“Expo Mongolia” үзэсгэлэн хөрөнгө оруулагчидтай холбох гүүр болно
Ирэх долоо хоногт буюу гуравдугаар сарын 23-ны өдөр “Буянт Ухаа” спорт цогцолборт “Expo Mongolia” олон улсын үзэсгэлэн яармаг нээлтээ хийх юм. Саяхан Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга З.Энхболд нар ХБНГУ-д албан ёсны айлчлал хийсэн. Ийнхүү хоёр улсын харилцаа улам хөгжсөөр байгаа. Харин энэ арга хэмжээ нь Герман-Монголын уул уурхай болон бусад салбарын хамтын ажиллагаа ямар хэмжээнд хөгжиж байгаагийн нэгэн илэрхийлэл болно. Хоёрын улсын Засгийн газар ч үүнд онцгой анхаарал хандуулж байгаа. Ингээд тус үзэсгэлэнг зохион байгуулагч “JV Consult Mongolia” компанийн гүйцэтгэ захирал Д. Нарангиймаатай ярилцлаа
-“Expo Mongolia” олон улсын үзэсгэлэн яармаг энэ жил уламжлал ёсоороо Улаанбаатарт хотноо нээлтээ хийх гэж байна. Энэ арга хэмжээний онцлог нь юу вэ?
“Expo Mongolia”нь Германы хөрөнгө оруулалт болон менежментээр болдог гэдгийг хэлмээр байна. Иймэрхүү үзэсгэлэн яармаг зохион байгуулдаг, уг салбартолон жил ажилласан, дэлхийн улс орнуудад жилдээ 25 үзэсгэлэн зохион байгуулдаг, Германы “Expo Mongolia 21 ” групптэй хамтран зохион байгуулдаг. Ингэхдээ олон улсын, тэр дундаа Европын стандартыг анх удаа Монголд нэвтрүүлж байгаа явдал нь бас нэг онцлог юм..
-Энэ жилийн үзэсгэлэн яармагыг шинэ менежментээр хийж байгаа гэсэн сонслоо. Үүнийг талаар жаахан дэлгэрүүлж ярина уу?
2015 онд үзэсгэлэн яармагийн үйл ажиллагааг дахин нэг шатаар ахиулсан. ХБНГУ-ын Хамбург болон Дубайд салбартай “Planet fair” компанитай хамтран олон улсын үзэсгэлэнгийн менежментийг нэвтрүүлэхээр болсон.
Ингэснээр гурван хоног үргэлжлэх тус арга хэмжээ гадаад дотоодын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, хэрэглэгч үйлчлүүлэгчдийг хооронд нь холбож, тэдэнд харилцан түншлэх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлахад нь туслах үндсэн зорилгодоо хүрэхэд улам дөхөм болох давуу талтай.
-Энэ үзэсгэлэн яармагт зөвхөн уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцдоггүй. Тодруулбал, уул уурхайн салбартой нягт холбоотой янз бүрийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцдог гэсэн?
Уул уурхайн нь маш олон салбартай хамтран ажиллахаас өөр аргагүй , тийм л онцлогтой салбар. Тодруулах юм бол барилга, тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, мэдээлэл харилцаа холбоо, банк санхүү гээд олон салбар хүссэн хүсээгүй холбогддог. Энэ бүхэн нь тогтвортой хөгжлийн чигийг баримжаалахад тусалдаг. Түүнээс гадна дотоод гадаадын төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллүүд уулзан санал бодлоо солилцож, хамтран ажиллах боломжийг олгодог нь бас нэгэн давуу тал гэдгийг хэлмээр байна.
-Танай үзэсгэлэн яармагт гадаадын ямар ямар компаниуд оролцдог вэ?
Би нэг жишээ дурдмаар байна. 2013 онд нийт 14 орны 70 орчим аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан, 4000 гаруй зочид сонирхогчид хүрэлцэн ирж, 600-аад төлөөлөгчид бага хуралд оролцож байсан. Дашрамд дурдахад бага хурлын сэдвийг жил бүрийн онцлогт тохируулан сонгон хэлэлцүүлдэг.
2013 онд уул уурхай, дэд бүтцийн чухал сэдэв болсон усны асуудлын хэлэлцүүлэг болсон. Харин энэ жил бизнесийн орчинд хамгийн их нөлөөтэй банк санхүүгийн орчныг онцолж хэлэлцэхээр шийдсэн. Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Аж үйлдвэрий яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яам, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, УБ хотын захиргааны дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг гэдгийг дурдмаар байна.
Зохион байгуулагч компани ХБНГУ-ын Эдийн засаг Хамтын ажиллагааны яам, VDMA буюу Германы Машин механизм, Үйлдвэрлэлийн байгууламжийн холбоогоор дамжуулан олон үйлдвэрлэгч, импортлогчтой харилцаа тогтоож олон жил хамтран ажилласан.
Ер нь энэ арга хэмжээ маань 2011 онд ХБНГУ-ын канцлер хатагтай А.Меркель манай оронд айлчлахад Засгийн газар хооронд байгуулсан ашигт малтмалын салбарт хамтран ажиллах стратегийн түншлэлийн гэрээ хэрэгжиж байгагаагийн нэг илрэл. Хэлэлцээрт дэвшилтэт технологийг оруулах, нутагшуулахад гол анхаарал хандуулах тухай тусгасан байдаг шүү дээ.
Герман улс ашигт малтмалын чиглэлээр хоёрхон улстай хамтын ажиллагааны гэрээтэй байдгийн нэг нь Монгол, нөгөө нь Казахстан улс. Түүнээс гадна хэдэн хоногийн өмнө ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо эхэлсэн “ITB Berlin” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд манай улс түнш орноор оролцож байгаа бөгөөд нээлтэнд нь Монголын улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон шүү дээ. Энэ бүхэн манай хоёр улсын хамтын ажиллагаа ямар түвшинд байгааг илтгэж байна.
“EXPO MONGOLIA 2015“ үзэсгэлэн яармаг, тогтвортой хөгжлийн олон улсын хуралд ХБНГУ, ОХУ, Беларусь, Чех ,Сингапур,Бельги,Итали,Монгол зэрэг орнууд хамтран ажиллах хүсэлтээ гаргасан байгаа. Зохион байгуулагчийн зүгээс Монгол улсын улс төр, эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, хууль эрх зүй, бизнесийн орчныг хөрөнгө оруулагчдад зөвөөр таниулж, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэн, талуудыг холбох гүүр болж ажиллахаар зорьж байна..