Мэндчилгээ
Сонгинохайрханчууддаа ирж буй 2015 ондоо амжилт бүтээлээр дүүрэн, аз жаргалаар бялхаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж мэндчилье.
Өнгөрч буй 2014 он манай дүүргийн хувьд ололт амжилт дүүрэн, аз хийморь ивээсэн сайхан жил байлаа. Юуны түрүүнд дүүрэгтээ “Иргэний танхим"-тай болсноос гадна ашиглалтад орсон “Иргэний танхим”-ын тоогоороо бусад дүүргийг тэргүүллээ.
Цагт 25 хүн хүлээн авах боломжтой Усан спорт сургалтын төв, нэг дор 80 хүн хүлээн авах чадалтай Сонгинохайрхан амралт цогцолборын газар төрийн өмчит үйлдвэрийн газрыг шинээр байгуулснаар дүүргийн иргэд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломж бүрдлээ.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гэр бүлийн амар тайван амьдрал, хүүхэд багачуудын аз жаргалын төлөө олон санал санаачилгыг гарган ажил болгож, эхнээсээ үр дүнгээ өгөөд байгааг та бүхэн маань харж байгаа билээ. Энэ мэтчилэн хийсэн ажил, гаргасан амжилт, эхлүүлсэн ажлаасаа дурдаад байвал олон.
Ирэх жил Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэдийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх “Шийдэл" нэртэй төсөл хэрэгжүүлэхээр болсныг дуулгахад таатай байна. Иргэд та бүхэн газар, иргэний бүртгэл, таксины зогсоол гээд өөрсдийнхөө өмнө тулгамдаад байгаа асуудлуудаа энэхүү төслөөр дамжуулан шийдүүлэх боломжтой болох юм.
Иргэдийнхээ ирүүлсэн санал хүсэлтийн хариуг бид гэрийн хаягаар хүргэж өгдөг шинэлэг тогтолцоог бий болгож байна. Ингээд ирж буй ондоо асуудлаа хамтдаа шийдэж, аз жаргалтай, амар тайван, хүүхдэд ээлтэй, хөгшдөдөө халамжтай, залуучуудаа дэмжсэн олон сайхан ажлыг хамтдаа хийцгээе хэмээн уриалж байна.