Алтны олборлолтыг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар боллоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
-Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, залуу хойч үеийнхний эх оронч-үндэсний үзэл, сэтгэлгээг төлөвшүүлэх, хөрш орнуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Дэлхийн II дайны төгсгөл 1945 оны чөлөөлөх дайны түүхт ялалтын 70 жилийн ойг 2015 оны 8 дугаар сард тэмдэглэхээр тогтож, ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг баталлаа.
-Уул уурхайн сайд Р.Жигжид алтны олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийн эрчимжүүлэх тухай асуудлыг Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан алтны олборлолтыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээ авахыг Уул уурхайн сайдад үүрэг болголоо.
-Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн 2015 оны 2 дугаар сард ХБНГУ-ын Мюнхен хотноо болсон Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 51 дүгээр бага хуралд оролцсон дүнгийн тухай танилцуулж, бага Хурлын мөрөөр холбогдогдох арга хэмжээ авч ажиллахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгав.
- ОХУ-ын Төрийн Думын дарга С.Е.Нарышкины 2015 оны 2 дугаар сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Айлчлалын дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг Гадаад хэргийн сайдад даалгалаа.
-Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг 2015 оны 3 дугаар сард Япон Улсын Сендай хотод зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн III бага хуралд оролцохыг зөвшөөрч, удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.
-Ховд аймгийн Булган, Үенч суманд гарсан олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний голомтыг устгах, тархалтыг зогсоох шуурхай үйл ажиллагааны зардалд шаардагдах хөрөнгийг төсвийн багцаасаа гаргаж, вакцин, ариутгал халдваргүйтгэлийн бодис, халдвар хамгааллын хувцас, багаж хэрэгсэл, зүү тариар худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтын дагуу шууд гэрээ байгуулах аргаар шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад зөвшөөрлөө.