5 охинтой Н.Энхмандахынд иж бүрэн гэр бэлэглэв
Сонгинохайрхан дүүрэгт тавилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг “ХАПИ ГӨҮ ЛАКИ” компаниас өнөөдөр тус дүүргийн 26 дугаар хорооны нэгэн өрхөд иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэр бэлэглэлээ.
Шинэ гэрийн эзэн болсон Н.Энхманхдахынх 2-13 насны 5 охинтой бөгөөд Төв аймгаас шилжин ирсэн юм байна. Гэрийг хүлээлгэн өгөх арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, хорооны Засаг дарга Э.Ууганцэцэг, “Хапи гөзү лаки” компанийн удирдлагууд болох Д.Ёст, О.Аюурсэд нар болон иргэд оролцлоо.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зүгээс гэр бэлэглэсэн байгууллагын удирдлагуудад хандан “Та бүхний бусдын төлөө хийсэн буян бум төмөөр аривжих болтугай” хэмээгээд , шинэ гэрийн эздэд “Хүүхдүүдээ сайн хүн болгон хүмүүжүүлээрэй” гэсэн ерөөлийн сайхан үгийг хэллээ.
Өглөгийн эзэн Д.Ёстын зүгээс “Өөрийн ажиллаж амьдарсаар ирсэн төрөлх дүүрэг хорооныхоо иргэдэд бага ч гэсэн тус нэмэр болохсон гэж үргэлж бодож явдаг. Цаашид олон хүүхэдтэй, амьжиргааны түвшин доогуур иргэддээ энэ мэтчилэн тус хүргэж байх хүсэлтэй байгаа” хэмээж байлаа.