Шилдэг хорооллын саналд тулгуурлан төсөл боловсруулжээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сонгинохайрхан дүүргийн ИТХ- ын төлөөлөгчид, дүүргийн хэлтэс албадын дарга нартай уулзалт зохион байгууллаа.
Уг уулзалтын үеэр хотын Ерөнхий менежер Б.Бадрал хийсэн ажил, цаашид хэрэгжүүлэх ажлаа танилцуулан хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах талаараа санал солилцож, харилцан ярилцжээ.
Тодруулбал, дүүргийн удирдлагууд болон төлөөлөгчид Толгойтын зам дагуу мод зүлэг тарьж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, гэр хорооллын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хууль зөрчдөг дэн буудлуудыг хаах ил задгай оршуулгыг цэгцлэх, гар дээрээс худалдаа эрхлэгчдийг зохицуулах, хог тээвэрлэгч байгууллагуудын ажилд хяналт тавих, хороодын бүтцийг эргэн харах гэх мэт тодорхой асуудлыг хөндөн тавьж асуулт асууж, хариулт авчээ.
Харин хотын Ерөнхий менежер хороодын бүтцийг шинэчлэх санал байнга ирдэг тухай дурдаад хороодыг бэхжүүлэх, эрх мэдлийг дээшлүүлэх замаар иргэдэд тулгарч байгаа асуудлыг газар дээр нь олон нийтийн оролцоотой шийдвэрлэдэг болгох талаар бид ихээхэн анхаарал хандуулж байгаа гэдгээ дуулгажээ.
Түүнчлэн хороодыг санхүүгийн эрх мэдэлтэй болгох боломж бололцоо, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх асуудлаар нийслэлийн шилдгээр шалгарсан арван хорооны Засаг дарга нарын саналд үндэслэн тодорхой саналын төсөл боловсруулсныг танилцуулсан байна.
Мөн гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах хөтөлбөр батлагдсан бөгөөд гэр хороололд хувь хүн, компани гэрэлтүүлэг хийсэн бол зардлын төлбөрийг нийслэл хариуцах тухай, тухайн иргэн, компани цаашид ашиглалт, засвар үйлчилгээг нь хариуцан оператор компаниар ажиллах боломжтой болж байгаа талаар мэдээлэл өгчээ.