Ашигт малтмалын хайгуул хийх 37 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олголоо
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн талбайн байршилд санал өгөх тухай, Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай, Ой тэмдэглэх тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.
Өнгөрсөн онд нийслэлийн нутаг дэвсгэрт зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлал бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 66 аж ахуйн нэгж 86 талбайд өргөдөл ирүүлжээ. Өргөдөл ирүүлсэн аж ахуйн нэгжүүдэд шүүлт хийж, Багахангай-1, Баянзүрх-1, Налайх-9, Сонгинохайрхан-8, Хан-Уул дүүрэгт 20, нийт 39 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн. Иймд байгууллагуудаас ирүүлсэн саналын дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид нийслэлийн нутаг дэсвгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 39 талбайд 37 аж ахуйн нэгж байгууллагад олгож, нөхөн сэргээлт заавал хийхийг анхаарууллаа.
НИТХ-д хугацаа сунгуулах хүсэлтээ ирүүлсэн 17 шашны байгууллагыг нийслэлийн шашны асуудал эрхэлсэн ажлын хэсгээс шалгаж, “Сэлвэшн арми”, “Гэгээн софия”, “Агуу хайрын өргөө”, “Монгол дахь католик сүм”, “Үнэн алдартны Тройцкийн сүм”, “Бурханы сүм”, “Пунцоглин”, “Хамтын туяа”, “Амьд үг”, “Итгэлийн өргөө”, “Дашчаглан” зэрэг 11 шашны байгууллагын хугацааг сунгах боломжтой гэж үзсэн. НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, 11 шашны байгууллагын хугацааг 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл сунгав.
Мөн нийслэлийн Авто замын газрын 10 жилийн ой, Багануур дүүргийн 35 жилийн ой, Баянзүрх дүүргийн 52 дугаар цэцэрлэгийн 50 жилийн ойг тэмдэглэх зөвшөөрөл олголоо. Нийслэлийн авто замын газар нь Монгол улсын Засгийн газрын 2005 оны 1дүгээр сарын 19-ний өдрийн 15 тоот тогтоолоор Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий хэрэгжүүлэгч агентлагаар бие даан байгуулагдсан. 2005 онд анх 22 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан тус газар нь одоогийн байдлаар 100 гаруй ажилтан, 6 хэлтэс, 2 нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Харин Багануур дүүрэг нь Улаанбаатар хотоос зүүн тийш 135 км зайд Хэрлэн голын сав газарт оршдог. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1980 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 43 дугаар зарлигаар Улаанбаатар хотын Багануур район нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 62.0 мянган га нутаг дэвсгэртэй. Засаг захиргааны 5 хороо, 27936 хүн амтай. Энэ жил тус дүүрэг үүсэн байгуулагдсаны 35 жилийн ой тохиож байгаа бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд тэмдэглэх зөвшөөрөл олголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.