Гүнт орчимд газрын чичирхийлэл идэвхжиж эхэлжээ
Газар хөдлөх аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн энэ оны анхны хурал өчигдөр болж, бүрэлдэхүүнээ шинээр батлан, ажлын алба байгуулжээ.
Байнгын ажиллагаатай зөвлөл нь Шадар сайдын шууд удирдлагад байх бөгөөд орлогч даргаар нь Барилга, хот байгуулалтын сайд, нийслэлийн Засаг дарга нар ажиллах юм байна. Түүнчлэн зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд 10 яам, ОБЕГ, МХЕГ, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, ШУА зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнууд багтсан аж.
Нийслэл дэх барилга байгууламжуудын чанар, газар хөдлөлтөд хэр тэсвэртэйг үнэлсэн шалгалтын дүнд үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг буулгах, дахин төлөвлөх ажил ямархуу байгааг ч зөвлөлийн хурлаар хэлэлцжээ.
2015 он гарсаар нийслэлд нийтдээ 163 удаа газар хөдөлсөн бөгөөд үүнээс 107 нь Эмээлтийн бүсэд бүртгэгдсэн гэнэ. Түүнчлэн энэ онд Гүнтийн даваа орчимд шинээр газрын чичирхийлэл идэвхжиж эхэлсэн байна. Энэ сарын 18-ны байдлаар Гүнтэд газар 35 удаа хөдөлжээ.