалгыг нээсэн юм. Энэ түүхэн 25 жилийн хугацаанд эрх баригч намын хэмжээнд хүрэх улс төрийн хүчин болж, бүх аймаг, дүүрэгт салбар бүтцээ бэхжүүллээ. Бусдаас дутахааргүй боловсон хүчин, гишүүнчлэлтэй болсон. Цаашдаа ч улс орны хөгжлийг тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэх улс төрийн хүчин байж ажиллана гэдэгт ч эргэлздэггүй. Ардчилсан нам Монголын түүхэнд мөрөө тод томруун үлдээж чадсан, маш том үүрэг гүйцэтгэсэн улс төрийн хүчин.

-Монголын ардчилал зорилго- доо хүрсэн, хүрээгүй гээд янз бүрээр л ярьдаг. Таны бодлоор ямар зорилгод хүрэх ёстой юм бэ?

Ардчилал бол эцэс төгсгөлгүй эрэл хайгуул. Төгсгөлийг нь харна гэвэл хэзээ ч бүтэхгүй. Ардчилалд төгсгөл гэж байхгүй. Яагаад гэвэл нийгмийн хөгжил дэвшлээ дагаад ардчиллын эрэл хайгуул улам л баяжин, өргөжсөөр байна. Ардчилсан хувьсгал өрнөж байх үед мэдээлэл авах хэдхэн сонин л байсан. Тэгтэл өнөөдөр твиттер, фэйсбүүк, вэб сайтууд гээд мэдээллийн асар их урсгалд хүмүүс амьдарч, дээр нь энэ бүхнийг авах хэрэглээ цахимжсаар байгаа. Гэхдээ бас л нөгөө ардчиллын хэм хэмжээ, ёс зүй үгүйлэгдээд эхэллээ. Хэн дуртай нь энэ эрх чөлөөг эдэлж байна гэдэг нэрээр бусдыг гүтгэдэг, доромжилдог, үгүйсгэдэг болж.

Хэвлэл мэдээллийн асар их боломжийг буруугаар ашиглах зэргээр эргээд ардчиллын хэм хэмжээ алдагдах аюул руу явж эхэллээ. Шинэ технологи, улс орны хөгжлөө дагаад ардчиллын хэм хэмжээ байнга өөрчлөгдөх зайлшгүй шаардлага урган гарсаар байна. Ардчилал хувьсч өөрчлөгдөж гэмээнэ орчин цагтаа нийцнэ. 1989-1990 оны ардчилсан хувьсгалын эхний нэг хоёр дахь шатны зорилго биелэгдсэн, хангагдсан гэдгийг үгүйсгэхгүй. Түүнээс туйлын зорилгод хүрэх боломж байхгүй.

-Ардчилал Монголын ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн он жилүүд бол 1996-2000 он гэж хэлбэл та үгүйсгэхгүй байх. Учир нь ард түмэн анх та бүхэнд сонгуулиар итгэл хүлээлгэсэн. Тэр үеийн Нийслэлийн Ардчилсан намыг та толгойлж байсны хувьд хүмүүс ямар зүйл хүссэндээ ардчиллыг хүлээн зөвшөөрч сонгож байсан гэж үздэг вэ?

Ардчиллын мэдрэмжийг олон түмэнд хүргэсэн, үнэт зүйлийг түгээсэн он жилүүд 1989 оноос эхэлсэн. Олон намын оролцоотой анхны сургууль, улс төрийн хоёр дахь нам байгуулагдсан гээд алхам тутамдаа ардчиллын үнэ цэнийг олон түмэнд хүргэсээр байлаа. Хүн болгонд айдас төрүүлж байсан ч хүн бүрт өдөр бүр шинэ мэдрэмж өгч байсан юм.

Одоогийн 35-аас доош насны залуус ардчиллын үнэ цэнийг үнэхээр ойлгохгүй байна. 40- өөс дээш насныхан бол муухан мэдэж байгаа бол 45-аас дээш насныхан тухайн нийгмийн мөн чанар, бодит байдалд өсч торинон, сурч хүмүүжсэн учраас ардчиллын үнэ цэнийг бодитоор мэдэрдэг. Өнөөдөр улс орны нөхцөл байдал, зах зээл угаасаа л ийм байсан юм шиг ойлгодог залуус бий. Харамсалтай нь, тэр бүхнийг ярихаар ардчиллыг өмчиллөө гэдэг. Ардчиллыг, өмчилсөндөө биш үнэ цэнийг ойлгуулах гэсэндээ бид яриад байгаа юм.

Үнэндээ энэ сайхан бүхний үнэ цэнийг мэдрэхгүй байна гэхээр заримдаа сэтгэл эмзэглэдэг. Залуучууд ажил хийхгүй, биеийн амрыг хайж, тансаг орчинд л ажиллах сонирхолтой болж. Биеийн хүчний хөдөлмөр хийх баялаг бүтээх сонирхолтой хүн тун ховор байна. Монгол хүн бүр баялаг бүтээхийн төлөө зүтгэхгүй юм бол улс орон хямралтай ч хямарна, хямралгүй ч хямарна. Бүтээгч хэсэг цөөн байх тусам улс орон хөгжихгүй.

Өнөөдөр эдийн засаг хямралтай гэсэн ч сонин хэвлэлээр дүүрэн ажлын байрны зар байна. Дүүрэг дээр түр ажлын байр зарлахад ирдэг хүн тун ховор байгаа юм. Иргэд залуучууд маань хөдөлмөр эрхлэх баялаг бүтээх сонирхол туйлын бага байна. Ардчилал бол монголчуудад асар их боломжийг нээж өгсөн. Наад зах нь бид хотоос хөдөө явахдаа "зам явах" гэж хугацаатай зөвшөөрөл авдаг байлаа шүү дээ. Одоо ярихаар үнэмшихгүй л дээ.

-Боломж. Үнэхээр олон эрхийг нээж өгсөн. Гэхдээ энэ эрхээ эдэлж байгаагаа мэдрэх гэдэг ойлголт нь алга болчихсон юм шиг?

Гадаадад зорчих, үг хэлэх, хэвлэн нийтлэх, аливаа зүйлд оролцох эрх, орон сууцтай болох, газар өмчлөх, малтай болох гээд яривал олон эрхийг бидэнд ардчилал өгсөн. Ардчиллын үнэ цэнийг яривал үнэхээр олон зүйл ярьж болно. Ардчилал бидэнд юу өгсөн юм гэж ярьдаг зарим хүнийг өрөвддөг юм.

Ардчилалгүй он жилүүдэд ямар нийгэмтэй байсныг санах эргээд хэрэгтэй. Ганцхан жишээ хэлэхэд, 2008 оны долдугаар сарын 1-нд Монголын төр иргэд рүүгээ буу чиглүүлж, буудаж, шархдуулж, бүүр амь насыг нь хөнөөсөн. Төр нээлттэй байсан нийгмийг үндсэндээ гурван өдөр хаасан. Ганцхан телевиз л гарч, хаана юу болоод хэн ямар байр суурьтай байгааг мэдэх ямар ч боломжгүй болсон.

Тэгэхэд үг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл авах гэдэг ямар чухал болохыг монголчууд ойлгосон, мэдэрсэн. Энэ бол асар том сургамж. Тэр их эрх чөлөө, боломжийг эдэлж байгаагаа ерөөсөө ойлгодоггүй. Бүгдийг шүүмжилж гутааж, өөрт олдсон боломжийг муу муухайгаар ашиглаад байгаа юм. Мэдээж шүүмжлэх зүйл гарна.Гэхдээ мөнхийн бүгдийг үгүйсгэдэг шүүмжилдэг байр суурь улс орныг уруудуулна гэхээс хөгжүүлэхгүй.

-Энэ үнэ цэнийг хадгалж үлдээхийн тулд юу хийж, яах ёстой юм бол оо?

Түүхийг бодитоор нь л үлдээх ёстой. Харамсалтай нь ардчиллын он жилүүдэд ардчиллын түүх маш бага бичигдсэн, баримт материал, зураг, дүрс бичлэг цөөхөн үлдсэн. Энэ түүхийн амьд гэрч, оролцогчид эсэн мэнд байгаа энэ үед нь асар их зүйлийг авч үлдэх хэрэгтэй. Тэд маань жил ирэх тусам л цөөрч байна.

Гэтэл үүнийг мэдрээд зарим нь тухайн үед огт байгаагүй ч "Би анхдагч", "Би партизан" байсан гэж ярих болж. Харамсалтай нь энэ түүхэн үед хэн ч биш, зүгээр нэг ажиглагч, сөрөг  талын үүрэг гүйцэтгэж байсан хүмүүс эерэг. дүрийн баатар болчихсон явааг харахаар гайхдаг юм. Тийм болохоор өөрийнхөө мэдэх хэмжээнд ардчиллын түүхийг үлдээхийг бодож л явна. Сайн муу алдаатай алдаагүй нь хамаагүй түүх бодит  үнэнээр л үлдээсэй гэж бид хүсдэг.

-Ардчилалд татагдсанөдрүүдээ эргээд дурсвал?

Хүн болгон аливаа өөрчлөлт шинэчлэлтэд үнэнхүү зүрх сэтгэлээрээ оролцдог байсан он жилүүд байсан. Одоогийнх шиг мөнгөөр биш. Зүрх, сэтгэл, хүсэл тэмүүллээрээ жагсдаг байсан юм. Үхлээс айдаггүй, зорилгынхоо төлөө өлсгөлөн зарлаж байлаа. Одоогийнх шиг өлсгөлөн зарлачихаад биднийг аваачээ гэж гуйдаг хүмүүс байгаагүй.

Мал аж ахуйн орон мөртлөө махгүй, талх гурил олдохгүй, ний нуугүй хэлэхэд аймшгийн он жилүүд байсан. Картын бараанд оочерлосон жилүүд байсан шүү дээ. Ажилласан жилийг нөхөн тооцуулах тухай хуулийг санаачилж, батлуулсан нь ч учиртай. Энэ хуулиар 578 мянган хүн ажилласан жилээ нөхөн тооцуулах боломжтой болсон.

1990-2000 он бол эрсдэлийн он жил байсан болохоор тэр 578 мянган хүн Монголыг шүдний сойзоос эхлээд бүхий л бараагаар хангасан юм шүү. Тэрнийхээ төлөө төрөөс ямар ч дэмжлэг аваагүй. Зарим нь бүүр хохирч үлдсэн. Тийм болохоор энэ хүмүүст төрийн зүгээс халамж үзүүлэх нь зүй ёсны хэрэг.

-Таван нам Ардчилсан нам хэмээх нэрийн дор нэгдэхэд нэг учир байсан байх?

2000 оны сонгуулиар ардчилалын төлөөх 'намуудаас нэр дэвшигчдээс талийгаач Наранцацралтаас өөр хүн үлдээгүй бүгд ялагдсан. Тэгэхэд намууд   Ардчилсан хүчин тарж бутраад ямар ч хэрэггүй, эвлэлдэн нэгдэх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Тухайн үед таван намынхан нэгдэх талаараа нэлээд ярилцсан. Миний зүгээс МоАН- ыг толгойлж буйн хувьд ганцхан зүйл ярьж байсан. "Надад албан тушаал, эрх мэдэл, манай хүмүүсийг      ингэ, тэг гэж  болзол ярихгүй ээ. Ардчиллын үйл хэргийн төлөө нэгдээд л явъя.

Гэхдээ шинээр байгуулагдаж байгаа нам Монголын Ардчилсан нам гэдэг нэрийг авах ёстой. 1990 оны дөрөвдүгээр сарын 7-нд байгуулагдсан энэ намын нэрийн дор бусад улс төрийн хүчин нь нэгдэж, цааш нь энэ нэрийг авч явах нь аль ч талаараа түүхэн ач холбогдолтой" гэж хэлсэн. Тухайн үед намын удирдлагууд янз бүрийн үндэслэл гаргаж, нэлээд ярилцаж байгаад Монголын Ардчилсан нам нэрийг авахаар болсон юм. Монголын үндэсний ардчилсан намын тугийг авч үлдээд Социал демократ намын зогсолтгүй үргэлжлэх гурвалжин дүрстэй сүлдийг нь эмблем болгож билээ.

-Шонхор шувууг хэзээнээс билэг тэмдэг болгосон билээ?

2004 онд Элбэгдорж дарга Америкаас ирээд намын дарга болохдоо батлахаа шинэчилж, шонхор шувууг эмблемээ болгож байсан.

-Монголын Ардчилсан холбооны тэргүүн байсан хүний хувьд ардчиллын анхны партизануудынхаа талаар ярих болов уу?

Ардчиллын түүхэнд Ардчилсан намыг толгойлж, Монголын Ардчилсан холбооны дарга байж үзсэн нь надад олдсон ховор тавилан. МоАХ-г үе үеийн найман дарга тэргүүлэн. Ардчилсан холбооны түүх бол их баялаг. Улс төр олон нийтийн гэсэн тодотголтой хамгийн анхны төрийн бус байгууллага бол МоАХ. Улс төрийн намуудаас илүү тухайн үеийн нийгэмд оролцоотой, нөлөөтэй, түүхэн үүрэг гүйцэтгэсэн. МоАХ-ны мэдэгдэл, удирдлагуудынх нь хэлсэн үг ямар ч том даргад шууд нөлөөлдөг, төр засгийн ямар ч бодлогод нөлөөгөө үзүүлж чаддаг байсан юм. Монголын ард түмний бий болгосон сонгодог бүтэц.

Яваандаа МоАХ- ны үүрэг, оролцоо хумигдсаар байгаад өнөөдрийн түвшинд хүрлээ. Тэр үеийн нөлөөгөө манай партизанууд үгүйлж, үргэлж тийм байх ёстой юм шиг боддог тал бий. Партизануудаас сайн яваа нь ч бий. Дунд зэргийн амьдрал ахуйтай, бүр ядруу яваа нь ч байгаа. Маш олон партизан маань хорвоог орхижээ.. Олон сайхан нөхдөө хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд сүүлчийн замд нь үдэлцэж явлаа. Нэг ч цонх хагалалгүй, оготны хамраас ч цус гаргалгүй тайван замаар хувьсгал хийсэн гэдэг. Гэвч энэ нь нэг талдаа худлаа. Маш олон хүний амьдрал, хувь заяа, үнэ цэнэтэй бүхнээр энэ хувьсгал бүтсэн.

Өнөөдрийн энэ хувьсгалыг хийхийн тулд маш олон партизан амь нас, амьдралаа золиосолсон. Санжаасүрэнгийн Зориг, "Хонх" хамтлагийн Цогтсайхан, Хайнзангийн Цэгмид, Ангараг, Пүрэвжал, Тараах Отгонбаяр гээд анхны мундаг партизанууд бий. Анхны ардчилсан Үндсэн хуулийг Чимид гуайтай хамт боловсруулахад Ардчилсан намаас төлөөлөл болж оролцсон, Ардчилсан хүчнийхнээс хамгийн анх Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байсан Галсандорж гээд олон сайхан партизанууд бидний дунд алга. Энэ бүгдийг дүгнээд үзвэл ардчиллын үнэт зүйлс, ололт амжилтыг зүгээр нэг олоод ирээгүй юм. Ер нь эрсдэлгүй, алдагдалгүй хувьсгал гэж байхгүй.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ дашрамд нэг зүйлийг заавал онцлон хэлэх хэрэгтэй. 1990 оны дөрөвдүгээр сарын 8-нд Сүхбаатарын талбай дээр "Ардчилал" сонины баярыг анх хийж байлаа. Тухайн үед "Ардчилал" сонин хамгийн өндөр борлуулалттай байв. Чөлөөт хэвлэлийн анхдагч болсон "Ардчилал" сонин нь түүхэнд асар том үүрэг гүйцэтгэсэн.

Зүй ёсны төрийн шагнал хүртэх ёстой сонин шүү. Ардчилсан хувьсгалын дуу хоолой, тэмцлийн хурц зэвсэг болж байсан энэ сонины үүрэг өнөөдөр ч багасаагүй. Тэгэхээр танай редакцын хамт олонд 25 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, амжилт хүсье.