“Экспо Монголиа” үзэсгэлэнд 80 компани оролцож байна
Уул уурхай, барилга, эрчим хүч, боловсрол болон бусад салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон “Экспо Монголиа 2015” үзэсгэлэн Буянт-Ухаа Спорт Цогцолбор төвд өнөөдөр нээгдлээ.
Тус үзэсгэлэн 2012, 2013 онд болж байсан “Future Mongolia” үзэсгэлэнгийн үргэлжлэл болон зохион байгуулагдаж буй юм.
“Монголын ирээдүйг цогцлоох нь” уриатай энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд зохион байгуулагчид болон оролцогч компаниудын төлөөллөөс гадна Монгол Улсын сайд М.Энхсайхан, ХБНГУ-ын Элчин сайд ноён Герхард Тийдеманн, БНЧУ-ын Элчин сайд, хатагтай Ивана Гролова, Эрчим Хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар оролцож үг хэллээ. 9 орны 80 гаруй компани оролцож буй уг үзэсгэлэн гурван өдрийн туршид сонирхсон аж ахуйн нэгж болон олон нийтэд нээлттэй юм байна. Үзэсгэлэн болох гурван өдөр тус бүртээ салбар хуралдаан болно.
Өнөөдөр “Польшид үйлдвэрлэв-Монголын компаниудтай хамтран ажиллах боломж, бололцоо” хурал болох бөгөөд тус улсын Эдийн засгийн яамны төлөөлөл оролцох юм. Мөн Монголын Уул Уурхайн яам, Хөрөнгө Оруулалтын Газар, “Англо Американ” ХХК, “Хөтөл цемент”, ДЦС-4 ХХК, Төрийн Өмчийн Хороо, МҮХАҮТ-ын төлөөлөл оролцсон салбар хуралдаан болох юм байна.
Маргааш “Хуулийн хамгаалалт”-ын талаар Reinberg ХХК, “Боловсрол, судалгаа, технологийн гурвалсан холбоо” сэдвээр Герман Монголын хамтарсан технологийн институт, “Уул уурхайн салбар дахь хэмжилтийн түвшин, урсгал хэмжигч” сэдвээр KROHNE компани, “Уул уурхайн салбар дахь шинэлэг материал, үйлчилгээ” сэдвээр PI Interal solutions компани, “Бетон үйлдвэрлэл”-ээр Sommer Anlagentech, “Модон ванн хийх” талаар Water Wood компани илтгэл тавих юм байна.
Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр “Барилгын материалын үйлдвэрлэл, нүүрс бутлагч станцын шинэчилсэн үйл явц, технологийн жишээ”-нээс Cladius Peters компани, “Үндэсний жижиг дунд бизнесийг батлан даалтаар дэмжих нь” сэдвээр мэргэжилтэн Б.Эрдэнэсувд, “Зам тээврийн чиг хандлага хамтын ажиллагааны байдал” сэдвээр Зам тээврийн яамны Стратегийн бодлого төлөвлөлт хамтын ажиллагааны газрын дарга С.Батболд, “Монгол дахь эрчим хүчний салбар, түүний бодлого” сэдвээр Эрчим хүчний яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ерэн-Өлзий, “Монголын геологи уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдвээр ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Л.Түмэнбаяр, “Стратегийн хөрөнгө оруулалт” сэдвээр Observe consulting, “Германаас санхүүжилт авах боломж”-ийн талаар Euro Khan-ы төлөөлөл, “Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв”-ийн талаар тус төвийн захирал Д.Очирбат нар илтгэл тавих юм байна.
Германы Эдийн засаг эрчим хүчний яам, мөн VDMA буюу Германы машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбооны дэмжлэгтэйгээр Planetfair, JV Consult Messemanagement компанийн зохион байгуулж буй уг үзэсгэлэн нь жил бүр зохион байгуулагдах бөгөөд цаашид Монгол Улсын ирээдүйд гадны хөрөнгө оруулагчид итгэлтэй бөгөөд эерэг хандлагатай байгаагийн илрэл болж байна.