98 хувь эмчилдэг элэгний эмийг ирэх сард оруулж ирнэ
Элэгний C вирусын маш үр дүнтэй эмийг Монголд оруулж ирэхээр болжээ. Энэ талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбаас тодрууллаа.
-Элэгний C вирусын эсрэг маш үр дүнтэй эмийг оруулж ирэхээр болсон гэсэн. Энэ талаар тодруулаач?
Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хамгийн тулгамдсан асуудал бол элэгний вирус, гепатит өвчин. Элэгний вирус, гепатитийг хүн амын тоотой харьцуулахад 15 хувийг эзэлж байгаа юм. Энэ нь олон улсын хэмжээнд авч үзвэл Монгол Улс тэргүүн байрыг эзлэх хэмжээнд байгаа гэсэн үг. Тиймээс бид ард иргэдийн элэгний вирустэй холбоотой асуудлуудад шийдвэртэй арга хэмжээ авч, хийж байгаа ажлын нэг нь В, С вирусын эсрэг үйлчилгээтэй, дэлхийн хамгийн сүүлийн үеийн эмүүдийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэн оруулж ирж эмчилгээнд нэвтрүүлэх гэж байгаа явдал юм.
Эм, эмийн бэлдмэл үйлдвэрлэдэг тэргүүлэх чиглэлийн АНУ-ын Гилеад Сайнсес гэж компани байдаг. Бид өнгөрсөн оны сүүлээр энэ асуудлыг Засгийн газарт тодорхой танилцуулаад эмийн журамд өөрчлөлт оруулсан. Өөрчлөлт оруулсан журмын дагуу дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улс орнуудын эмийн нарийн шаардлагыг хангасан стандартын эмүүдийг Монгол Улсад оруулж ирэх боломж бүрдсэн.
-Оруулж ирэхээр төлөвлөж буйг эмийг эмчилгээнд хэрхэн нэвтрүүлэх гэж байна вэ?
Эрүүл мэнд, спортын сайдын үүднээс АНУ-д ажлын айлчлал хийж дээрх асуудлаар компаниудтай уулзаж тохиролцсон. Үүний үр дүнд хамгийн сүүлд гарсан “Harvoni” нэртэй эмийг Монголд ирэх дөрөвдүгээр сард бүртгэж авахаар болсон. Бүртгэж авсны дараа эмийг Монгол Улсад нийлүүлнэ. Эмийг дистербьютер компаниар дамжуулж оруулж ирнэ. Оруулж ирээд улсын томоохон эмнэлгүүдээр нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын дор шаардлагатай эмчилгээ үйлчилгээнд ашиглах болно.
-Өмнө нь АНУ-аас оруулж ирэхээр яригдаж байсан эмнээс энэхүү “Harvoni” нэртэй эм юугаараа ялгаатай юм бэ?
Өмнө нь гарч ирсэн эмийг дангаар нь биш дагалдах эм тариатай хавсарч хэрэглэж байж илүү үр дүнд хүрдэг байсан. Харин энэ эмийн онцлог бол дангаар нь хэрэглэх бөгөөд гурван сар хүртэл хугацаанд курс эмчилгээ болдог. Курс эмчилгээний үр дүн нь 98 хувьтай.
-Өндөр үр дүнтэй юм байна. Энэ хэрээр өндөр өртөгтэй байх уу?
Тохиролцсоны дагуу онцгой хямд үнээр Монгол Улсад нийлүүлэх бололцоотой болсон. Уг эм бусад улс орны зах зээл дээр үнэлэгдэж байгаа үнээсээ 99 хувийн хөнгөлөлттэйгөөр орж ирж байгаа. ”Harvoni” эм олон улсад 94 мянган ам.доллараар үнэлэгдэж байгаа юм.
Энэ эмийг элэгний С вирусын эсрэг хэрэглэснээр, мөн “Эрүүл элэг” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2020 он гэхэд манай улс элэгний вирус гепатиттай холбоотой асуудлыг шийдэж чадна гэсэн судалгаа гарсан. Цаашлаад Монгол Улс элэгний өвчлөлийг шийдэж чадсан олон улсын загвар орон болох зорилтыг тавьж хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм.
-Эмийг ирэх сард бүртгээд эцсийн байдлаар хэрэглэгчдийн гарт ямар үнэтэй хүрэх боломжтой вэ?
Ирэх сарын эхээр дээрх компани “Harvoni” эмийг бүртгүүлэх хүсэлтээ тавина. Бид тухайн сард нь багтааж энэ асуудлыг шийдэх төлөвлөгөөтэй байгаа. Аль болох богино хугацаанд буюу 2-3 сарын хугацаанд багтааж Монгол Улсад дээрх эмийг оруулж ирж шаардлагатай хүмүүсийн эмчилгээнд хэрэглэх зорилтыг тавьсан байгаа.