Т.Пүрэвсүрэн: Шинэ барилгууд хуучин барилгуудын дулааныг булаадаг
Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны Засаг дарга Т.Пүрэвсүрэн
2015.01.12

Т.Пүрэвсүрэн: Шинэ барилгууд хуучин барилгуудын дулааныг булаадаг

Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны Засаг дарга Т.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

- Өнгөрсөн оны бүтээн байгуулалтаас дурьдвал?

Олон улсын төслийн шугамаар нэг цэцэрлэг шинээр барьсан. Бүх орон сууцны хаалгыг коджуулж, камержуулсан. Харин ирэх онд бид хороолол дундах машины болон явган замыг тохижуулахаар төсвийн саналаа хүргүүлээд байна. Нийслэлийн төсвийн тодотголоор батлагдах байх гэж найдаж байна.

Орон нутгийг хөгжүүлэх сангийн хувьд манай дүүрэг хороо болгонд хувиарладаг 100 сая төгрөгийг нэг дор цуглуулаад тохижуулалт хэрэгтэй байгаа хороонуудаа сонгоод нийт мөнгөө зарцуулаад явдаг. 2016 он гэхэд нийт 23 хороог тохижуулж дуусах төлөвлөгөөтэй. Манай хорооны хувьд тохижилд нэлээд хийгдсэн.  ААН-үүд өөрсдөө тохижилтоо хариуцдаг.

- Танай хороонд барилгажилттай холбоотой ямар нэгэн бэрхшээл гарч байна уу?

Нийслэлийг анх төлөвлөхдөө хүн ам ийм их нягтаршилтай байхаар бодож төлөвлөөгүйг бид мэднэ. Уг нь норм стандартдаа барилгууд хоорондоо 50 метрийн зайтай байх ёстой гэж заасан ч 30 орчим метр зайнд шахцалдуулан барьснаар нэг нэгнийхээ агаар, нарыг хаадаг. Хоёрдугаарт шинэ барилгууд хуучин барилгынхаа дулааныг булааж авдгаас хуучин байрнууд халаалтгүй болчихдог.

Төрөөс орон сууцны талаар баримталж буй бодлого нийт иргэддээ хүртээмжтэй байж чадахгүй байна. Боломжтой нэг хэсэг нь хэд хэдээр байр худалдаж аваад түрээслээд байхад боломжгүй хэсэг нь хуучин хэвэндээ. Тэгэхээр хүн амынхаа амжиргаанд тааруулсан бодлого явуулах хэрэгтэй байх.

- Тэгвэл таны бодлоор  бага орлоготой иргэдэд чиглэсэн ямар бодлого байж болох вэ? 

Viva sity хорооллоор жишээ аваад яръя. Уг хорооллыг барихад монгол гэрийн багтаамжийг судалж үзсэн гэсэн. Үүний үндсэн дээр хамгийн багадаа 20м/кв, ихдээ 50м/кв байхаар бодож барьсан.  Тавилгуудыг нь бас хэмжээнд нь тааруулаад жижигхэн хийсэн. Үнэ өртөг багатай эдгээр байрнууд хамгийн ихдээ 28 сая төгрөгийн үнэтэй.  Урт хугацаагаар  зээлэх боломжтой. Иймэрхүү бодлого явуулбал зүгээр болов уу

- Танай хороонд нийгмийн дэд бүтцийн асуудал хэр байна вэ?

Мэдээж ойролцоо сургууль, цэцэрлэг барихгүйгээр баахан хороолол бариад  байвал утгагүй. Манай хорооны хувьд сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй.

Иргэдийн хувьд 100 хувьд орон сууцанд амьдардаг. Настай хүмүүс дийлэнх хувийг эзэлдэг. Оршин суугчдын ихэнх нь дундаж амьдралтай. 

- Шилжин ирэгсэд олон байдаг уу?

Олон байдаг. Түүнээс гадна түр оршин суугчид гэж асуудалтай хэсэг хүмүүс бий.  Хорооны амьдралд бараг оролцдоггүй. Ялангуяа бүртгэл дээр хүндрэл гардаг. Зарим нэг нь давхар бүртгэлтэй. Бид бүртгэлийг цэгцлэх гэж оролдож байгаа ч олигтой ахиц гарахгүй байна.

Хуулиараа тухайн оршин суугч аль нэг хороонд зургаан сар оршин суудаг бөгөөд үргэлжлүүлэн амьдрах болвол бүртгүүлэх хэрэгтэй. Эсвэл үндсэн хаяг руугаа шилжих ёстой. Зөрчвөл торгууль шийтгэл байдаг ч энэ журам огт хэрэгждэггүй. 

Гэр хорооллын хувьд нэг хашаанд гурван айл байлаа гэж бодоход хогны хураамж авахад зөвхөн эзэн айлаас авдаг. Гэтэл тэнд гурван айлын хог гараад байна.  Тиймээс бид энэ онд дүүргийн хэмжээнд бодлого боловсруулаад “Баянгол шинэ өргөө” ОНӨҮГ-тай хамтран татвар дээр байцаагч нар суулгаад, бүртгэлтэй, бүртгэлгүй айл болгоныг тоолж хогны хураамж авна.