Баян-Өлгий аймагт шинээр байгуулагдсан дөрвөн байгууламж нээлтээ хийлээ
Аймгийн төв номын сан, хүүхдийн наймдугаар цэцэрлэг, «Жансая», «Мейрим» өрхийн эмнэлгүүд тохилог байртай боллоо. Эдгээр барилга байгууламжийг «Монстрой-Эра», «Заулим Алтай», «Көшелик» компаниуд барьж ашиглалтад оруулсан байна.
1949 онд байгуулагдсан аймгийн номын сан 1961 онд баригдсан боломжийн байртай байсан атлаа хувьчлалын «булхайгаар» 1990 онд тэр байраа булаалган арван долоон жил Хөгжимт Драмын театрын чийгтэй, бүгчим подвальд байрлаад байснаа одоо л нар харж, цэвэр агаараар амьсгалж эхэллээ.
Өрхийн дээрх хоёр эмнэлэг тус бүр 10 мянга орчим хүнийг хариуцан эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг.
Дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт оршдог «Жансая» эмнэлгийн эрхлэгч, эмч М.Ира:
-Зуны цагт борооны усанд живж шахдаг хуучин байраа орхин, дулааны болон цэвэр бохир усны шугаманд холбогдсон тохилог байранд орсондоо энэ эмнэлгийн хамт олон бид төдийгүй гурван багийн 9550 хүн баярлаж байна. Энэ байгууламж гуравхан сарын дотор ашиглалтад орлоо. Одоо дотоод тоног төхөөрөмжөөр хангаж өгөхөө дарга нар амлаж байна. Бид улам чанартай сайн ажиллах болно гэв.
Эдгээр дөрвөн шинэ байгууламжийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн А.Бакей, А.Тлейхан, аймгийн Засаг дарга Х.Дармен, ИТХ-ын дарга Б.Лазатхан нар оролцон баяр хүргэж үг хэллээ.