Мэндчилгээ
УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол
2015.03.20

Мэндчилгээ

Амь амьдралын эх булаг, чандмана эрдэнэ болсон усаа хайрлан хамгаалах ариун үйлст хүч, хөдөлмөрөө зориулж ирсэн Усны салбарын үе үеийн ахмадууд, төр болон хувийн хэвшилд ажиллаж байгаа инженер, техникч, эрдэмтэн, багш нар Та бүхэндээ болон танай гэр бүлийнхэнд Дэлхийн усны өдрийн мэндийг дэвшүүлж, халуун талархал илэрхийлье.

НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэж, албан ёсоор 1993 оноос жил бүр тодорхой уриан дор тэмдэглэж ирсэн. Цэвэр усны хомсдолтой олон улс орныг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилго бүхий НҮБ-ын уриалгыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, манай улс 2005 оноос хойш Дэлхийн усны өдрийг тэмдэглэж ирсэн билээ.

Энэ жил “Ус бол тогтвортой хөгжлийн түлхүүр” уриан дор усны өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэж байгаа нь “Ногоон хөгжлийн бодлого”-ыг улс орны тулгуур бодлогын нэг болгохоор батлан хэрэгжүүлж байгаа бидний үйл ажиллагааг дэмжсэн сайхан тохиол болж байна. Монголчууд бид усыг “Чандмань эрдэнэ”-тэй зүйрлэж, ямар их үнэ цэнэтэй, юугаар ч орлуулшгүй баялаг болохыг энэ хоёрхон үгийн агуулгаар тодорхойлж ирсэн юм. Тийм ч учраас Монголын төр, засаг усны бодлогын асуудалд чухалчлан анхаарч, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр багагүй ажил хийж ирсэн билээ.

2012 онд УИХ-аас шинэчлэн баталсан Усны тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны нөөц нь стратегийн үнэт баялаг болохыг тодорхойлж, усыг эко системийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр ашиглаж болох боломжит нөөцийн хэмжээнд зөвшөөрлийн механизмаар дамжуулан үр ашигтай, хэмнэлттэй ашиглах зарчмыг тогтоосон. Монгол орны нутаг дэвсгэрийг усны сав газарт хуваан, сав газрын захиргаадыг байгуулан усны нөөцийн хамгаалалт, ашиглалтыг тухайн сав газарт менежментийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх замаар зохицуулах эрх зүйн үндэс бүрдэж, амьдралд хэрэгжиж байна.

2010 онд УИХ-аас усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглан улс орны хөгжлийн түлхүүр болгох, монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор “Ус” үндэсний хөтөлбөрийг баталсан.' Мөн 2013 онд Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна.

Бид цаашдаа усны нөөцийн хайгуул судалгаа, хяналт-шинжилгээний ажлыг өргөжүүлж, усны нөөцөө хүн ард, эдийн засгийн хөгжлийг хангахад зориулан хуримтлуулах, шилжүүлэн ашиглах, арвилан хэмнэх, бохирдохоос хамгаалах ажлыг хамтран хийх шаардлагатай байна.

Эх орны өнцөг булан бүрт усны салбарт сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байсан, ажиллаж байгаа хүн бүрт Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Засгийн газар, БОНХАЖЯ-ны нэрийн өмнөөс болон хувиасаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Та бидний хамтын ажиллагаа үр өгөөжтэй байх болтугай.

УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд        Д.Оюунхорол