Зэвсэгт хүчин бол залуучуудыг эх оронч үзлээр хүмүүжүүлэх сургууль
Жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярт зориулсан гурван үеийн уулзалт өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо.
Энэхүү өдөрлөгт Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хошууч, генерал Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд дарга хошууч генерал Б.Баярмагнай, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун болон 1939 оны халх голын, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин н.Батмөнх нарын үе үеийн төлөөллүүд оролцсон юм.
Энэхүү үйл ажиллагааг нээж, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “УИХ-ын гишүүн байхдаа Зэвсэгт хүчин болоод Монголын цэргийн нэр хүнд цог жавхааг өргөх чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж байсан. Гүррагчаа баатар бид хоёрын хамтарч санаачилсан Монголд төрийн жинхэнэ албыг зөвхөн цэргийн алба хаасан залуучууд хаших тухай гэсэн хуулийн төслийгУИХ-аар хэлэлцэж батлуулж байсан.
Бид Монгол цэргийнхээ үйл ажиллагаанд тал бүрээс нь дэмжлэг үзүүлдэг. Үүнд хэд хэдэн шалтгаан байдаг. Нэгд, Зэвсэгт хүчний дайчид ахмадууд болон өнөөдөр ажиллаж буй офицер ахлагч нарынхаа хүчээр бид амар амгалан, аюулгүй амьдарч байгаа. Аюулгүй байдал ээдрээтэй болсон энэ дэлхийд ийм шаардлага улам бүр өсөн нэмэгдэж байгаа гэдгийг ойлгож харж байгаа юм.
Энэ утгаараа бид Зэвсэгт хүчнийхээ үйл ажиллагаанд бололцоотой бүх дэмжлэгийг үзүүлэх нь зүйтэй гэж үздэг. Хоёрдугаарт, Зэвсэгт хүчин бол манай залуучуудыг эх оронч үзлээр хүмүүжүүлэх сургууль юм. Цэргийн алба хааж байгаа залуучууд цэргийн ангид ирээд эх орон гэдэг үгийн ач холбогдлыг өөрөөр хардаг болсон гэж байсан. Залуучуудаа ийм сургууль руу заавал явуулах хэрэгтэй.
Гуравдугаарт, цэргийн алба хаагаад ирсэн залуучууд амьдралаа зөв зохион байгуулах чадвартай, бие бялдрын хүмүүжилтэй, захирч захирагдах ёсонд сурсан иргэн болж ирдэг юм. Дөрөвдүгээрт, цэргийн алба бол үнэхээр ардчилсан алба юм. Тиймээс цэргийн анги, зэвсэгт хүчнээ бид бүх талаасаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэдгээ” илэрхийлсэн юм.
Мөн түүнчлэн Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэлэхдээ “Өнөөдөр монгол цэрэг олон улсын түвшинд энхийг дэмжих ажиллагаанд оролцож, монгол цэргийн нэр хүндийг дэлхий даяар таниулж өндөрт өргөж яваа билээ. БХЯ-ны хувьд энэ онд олон чухал ажлыг төлөвлөсөн. Юуны өмнө батлан хамгаалах бодлогынхоо үндсийг боловсруулж Ерөнхийлөгчид өргөн барьсан. Ерөнхийлөгч үүнийг УИХ-д өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлэх юм.
Өнөөдрийг хүртэл монгол цэргийн нийгмийн асуудал бүрэн шийдвэрлэгдэж чадаагүй. Цэргийн албан хаагч эх орныхоо аль хэрэгцээтэй газар томилогдож ажиллахдаа цэргийн байгууллагын байр сууцанд л амьдардаг. Гэтэл цэргийн албанаас халагдахдаа орон байргүй үлддэг байна. Энэ асуудлыг БХЯ-ны сайдын зөвлөлөөр хэлэлцэж байртай болох нөхцөлийг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа” гэлээ.