Эмэгтэйчүүд аль болох "гэрээсээ гарч" үйлдвэрлэл явуулах хэрэгтэй
Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Б.Одгэрэл
2015.02.12

Эмэгтэйчүүд аль болох "гэрээсээ гарч" үйлдвэрлэл явуулах хэрэгтэй

Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Б.Одгэрэлтэй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн түрээсийн байрны бэрхшээл, бусад асуудлын талаар ярилцлаа.

- Өрхийн үйлдвэрлэлд түрээстэй холбоотой ямар бэрхшээлүүд гарч байна вэ?

Түрээсийн нөхцөл нь тухайн байрыг түрээсэлж жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүст хүндрэлтэй. Гэхдээ байраа түрээсэлж байгаа хүн ч гэсэн бизнес хийж байгаа шүү дээ. Тэрийг нь төр ч тэр, хувийн хэвшил ч тэр бодлогоороо дэмжсэн, аль аль талынхаа хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцсэн үнийн бодлого байвал дээр.

Түрээсийн үнэ жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд илүү хүндээр тусдаг. Яагаад гэвэл тэдэнд гэрээсээ гарч зориулалтын ажлын байранд үйлдвэрлэл явуулах боломжийг олгохгүй байгаа юм. Төрийн хувьд бол түрээс өндөр байна гээд үйлдвэрлэгчээ гаргуунд нь хаяхгүй. Төрийн мэдлийн түрээсийн байр талбайгаа аль болох бага үнээр олгодог. Тухайлбал саяхан болсон цагаан сарын үзэсгэлэн худалдаагаар түрээсийг дээд зэргээр хөнгөлж 6м.кв талбайг 9 хоногийн турш 140 мянгаар л түрээслүүлсэн. Гэтэл бодит байдал дээр 900 мянгыг төлөх ёстой. Нөгөө талаас байр, талбайгаа түрээсэлж байгаа хүмүүс маань жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, тэр дундаа эмэгтэйчүүддээ зориулаад үнийн хувьд уян хатан байвал зүгээр гэж бодож байна.

- Дэлхийн жишигт түрээсийн бодлогын ямар зарчмыг баримталдаг вэ?

Дэлхийн жишгээр хувийн ч бай, төрийн ч бай ихэнх байгууллагууд түрээсийн байранд байдаг. Өндөр өндөр барилга бариад тэрийгээ түрээслээд л амьдардаг. Гэтэл Монголд бүгдээрээ өөртөө байр барих гэдэг. Монголчууд маш том талбайд суурьшдаг, хүн болгон л өөрийн гэсэн гэртэй, хашаа байшинтай байхыг хүсдэг. Монгол хүний энэ онцлог ахуй амьдралд төдийгүй бизнес эрхлэх явцад хүртэл харагддаг.

Гэр ажлын байр байж болох уу?

Өнөөдөр өрхийн үйлдвэрлэл эрхлэгч ихэнх эмэгтэйчүүд гэртээ юмаа хийж байна. Гэр ажлын байр байж болох уу? Энэ чинь тулгамдсан асуудал байхгүй юу. Нэг талаар өрхийн үйлдвэрлэлээ гэрийн ажилтайгаа хослуулна гэхээр давуу талтай мэт харагдавч нөгөө талаар гэр бүлд сөрөг нөлөөтэй байдаг. Гэр дотор нөгөө л ноос үс, даавууны өөдөс хөглөрч, цавуу үнэртэнэ. Зарим айлын хүүхдүүд ноосны харшилтай болчихсон байх жишээтэй. Гэр бүлийнхэн нь ч тайван амьдарч чаддаггүй. Тийм орчинд үйлчлүүлэгч хүртэл удаан байхыг хүсэхгүй ш дээ. Үйлдвэрлэгч өөрөө ч хөгжиж чадахгүй. 

Өнөөдөр Монголын боломж гэртээ байгаа ч үйлдвэрлэгч эмэгтэйчүүд маань аль болох гэрээсээ гарч үйлдвэрлэл эрхлэх хэрэгтэй. Подваль, жижиг оффисын өрөө ч байсан хамаагүй. Ганцаараа ажлын байртай болох гэж зүтгэсний хэрэггүй. Хорших хэрэгтэй. Би бойжигчдод ингэж л зөвлөдөг.

- Манайх шиг ийм жижигхэн зах зээлтэй орон зайд үйлдвэрлэгчдийг борлуулалтаар нь яаж дэмжих хэрэгтэй вэ?

Нийслэлээс боломжоороо л дэмжиж байна. Нийслэлийн Засаг дарга том худалдааны төв барьж үйлдвэрлэл эрхлэгчдээ оруулъя, тэнд гадны барааг зарахгүй байя гэсэн санаачлага гаргасан. Хэрэгжвэл сайн л байна. Хэрэв ийм төв барьчихвал жилийн дөрвөн улиралд ээлж ээлжээрээ лангуугаа аваад борлуулалтаа хийчихнэ.  Нөгөө талаас зах зээл жижигхэн учраас гадагш гаргах арга замыг бид хайж байна. Эрээн хотод Монгол-Орос-Хятадын үзэсгэлэнг хоёр дахь удаа, Хөх хотод анх удаа зохион байгуулсан.  Цаашдаа Оросын зах зээлд гарахаар судалгаа хийж байна. Гадаадад үзэсгэлэн худалдаа зохион байгуулах нь их ашигтай байдаг. Нэг удаа л гэхэд 400 хүртэл сая төгрөгийн борлуулалт хийдэг. Үйлдвэрлэгчид явах их дуртай. Хэзээ явах уу гэж байнга асуудаг. Хятадууд бидэнд худалдааны төв санал болгосон. Гол нь бараа бүтээгдэхүүнээ гаалиар яаж нэвтрүүлж байх вэ гэдэг эрх зүйн зохицуулалтаа яаралтай хийх хэрэгтэй. Монголын 1000 үйлдвэрлэгчийн барааг борлуулаад өгье гэсэн Хятадын том компани байна. Манай төвийн хувьд дүүрэг болгонд “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж түрээсээр нь дэмждэг.

Үзэсгэлэн худалдаанаас гадна шууд худалдан авалтаар жижиг дунд үйлдвэрийн барааг борлуулахыг бид хичээж байна. Тухайлбал би бүх төрийн байгууллагад санал тавьсан. Санал авах гэж байвал ийм хэдэн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг үзээчээ гэж. Төрийн байгууллагууд зөвхөн дотоодоос хангамжаа авч байх тухай Засгийн газрын тогтоол ч бий. Энийг л одоо хэрэгжүүлмээр байна. Харин үйлдвэрлэгчдийн хувьд үнэ дээрээ бодит буулт хийх хэрэгтэй.