“Эх орон-36” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
“Эх орон-36” хөтөлбөрийн "Үндэсний сургагч багш бэлтгэх" сургалт
2015.04.06

“Эх орон-36” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

“Эх орон-36” хөтөлбөрийн "Үндэсний сургагч багш бэлтгэх" сургалт Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд өнгөрөгч бямба гаригт хаалтаа хийлээ. Хаалтын арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа оролцсон юм.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Эх орон-36” хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөрийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нар санаачлан хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа билээ.

Тус хөтөлбөр жилээс жилд хамрах хүрээгээ тэлж байгаа бөгөөд энэ удаа  Дархан-Уул, Баянхонгор, Дорноговь, Говь-Алтай, Хэнтий, Орхон, Сүхбаатар аймаг болон Нийслэлийн БГД, СБД, БЗД-ийн нийт 250 гаруй төлөөлөл хамрагдаж, “Эх орон-36 хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх сургалтын арга зүйд суралцсан байна.

Өнгөрсөн жил тус хөтөлбөрт нийслэлийн төвийн зургаан дүүргийн  2500 орчим хүүхэд хамрагдаж, эх орноо хайрлах, аливаа эрсдэлийг даван туулах тэсвэр тэвчээр, бие даах чадварт суралцсан бол энэ жил 8000,  явуулын сургалтаар 4000 гаруй, нийт 12000 орчим хүүхэд, өсвөр үеийнхнийг хамруулахаар төлөвлөсөн байна.  Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2014 онд гэхэд улсын хэмжээнд 10,995 хүүхэд хамрагджээ.

Монголын хүүхэд, өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх, бие даасан байдал, оролцоог нь дэмжих, бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг, өрсөлдөх чадвартай иргэн бэлтгэхэд зориулсан  “Эх орон-36” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр өсвөр үеийн хүүхдүүдэд 36 цагийн сургалтаар 36 төрлийн чадамжийг эзэмшүүлдэг болсон юм.

Энэхүү хөтөлбөрийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яам, Хүүхдийн төлөө үндэсний газар , Олон Улсын хүүхдийн "Найрамдал" зуслан, Хил хамгаалах 151-р анги, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Монголын Скаутын холбоо, Онцгой байдлын Ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн Замын цагдаа зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулдаг байна.