“Монгол цэргийн жавхаа - 2015” уралдааны нээлт боллоо
Нийслэлийн Засаг даргын А/140 тоот захирамжийн дагуу нийслэлийн ЗДТГ-аас Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа -2015” уралдааныг 3 дахь жилдээ энэ сарын 23 - наас 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 2 үе шаттайгаар зохион байгуулахаар болсон.
Үүний дагуу “Монгол цэргийн жавхаа - 2015” уралдааны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ЗДТГ-ын дарга, “Монгол цэргийн жавхаа -2015” уралдааны шалгаруулалтын ажлын хэсгийн ахлагч Ё.Гэрэлчулуун, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Батлан хамгаалах яамны Төрийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, дүүргийн цэргийн штабын дарга нар, Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагын удирдлага, албан хаагчид оролцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл уг үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Юуны өмнө “Монгол цэргийн жавхаа - 2015” уралдааны нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхний амар амгаланг эрэн мэндчилье.
Энэхүү уралдаанд чин сэтгэлээсээ оролцож, монгол цэргийн сүр жавхааг гайхуулж, нийслэлийн иргэдийн хийморийг сэргээж, урам зоргийг бадрааж байгаа Та бүхэнд нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархалаа илэрхийлье. “Монгол цэргийн жавхаа” уралдааныг 2013 оноос эхлэн жил бүр уламжлан болгон зохион байгуулснаас хойш залуучууд цэргийн жинхэнэ алба хаах, хугацаат цэргийн албанд явах сонирхолтой болж байна.
Мөн эцэг эхчүүд хүүхдээ цэргийн албанд явуулах хандлага ч нэмэгдэх болсон. Уг арга хэмжээ өмнөх жилүүдээс илүү өргөн дэлгэр болж, цэргийн анги, байгууллагууд идэвхитэй оролцоно гэж итгэж байна” гэлээ.
Өмнөх жилүүдэд тус уралдааныг цэргийн хотхоны тохижилт, анги салбарын жагсаалын жигдрэлт зэргийг харгалзан дүгнэж байсан бол энэ жилийн “Монгол цэргийн жавхаа - 2015” уралдааныг цэргийн албан хаагчдын бие бялдрын хөгжил, стандартыг биелүүлж байгаа байдлыг түлхүү харгалзан шалгаруулах юм. Уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагааг Чингисийн талбайд 5 дугаар сарын 23 - ны өдөр зохион байгуулна