Улаанчулуутын хогийн цэгийн орчимд амьдардаг хүүхдүүд тухтай орчинд суралцах боломж нээгдлээ
Бусад хүүхдийн адил сурч боловсрох, сургуулийн орчинд хүмүүжих эрхээ эдлэж чадахгүй, амьдралын хатуу, хөтүү, зовлон бэрхшээлийг амсан, өсч бойжиж буй хүүхдүүд Улаанчулуутын хогийн цэгт хэдэн зуугаараа амьдарч, ар гэртээ тус нэмэр болохоор ажиллаж байна.
МУГЖ И.Одончимэг Мобиком Корпорациас санаачлан зохион байгуулсан “Зүрх бүхний төлөө” зорилтот аяны нээлтэд ингэж ярьж байлаа. Тэгвэл өнөөдөр жүжигчин И.Одончимэгийн санаачилсан төсөл биеллээ олж, Улаанчулуутын хогийн цэг дээр амьдардаг хүүхдүүд тохилог, дулаан байшинд сурах бололцоотой боллоо.
Төслийг цаашид хариуцан хэрэгжүүлэх “Харилцааны хөгжил төв” ТББ-д Мобиком Корпорациас нийт 80 сая төгрөгийн санхүүжилт олгон, дөрвөн талт төмөр хашаа бүхий 2.2 га газар, нам даралтын зуухаар халдаг 55 м2 сургалтын байр барьж, сурагчдаа гэр, сургуулийн хооронд тээвэрлэх микро автобус, 50 хүүхдийн ном, бичгийн хэрэгслэл, 6 сарын хэрэгцээний хоол хүнс, нүүрс түлээ, зурагт, принтер, хичээлийн самбар зэргийг худалдан авсан байна.
Мөн хавар дулааны улирал эхэлмэгц сагсан бөмбөгийн талбай, явган хүний зам, машины зогсоол, ногоон байгууламж барихаар төлөвлөжээ. Сургалтын төв нь цаашид жилийн дөрвөн улирлын турш, өдөрт 2-3 ээлжээр хичээллэн, тасралтгүй үйл ажиллагаагаа явуулах юм.
Байрны нээлтийн ажиллагаа өнөөдөр болсон бөгөөд төслийн санаачлагч МУГЖ И.Одончимэг, санхүүжүүлэгч Мобиком Корпораци, хэрэгжүүлэгч Харилцааны хөгжил төв, байрыг хөнгөлөлттэй үнээр барьсан "Эрдэнийн шинэ өргөө" ХХК болон Сонгино-Хайрхан дүүргийн ИТХ-ын дарга нар оролцсон байна.
Улаанчулуутын хогийн цэг дээр амьдардаг хүүхдүүд тохилог, дулаан байшинд сурах бололцоотой боллоо
Мөн сайн санаат байгууллага, хувь хүмүүс хүрэлцэн ирж, хандивын гараа сунган, бяцхан хүүхдүүдэд нэн хэрэгцээтэй зүйлсийг хандивлажээ. Тухайлбал, Сонгино-Хайрхан дүүргийн ИТХ-ын дарга тус төвийн багш нарын автобус, унааны зардалд 1 сая төгрөг, мөн 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн сургалтын төвийн хувьсах зардлыг төсөвт суулгахаа амласан бол Арвайн үндэс ХХК 4 тонн нүүрс, хүүхэд бүрт гарын бэлэг, ном хичээлийн хэрэгсэл, Сандэй плаза худалдааны төвийн зарим бизнесмен 100 ширхэг хичээлийн хувцас, форм, Нийслэлийн 24-р сургуулийн хамт олон 106 хайрцаг ном, хичээлийн хэрэгсэл, хувцас, Мобиком Корпораци хоёр компьютер, сургалтын ширээ, Туушин ХХК 40 тоннын чингэлэг, Амгалан цогцолборын сурагчид ном, хичээлийн хэрэгсэл, хувцас бэлэглэсэн юм.