“Улаанбаатар цом” олон улсын тэмцээн эхэллээ
Өнөөдөр Чингис талбай дээр “Улаанбаатар цом” олон улсын тэмцээний нээлт боллоо.
Монголын хоккейн холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар цом олон улсын тэмцээнд энэ жил ОХУ баг, Бээжин дэх Канадын элчин сайдын яамны баг болон манай улсын хоёр баг нийт дөрвөн баг оролцож байна.
“Улаанбаатар цом” олон улсын тэмцээн нь анх 2011 онд Эрдэнэт хотод зохион байгуулагдаж байсан түүхтэй. Тэгвэл энэ жил хоёр дахь удаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч өвлийн спортыг дэмжих чиглэлээр гаргасан 2014 оны 27 дугаар зарлигийн дагуу өвлийн спортыг хөгжүүлэх, өвлийн спортоор хичээллэхэд таатай орчин, нөхцөлийг бий болгох, өвлийн спортын төрлүүдийг сурталчлах, хоккейн спортыг таниулан сурталчлах зорилгоор тус тэмцээнийг нийслэл хотын шинэ мөсөн талбайд зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Тэмцээнийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нээж хэлсэн үгэндээ “Цаашид Эрүүл мэнд, спортын яамнаас өвлийн спортыг дэмжих зорилгоор орчин нөхцөлийг бүрдүүлэх, стандартын хоккейн талбайн тоог олшруулах талаар дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллах болно” гэдгээ уламжлаад “Монголын хоккейн холбооны шигшээ багийн тамирчид нь 2013, 2014 онуудад “ Challenge Cup-2013”, 2014 тэмцээнүүдээс хоёр хүрэл медаль хүртэж байсныг дуулгахад таатай байна.
Цаашид энэ амжилтаа ахиулна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе” гэсэн юм.Тэмцээн гурван өдөр үргэлжлэх юм.