О.Мөнгөнцэцэг: Эмэгтэйчүүд өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд их санаачлагатай ажилладаг
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөтөлбөрийн сургагч багш О.Мөнгөнцэцэг
2015.02.09

О.Мөнгөнцэцэг: Эмэгтэйчүүд өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд их санаачлагатай ажилладаг

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.

Энэ ч утгаараа  "Хэлэлцүүлэг"  буландаа Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмжих асуудлыг хөндлөө. Бид энэ удаад Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөтөлбөрийн сургагч багш О.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа. Эдийн засагч мэргэжилтэй бөгөөд төслийн шугамаар өрхийн үйлдвэрлэл эрхлэгч нарт “Бизнесийн эхлэл” сургалтыг явуулдаг юм.

-Монголд ер нь хамгийн ашигтай, борлуулалтай зөв маркетингтай явж байгаа ямар өрхийн үйлдвэрлэл байдаг вэ?

Манайд оёдлын чиглэл хүнийг хоосон хонуулахгүй байна. Сайхан юм оёдог хүмүүс байна. Гутал оёдог хүмүүс болж байна. 2013 оны намар Дэлхийн зөн олон улсын байгууллага БЗД-ийн Засаг даргын тамгийн газартай хамтраад дүүрэгт өрхийн орлого нэмэгдүүлэх бизнесийн ямар чиглэлийг хөгжүүлэх нь зүйтэй вэ гэсэн судлагааг явуулсан.

Манай дүүрэгт гэхэд эсгий гар урлал, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, оёдол, гутал үйлдвэрлэл гэсэн зүйлүүд их сайн байсан. Орлого багатай хүмүүс эдгээрийг хөгжүүлээд орлого олох нь хялбархан юм гэсэн дүн гарсан. Эд нар чинь бодохоор нэг их ажлын байрны нарийн шаардлага нэхдэггүй. Гэртээ суугаад хийчихдэг.

Нэг их гарааны хөрөнгө өндөр шаардахгүй. Манай эмэгтэйчүүд нэлээн хашир, нарийн учир алдаа гаргадаггүй. Тооцоо сайтай байдаг.

-Танай сургалтад өрхийн үйлдвэрлэл эрхлэгч нар хэр хамрагддаг вэ. Ямар мэдлэг мэдээллийг олж авдаг вэ?                                                           

Бизнесээ эхлэх нь өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд их чухал асуудал. Чухам ямар бизнесээс эхлэх вэ гэдэг сургалтаар тодорхой мэдлэгийг олж авдаг. Ер нь өрхийн үйлдвэр эрхлэгчдэд ерөнхий ойлголт мэдлэг тааруу байдаг.

Зах зээлийн үед бизнес эрхлэх гэдэг ойлголт нь их хэцүү. Гэтэл манай үйлдвэрлэгчид болохоор бүхнийг чадна гээд хийдэг хүмүүс байдаг л даа.    

Чаддаг зүйлээсээ эхэлдэг. Тэр ашигтай гэнэ гэж эсвэл хошуурна. Гэтэл үүний ард ерөөсөө борлуулалт байдаггүй. Борлуулалт нь ойлгомжгүй үлддэг.

Зөвхөн бүтээгдэхүүнээ хийчихвэл болно гэж боддог. Гэтэл зах зээлийн үед чинь эхлээд борлуулалтаа шийдэж байж, учраа олж үйлдвэрлэл эрхлэхээ шийдэх учиртай.

Зах зээлд миний орон зай байна уу, үгүй юу гэдгээ судлах ёстой. Тэгсэн чинь тэрийг анзаарч, судалж, мэдэлгүй л явдаг тал бий.

-Өрхийн үйлдвэрлэгчид борлуулалтын сувгаа хэрхэн олж авах ёстой байдаг вэ?

Хичээл дээр зах зээлийн судалгаа, борлуулалтын суваг олж авах нь ямар учир холбогдолтой вэ гэдгийг заадаг. Мөн бизнес эрхэлж байгаа та ямар санхүүгийн бяцхан тооцоо хийж сурсан байх ёстой вэ, яавал бүртгэлээ эмх цэгцтэй байлгах вэ гэдгийг сургадаг. Манай үйлдвэрлэгчид огт тооцоогүй биш ч гэлээ эмх цэгцийн хувьд дутагдалтай байдаг. Бүртгэл, төлөвлөлтийг нь зааж өгдөг.

Их л баяртай тааламжтай хүлээж авдаг. Бизнесийн эхлэл сургалт нь анхан шатны ямар ч боловсролтой хүн ойлгож авахуйц байдгаараа онцлог. Нэгээр хэлбэл эдийн засгийг энгийнээр ойлгуулдаг.

Борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд худалдах цэг олох ёстой. Жижиг дэлгүүрүүдтэй сайн түншийн харилцаатай байж, гэрээ хэлцэл хийх ёстой. Тараагаад л өгөх ёстой. Олон лангуунд тараагаад өгдөг байх хэрэгтэй. Хоорондоо сайн гэрээтэй, хуулийн дагуу сахилга бат сайтай байх хэрэгтэй.

Түүнчлэн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд ядаж бүүтээгдэхүүнээ сав баглаа боодолтой болгож, хаяг шошго хийж, нэрийн хуудас, боршур тараахыг зөвлөдөг. Манайхан эсгий углааш хийлээ гэхэд шууд лангуун дээр тавьчихдаг.

Өөрсдийн гол бүтээгдэхүүний давуу талыг гол дөвийлгөх ёстой. Эргэх холбоотой бай. Гэтэл өрхийн үйлдвэрлэгчид үүнийг зардал гэж тооцоод хийж өгдөггүй. Зардалд битгий тооц гэж хэлдэг. Ирээдүйн ашиг нь гарна.

Төрөөс борлуулалтын асуудалд дээр янз бүрийн үзэсгэлэн худалдаагаар дэмждэг. Тухайлбал талбай дээр болж буй “Цагаан сар 2015” үзэсгэлэн. Мөн төрийн худалдан авалтад компани байгуулаад оролцох боломжтой.

-Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдээс эмэгтэйчүүд хэр их сургалтад суудаг вэ. Тэдний давуу тал юу вэ?

Манай эмэгтэйчүүд ер нь өрхийн орлого нэмэгдүүлэх ажилд илүү их санаачлагатай байдаг. Ерөөсөө сургалтад суугчдын 80 хувь нь эмэгтэйчүүд.

Хорин хувь нь эрэгтэйчүүд байдаг. Тэр дундаа залуу хүмүүс цөөхөн бөгөөд ихэвчлэн 40-өөс дээш ахимаг насны хүмүүс ихтэй. Энэ нь ч аргагүй. Энэ насныханд ажил хөдөлмөр олдоход хэцүү байна шүү дээ. Тийм ч учраас өрхийн үйлдвэрлэл бизнес эрхлэх тал дээр илүү санаачлагатай байгаа нь харагддаг.

Эмэгтэй үйлдвэрлэгчид хөнгөн хүнсний үйлдвэрийн салбарт түлхүү байдаг. Тухайлбал оёдол, гар урлал, талх нарийн боовны цех гэх мэт.

-Амжилтай бизнес эрхлээд санаагаа олоод явж байгаа ямар жишээ байна вэ?

Хоёр тохиолдол бий. Хувцас оёдог дөрвөөс таван эмэгтэй нэгдэж нийлээд хоршоо болоод нэг өрөө түрээслээд ажилласан нь их амжилттай явж байгаа. Ганц ганцаараа подволь түрээсэлж байснаас зардал багатай байгаа гэсэн.

Бид ч сургалтаараа өрхийн эвсэл хоршоо болж ажиллавал илүү үр дүнтэй гэдгийг хэлдэг.

-Ер нь өрхийнхөн томрох нэг арга зам нь хоршоо хэлбэрт орох явдал мөн үү?

Хамгийн наад захын жишээ гэхэд төрөөс сурагчийн дүрэмт хувцас оёулах захиалга гарлаа гэхэд ганц хүнд хэдэн дүрэмт хувцас захиалга ирэх вэ дээ. Хэрэв арав хориороо сууж байвал илүү олон захиалга авах нь ойлгомжтой.

-Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн орлого өрхдөө л зарцуулагдаж, хуримтлал үүсгэж чаддаггүй. Тэр тал дээр ямар зөвлөмж өгдөг вэ?

Ер нь үйлдвэрлэгчид мөнгөний хуваарилалт дээр их буруу ажилладаг. Нэг эсвэл баахан төхөөрөмж авчихаад эргэлтийн хөрөнгөгүй таг суучихдаг. Эсвэл машин байхгүй. Тэд ихэнхдээ мөнгөн дээр гацдаг. Монголын нөхцөлд зээлээс өөр мөнгө олох суваг байхгүй.

Уг нь онолын хувьд гарааны хөрөнгийг бий болгоход зээл тэтгэлэг, өөрийн хөрөнгө, лизингээр олж болно гэдэг. Гэтэл лизингийн тоног төхөөрөмж манайд өндөр үнэтэй. Цөөхөн. Ерөөсөө зээл л хамгийн түрүүнд байдаг ч хүү өндөр.

Харин өнгөрсөн оны сүүлээс хэрэгжиж эхэлсэн Нийслэлийн засаг даргын тамгийн газрын Ядуурлыг бууруулах, бичил бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хороодод тус бүр 100 сая төгрөг олгохоор болсон нь их зөв шийдэл.

-Тэрийг хороодын өрхөд зээлдүүлнэ гэсэн үг үү?

Хороод өөр дээрээ Хадгаламж зээлийн хоршоо байгуулаад өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, бизнес эрхлэгчдэд 5 сая хүртэлх төгрөгийн зээлийг хоёр жилийн хугацаанд 1,2 хувийн хүүтэйгээр авах боломжтой болно.

Угаасаа манай өрхийн бизнес эрхлэгчдэд 50 биш, 5 сая төгрөг л хэрэгтэй байдаг.

-Өөр ямар боломж бололцоо байдаг вэ, Олон улсын байгууллагууд зээл тусламж их байдаг гэж сонссон?

Олон улсын байгууллагууд чинь тэр бичил бизнестэй нэг их зууралддаггүй юм шүү дээ. Нэг аймаг орноор нь томоохон аж ахуй нэгжүүдтэй харьцдаг.

Гэхдээ яах вэ АДРА, Дэлхийн зөн гэх байгууллагууд бичил бизнест зээл олгодог. Гэхдээ банкны хүүнээс дутахааргүй өндөр хүүтэй. Тэгээд тухайн үйлдвэрлэгчийн машин техник компьютор хэрэгслийг барьцаанд авдаг ялгаатай.

-Ярилцсанд баярлалаа.