Э.Бат-Үүл: Хотын эдэлбэр газар бол манай валютын нөөц юм
Эдэлбэр газар
2015.02.10

Э.Бат-Үүл: Хотын эдэлбэр газар бол манай валютын нөөц юм

Дэлхийн банк Улаанбаатар хотын хүн амын өсөлт, хотын тэлэлт болон өнөөгийн газрын харилцаа, зохицуулалтын эрх зүйн орчин, газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, менежментийн бодлогын талаар явуулсан судалгаагаа нийслэлийн удирдлагуудад өнөөдөр танилцууллаа.

Дэлхийн банкны судалгаагаар Улаанбаатар хотын газрын ашиглалт бага байна гэсэн судалгаа гарчээ. Тиймээс хот үр ашиг багатай тэлэхээсээ илүүтэй нягтрал сайтай, газар ашиглалтаа зөв болгох хэрэгтэй гэсэн зөвлөмж гаргасан байна. Мөн гэр хорооллын айлуудын нягтаршлыг сайжруулбал зээл өгөхөөр болсон бөгөөд нягтаршил багатай учраас маш өндөр өртөг зардалтай дэд бүтэцтэй, хотын ашиглалтын зардал өндөр байна гэжээ.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл: “Жишээ нь бид Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Зурагтын зүүн талын энгэр, Дамбадаржаад цэвэр бохир усны шугам татсан. Гэтэл айлууд огт хэрэглээгүй. Яагаад гэвэл хэтэрхий өндөр зардлаар хийгдээд, цөөхөн айлуудад хуваагдахаар ашиглалтын зардал нь өндөр болсон. Тэгэхээр орлого багатай айлууд хэрэглэж чадахгүйгээс болоод газар булагдаад орхигдсон. Тийм учраас бид нягтаршлыг нэмэгдүүлье.

Хоёрдугаарт, Дэлхийн банкнаас гаргасан чухал зөвлөмж бол бүртгэлийн мэдээллээ сайжруулах. Хотын хувьд хотын эдэлбэр газар бол манай валютын нөөц юм. Энэ валютын нөөцөө бид дэлхийн банкаар баталгаажуулж авах юм. Баталгаажуулаад авч чадвал бид олон улсын санхүүгийн зах зээлээс маш их хэмжээний эх үүсвэр татаж чадах чадалтай, хөгжих чадвартай хот болно.

Бид 2030 он хүртэл хөгжүүлэхэд зөвхөн дэд бүтцийн салбарт 9,8 тэрбум ам.доллар хэрэгтэй болно. Энэ хөрөнгийг босгохын тулд валютын нөөцөө баталгаажуулах гэж байна. Үүнийг баталгаажуулах байгууллага бол Дэлхийн банк юм” гэлээ.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон: 

Дэлхийн банкны судалгаанаас харахад сайн талууд байгаа ч анхаарах зүйлс бас байна. Сайн тал нь хотод шилжин ирж байгаа хүмүүст оршин суух газрыг олгож байна.

Гэвч үүнийг дагаад анхаарах зүйл нь бага нягтаршилтай хотын хувьд дэд бүтэц тодорхой асуудал учруулж байна.

Үүнээс гадна газрыг үр ашигтайгаар ил тодоор олгох нь маш чухал. Учир нь газрын зөв менежмент нь хотын иргэдэд өөрсдөд нь тустай” гэв.