БСШУ-ны яамны удирдлагууд Хан-Уул дүүргийн 115 дугаар сургууль дээр ажиллажээ
БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр нар Хан-Уул дүүргийн 115 дугаар сургууль дээр ажиллаж, шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Дүүргийн боловсролын хэлтэс, сургуулиуд хэрхэн ажиллаж, ямар ахиц амжилт гарч байгаатай танилцаж, санал бодлоо солилцов.
Энэ үеэр 115-р сургуулийн багш Б.Оюунтөгс, Д.Алтанцэцэг, Да.Мөнхцэцэг багшийн заасан математикийн хичээл, иргэний боловсрол, амьдрах чадварт суралцах үйл ажиллагааны цагууд дээр сууж, суралцагчдын оролцоо, өөрийгөө илэрхийлэх чадварт тодорхой ахиц гарч, багш нар шавь төвтэй сургалтыг зохион байгуулах арга зүйг амжилттай хэрэгжүүлж, Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх чиглэлээр санаачлагатай ажиллаж байна гэж дэд сайд үнэллээ.
Боловсролын чиглэлээр төрөөс баримталж буй бодлого шийдвэрийг дүүргийн хэмжээнд чиглүүлэн манлайлах лаборатори 115 дугаар сургууль нь үүргээ сайн биелүүлж, бусад сургуулиудаа дагуулан сургах чиглэлээр олон талт ажлыг хамтран зохион байгуулж, улам их хөгжиж байна. Хариуцсан мэргэжилтэн маань БСШУ-ны Хэрэгжилтийн багийн гишүүдтэйгээ хамтран санаачлагатай, маш сайн ажиллаж, нийт сургуулиуд өөрийн гэсэн дэг соёлтой болсон багш нарын заах арга зүйд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч, бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, сайн хичээлийн санг баяжуулан ажиллаж байна.
Дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид, Засаг дарга, Засаг даргын тамгын газраас боловсролын шинэчлэлийг дэмжиж, сургууль цэцэрлэгүүдэд тодорхой хөрөнгө оруулалт хийн цаг ямагт дэмжиж, хамтран ажиллаж байгаа талаар Боловсролын хэлтсийн дарга танилцуулав. Тухайлбал ерөнхий боловсролын сургуулиудад хөл бөмбөг, сагс, гар бөмбөг авч өгсөн, 34, 52, 75-р сургуульд хими-биологи, физик, технологийн иж бүрэн лаборатори танхим байгуулсан, цэцэрлэгүүдийг хүчилтөрөгчийн коктейлийн аппаратаар бүрэн хангасан ба гадаад дотоод орчинг камержуулах ажил хийгдэж байна.
Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй 400 хүүхдийг зуны сургалтад хамруулж, сургуулийн өмнөх боловсрол олгох зэрэг ажлыг хамтран зохион байгуулсан. БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр нар орон нутгийн төр захиргааны байгууллагуудтайгаа хамтран хөрөнгө оруулалт сайн хийж байгаа, хэлтэс-сургуулиудын хамтын үйл ажиллагаа сайн, хариуцсан мэргэжилтэн нь санаачлагатай үр дүнтэй ажиллаж байгааг сайшаалаа.
Цаашид сургууль, цэцэрлэгийн бүсүүд болон багш нарын хамтын үйл ажиллагааг сайн дэмжин хөгжүүлж, хичээлд суурилсан судалгаа тооцоо хийж, сайн хичээлийн сангаа баяжуулах, багш хөгжих, хичээлийн хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн мэргэжлийн байгууллагуудыг хамтын үйл ажиллагаанд идэвхтэй татан оролцуулах, хамтран ажиллах чиглэлээр олсон амжилтаа бататган ажиллах, сургуулийн өмнөх болон суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа сайн хангаж ажиллахыг зөвлөв.