Д.Отгонбат: Манай дүүрэгт өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэгч харьцангуй олон
Хамгийн бодитой хөрөнгө оруулалт бол иргэдийг мэдээллээр хангах
Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.
Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмжих асуудлыг хөндлөө. Бид энэ удаад Баянзүрх дүүргийн ЖДҮД төвийн дарга Д.Отгонбаттай ярилцлаа.
-Баянзүрх дүүрэг бол нэг аймгийн дайтай том дүүрэгт тооцогддог. Энэ ч утгаараа жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч нар олон байдаг байх?
Төвөөс явуулсан судалгаагаар 1800-гаад орчим ЖДҮ эрхлэгч байна гэсэн тоо байгаа. Манай дүүрэг л гэхэд 304 мянга гаран хүн амтай. Өнөөдөр яг өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүнийг тоог гаргахад хэцүү. Нэлээн том судалгааг бүх хороод дээр нэгдсэн маягаар явуулж байж энэ тоо гарна.
Ер нь өрх бүр л дор бүрнээ ямар нэг хэлбэрээр жижиг аж ахуй, үйлдвэрлэл эрхлэхийг эрмэлздэг болсон. Тухайлбал Нарантуул захтай ойролцоо хороод болон хэсгүүдийн бараг айл бүр л өрхийн үйлдвэрлэл эрхэлж байх жишээтэй. Нэг айлын хашаа руу ороход гэрийн унь, мод хийнэ.
Өөр нэг айл оёдлын машин тавьчихсан гэрийн бүрээс хийж, дээс томж байх жишээтэй. Гачуурт тосгон буюу 20-р хорооны алслагдсан хэсгүүд гэхэд л айл болгон малтай. Сааль сүүгээ зарж борлуулдаг, мөн хүлэмж барьчихсан жимсний мод бут, сөөг тарьдаг гээд ярьвал бүгдээрээ л аж ахуй эрхэлдэг болчихно.
-Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч нараас танай төв дээр хичнээн нь бойждог вэ. Бойжилтын хугацаа болон амжилтад хүрсэн ямар үйлдвэрлэлүүд байна вэ?
Хугацааны хувьд янз янз байдаг. Ойролцоогоор 1-2 жил гэж ойлгож болно. Одоо манай төв дээр бага түрээстэй ажлын байранд зургаан иргэн буюу өрхийн үйлдвэрлэгч бойжиж, үйл ажиллагаагаа явуулж байна.
Үндэсний хувцас, европ костюм оёдол, арьс ширэн эдлэл, цаасан урлал, лого, бэлэг дурсгал, уламжлалт тоглоом зэргийг хийдэг. Үүнээс гадна сүлжээний бойжигч гэж 38 үйлдвэрлэгч бий.
Барилгын материалын үйлдвэрлэл, гэрийн иж бүрдэл, мод модон эдлэл, төмөр хийц, блокны үйлдвэрлэл гээд олон үйлдвэрлэл эрхлэгчид бий. Банш бууз, боов боорцог хийдэг хүмүүс ч байна.
Манай төв дээрээс бойжоод гарчихсан хөл дээрээ босчихсон үйлдвэрлэгчид байна.
Үйлдвэрлэгчид маань манай төвтэй байнгын харилцаатай байж, холбогдох мэдээллээр хангагдаж, хамтарч ажилладаг.
Манай төв дээрээс бойжоод гарчихсан хөл дээрээ босчихсон үйлдвэрлэгчид байна.
Тухайлбал “Хөлөг тайж” гээд бэлэг дурсгал, логоны үйлдвэрлэл эрхэлдэг газар нэлээн сайн явж байна. Ер нь дэгжиж дэвжих нь хувь хүнээс шалтгаална. Хамгийн гол нь өөрсдөө сэтгэж, хөгжих хэрэгтэй болов уу.
-Танай төв ямар төрлийн үйлчилгээ сургалт, мэдээллийг бойжигч нарт өгдөг вэ?
БЗД-ийн Засаг даргын дэргэдэх жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих “БАЯНЗҮРХ-НЭГ ЗҮРХ” төв нь 2012 оны 5 сард албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Манай төв бүс нутагтаа хүлээ зөвшөөрөгдсөн, олон улсын стандарт, шалгуур үзүүлэлтүүдийг хангасан сургалт, судалгаа шинжилгээ эрхэлдэг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тэргүүлэх төв болон хөгжих гэсэн эрхэм зорилготой ажилладаг.
Төв нь дүүрэгтээ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих,
Сургалтын үеэр
холбогдох сургалтууд явуулах, зах зээлд бие даан ажиллах чадвартай аж ахуй нэгж болгон бойжуулах, тэдний бизнесийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл үйлчилгээг өргөжүүлэн инкубаци үйлчилгээ үзүүлдэг мэдээллийн төв болох эрмэлзэлтэй.
Сургалт явуулж, зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна хямд ажлын байраар хангах, дотоодод болон гадаад улс орнуудад зохиогддог үзэсгэлэн худалдаа, экспо арга хэмжээнүүдэд үйлдвэрлэгчдээ оролцуулах, ижил төстэй арга хэмжээнүүдийг бие даан зохион байгуулах, үйлдвэрүүдтэй танилцуулах, бараа бүтээгдэхүүн борлуулалтын суваг, гарцыг нэмэгдүүлэх, олон нийтэд таниулах сурталчилах гээд ярьвал олон л ажил амжуулж байна даа.
-Эмэгтэйчүүдийн өрхийн үйлдвэрлэл, оролцоог хэрхэн дэмжих ёстой гэж боддог вэ?
Ер нь эмэгтэй, эрэгтэй гэлтгүй хэнийг ч дэмжиж ажиллаж болно. Өрхийн үйлдвэрлэл гэдэг чинь эмэгтэйчүүд гэлтгүй гэр бүлээрээ нийлээд л үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс шүү дээ. Харин өрх толгойлсон эмэгтэйчүүд гэвэл өөр байх.
Хамгийн бодитой хөрөнгө оруулалт бол хүний тархийг цэнэглэх явдал. Бизнес санаа, бизнес төлөвлөлт, агуулга бүхий сургалтууд бол манай төвийн нэг гол ажил.
Төв дээр энэ чиглэлийн бүх сургалтууд үнэ төлбөргүй явагдаж байгаа. Иргэдэд бизнесийн сэдэл санааг өгч, цаашлаад өөрсдийн бизнес санаагаа амьдрал дээр хэрэгжүүлэх энэ процессыг тархи цэнэглэх гээд байгаа юм. Бизнесийн нарийн төлөвлөгөөгүй авсан зээл ч юм уу, мөнгө хөрөнгө бол цаашдаа амжилт дагуулсан ажил болж чадахгүй л гэсэн үг л дээ.
Чиглэлийн тодорхой сургалтуудад хамрагдаж мэдээллээр хангагдаад, бизнес санаатай, нарийн төлөвлөгөөтэй болоод ирэхээр ажил явнаа гэж ойлгох хэрэгтэй. Ямар ч хүнд бизнес санаа байж болно.
Гэхдээ түүнийхээ талаар тодорхой мэдээлэлтэй, мэдлэгтэй, борлуулалт, захиалга гээд маркетингаа яаж хийхээ ойлгосон байх ёстой юм болов уу.
-Танайх өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ямар төсөл хөтөлбөр явуулж, ямар үр дүнд хүрсэн бэ?
Өнгөрсөн жил гэхэд манай төвд 400 гаруй иргэн, аж ахуй нэгж байгууллага холбогдох сургалтуудад хамрагдсан. Тэгэхээр Нийслэлийн 9 дүүрэгт төдий хэмжээний иргэд тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болсон гэсэн үг.
Ингэснээр хүн өөртөө боломжийг бий болгож гарцаа тодорхойлдог. Үйлдвэрлэлээ хэрхэн өргөжүүлэх вэ?, бизнесээ яаж сайжруулах вэ? гэхээр л мөнгө хэрэгтэй болоод ирдэг. Мөнгө, зээлийн бодлогыг нь зөв болгож өгөх хэрэгтэй.
/Саяхан TV-ийн шууд нэвтрүүлэгээр Банкуудын холбооны гүйцэтгэх захирал: манай улсын хэмжээнд олгогдож буй нийт хөнгөлөлттэй зээлийн 5 хувь л жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр олгогдсон байна. Энэ нь бага буурай хөгжилтэй улс орны үзүүлэлт юм/ гэж хэлж байсан.
Зарим өрхийн үйлдвэрлэгчдэд 5-10 сая төгрөгний яаралтай зээл хэрэгтэй болдог. Энэ бол их мөнгө биш. Гэтэл арилжааны банкнуудын хүү өндөр.
Харин зарим үйлдвэрлэгчдэд маш их хэмжээний мөнгө хэрэгтэй болдог. Ер нь зээлийн их, багаас шалтгаалаад цаг хугацааны хувьд ч, материал бүрдүүлэх ажиллагааны талдаа ч гэсэн зохицуулалт хэрэгтэй юм шиг санагддаг.
-Баянзүрх дүүргийн ЖДҮ төвийн хувьд олон улсын байгууллагуудтай хэрхэн хамтарч ажилладаг вэ? Цаашдын төлөв?
“Адра”, Улаан загалмай, Дэлхийн зөн, “BPN” зэрэг олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.
Ер нь орон нутагт жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвүүдийг бодлогоор байгуулсан гэж би үздэг. Орон нутагт яг иргэдтэйгээ тулж ажиллаж байгаа байгууллагын хувьд Нийслэл, дүүргүүд дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвүүдийн үйл ажиллагааг өргөжүүлэх, дэмжих чиглэлийг нэлээдгүй анхаарч ажиллах хэрэгтэй.
Манай төвийн хувьд дүүргийнхээ бүх хороодтойгоо хамтарч ажилладаг. Хэн, хаана, ямар үйлдвэрлэл эрхэлдэг, ямар боломж бололцоотой гэдгийг бид л мэднэ шүү дээ. Тэгэхээр цаашдаа энэ салбарын бодлого яг иргэдтэйгээ нүүр тулаад сууж байгаа бидэн лүүгээ чиглэх болов уу.
Тухайлбал хөгжингүй буюу шинэ хөгжиж буй улс орнууд бидний яриад байдаг Брэнд буюу үндэсний үйлдвэрлэлээ тэргүүлэх гол салбараа болгон хөгжүүлдэг юм байна. Бидний ойрын хөрш Хятад л гэхэд энэ салбараа түлхүү хөгжүүлсээр эдийн засгийн хувьд нэлээдгүй бэхжсэн нь харагддаг.