Т.Мөнх-Очир: Иргэд өөрсдийн хүчээр хүрз, жоотуугаа барин ажиллаж, маш сайхан явган замыг бий болгосон
БГД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Засаг даргын орлогч Т.Мөнх-Очир
2014.10.27

Т.Мөнх-Очир: Иргэд өөрсдийн хүчээр хүрз, жоотуугаа барин ажиллаж, маш сайхан явган замыг бий болгосон

БГД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Засаг даргын орлогч Т.Мөнх-Очиртой дүүргийн хөгжлийн талаар ярилцлаа.

-Танай дүүрэгт ямар шинэ ажлууд хийгдэж байна вэ?

Манай Баянгол дүүрэг 200 мянга гаруй хүн амтай, нийт 23-н хороотойгоос 9 нь гэр хороо. Сүүлийн жилүүдэд Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар иргэдийн оролцоотой хөгжлийн талаар нийгмийн бүхий л хэсэгт хүчтэй яригдсаны үр дүнд иргэдийн аливаа зүйлд хандах хандлага их өөрчлөгдсөн, идэвхитэй иргэдийн тоо ч олширч байна, мөн иргэд хамтарч ажиллах хийж, бүтээх хүсэл, тэмүүлэлтэй  болсон гэж бодож байна.

Нийгмийн өмнө тулгамдаж байгаа аливаа асуудлыг зөвхөн төр бүгдийг шийдэх ёстой гэдэг талаас нь биш, иргэд өөрсдөө санаачлаад, хамтарч, хоршоод асуудлыг шийднэ гэдэг хандлага бий болж байгаа нь их сайн талтай. Мэдээж төр үүнийг хөхүүлэн дэмжих ёстой. Ялангуяа гэр хорооллын иргэд маань илүү санаачлагатай ажиллаж байна. Тэд хүрээлэн байгаа орчноо тохижуулах, үүссэн хур хогийг олны хүчээ нэгтгэн цэвэрлэх, явган зам тавих гээд олон ажилд идэвхи, санаачлага  гаргаж, төсөл, хөтөлбөр санаачилж байна. Хийж, гүйцэтгэсэн ажлууд ч амжилттай болсон.

Мөн төр засаг, дүүргийн зүгээс хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлууд энэ жил маш амжилттай явж байна. Гудамж төслийн хүрээнд Баянгол дүүргийн олон уулзвар, замууд шинэчлэгдлээ, хүүхэд, залуучуудад зориулсан Усан спорт сургалтын төв,  бассейн шинээр ашиглалтад орлоо. Өнгөрсөн долоо хоногт   улсын хэмжээнд сүүлийн 25-н жилийн дараа улсын төсвөөр баригдсан эрүүл мэндийн салбарт хийгдсэн томоохон бүтээн байгуулалт, өдөрт дунджаар 700 гаруй иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай Эрүүл мэндийн төвийг шинээр ашиглалтад оруулаад байна. Эдгээр бодит хэрэгцээтэй байсан бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудад олон хүн талархалтай хандаж байна.

-Иргэдийн санаачилга гэж та ярилаа. Жишээлбэл ямар санаачилгууд гарсан бэ, тэрийг нь хаанаас дэмжиж ажил хэрэг болгов?

Олон санал, санаачилгууд гарч байгаа. Жишээ нь бодит ажил хэрэг болсон бүтээн байгуулалт гэвэл Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд “Хан тайшир” нэртэй иргэдийн бүлэг байгуулагдаж, үерийн далангийн хур хогийг өөрсдөө зохион байгуулалт хийн цэвэрлэж, эко хавтангаар тохижуулсан. Мөн  өмнө нь хүн явах бололцоогүй, сул шороо, нурсан ирэг байсан газрыг иргэд өөрсдийн хүчээр хүрз, жоотуугаа барин ажиллаж, маш сайхан явган замыг бий болгосон. Эдгээр ажлуудын тодорхой зардлыг манай Дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс ажлын байрыг

нэмэгдүүлэх “Эзэнтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлсэн.  

За, мөн манай Баянгол дүүргийн 9-р хороонд АНУ-ын Азийн сангаас Гэр хорооллын хогны менежментийг сайжруулах, орчин тойрны тохижилтын ажлын хүрээнд “Загвар хороо” төсөл хэрэгжиж байна. Энэ төслийн хүрээнд тодорхой  ажлуудыг Азийн сангаас санхүүжүүлж тухайн хорооны санаачлагатай иргэдийн бүлэг мөн амжилттай, үр дүнтэй хийж гүйцэтгэлээ.

Тэд хамтраад орчны бохирдол, хур хог үүссэн газруудыг компанит ажил болгоод цэвэрлэсэн. Машинтай хүн битгий хэл, явган хүн гарахад хүндрэлтэй байсан уул өөд өгссөн замыг маш сайхан тохижуулж явган хүний замтай болгосон. Энэ бүлгийг Лувсанданзан гэж 70 шахуу настай буурал ахалж, тэр хавийнхаа залуусыг дайчлан зохион байгуулж, хийж гүйцэтгэсэн. Хоёр явган зам тавьсны нэг нь 70 метр, нөгөөх нь 30 метрийн урттай явган зам юм. Өмнө нь эдгээр замууд олон хүний урсгалтай боловч өгсүүр, маш их тоосжилттой, машин явдаг замтайгаа нийлсэн хүүхэд, хөгшид явахад хүндрэлтэй байсан. Настан буурлууд, хүүхэд багачууд явж байгаа газрыг маш сайхан тохижуулж шаттай явган зам нь тавьсан нүдээ олсон ажил болсон.

Өчигдөрхөн Лувсанданзан гуай ирж надтай уулзаад л явлаа. 9-р хорооны гэр хорооллын хүүхдүүд өглөө, оройдоо цэцэрлэгтээ явдаг нэг явган зам байна, үүнийг тохижуулахад их мөнгө орохгүй, бага сага л юм орно гээд төсөл хийснийгээ танилцуулсан. Гэх мэт чухал, хэрэгцээтэй бодит ажил болохоор төслүүд нилээд бий.

Эндээс нэг зүйл ажиглагдаж байна. Иргэд өөрсдийнхөө хүч, оролцоогоор  бүтээсэн зүйлийг ойр тойрных нь мэдэж байгаа учраас хүмүүс илүү хайрлаж, хамгаалж, хүндэтгэлтэй  ханддаг юм байна. Ер нь бол тендерээр шалгарч гүйцэтгэсэн ажлыг нэг компани хийгээд л өнгөрдөг иргэд хайхардаггүй шүү дээ. Одоо бол илүү өөриймсөг байгаа нь ажиглагдсан.

-Иргэдийн оролцоо нэмэгдэж төсөл бичих болсон гэлээ. Одоогийн байдлаар хэрэгжихээ хүлээж буй хичнээн төсөл танайд байгаа вэ?

Манай 23-р хорооноос ирүүлсэн иргэдийн санаачилсан 8 төсөл байгаа. Ихэвчлэн орчноо сайжруулах, гэр хороололд явган зам тавих, хүүхдийн тоглоомын талбай барих, мод тарья гэх мэтээр өөрсдөө санаачилж байна. Өнөөдөр хүүхдүүд гэр хороодын дундуур явсан жаахан асфальтан зам дээрээ л, явж байгаа машины завсар зайгаар тоглож байна шүү дээ

-Хороо сайхан бол иргэд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэнэ. Зарим хүмүүс хороодод төсвийн эрх мэдлийг бага ч гэсэн өгөх ёстой гэж үздэг. Таны бодлоор хэр зүйтэй вэ?

Ер нь сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа шинэчлэлүүдийн хүрээнд аль болох эрх мэдлийг хороо багт хүргэхээр зорьж байгаа. Миний хувьд энэ нь бодит амьдралд нийцсэн, хэрэгцээндээ тулгуурласан, түргэн шуурхай шийдвэр гаргах, төр, нийтийн ажлын зохион байгуулалт болно гэж боддог. Бид УИХ-ын гишүүн Ж.Батзандангаар ахлуулсан Шинэ хороо хөтөлбөрийн ажлын хэсэгт орж ажиллахаар болсон. Энэ хүрээнд бид 14 хоногийн өмнө “Шинэ хороо” хэлэлцүүлгийг хийгээд байна. Тус

хэлэлцүүлгээр хороодын өнөөгийн эрх зүйн байдлыг сайжруулья, тодорхой эрх хэмжээг хороодод өгье, ер нь хороодыг цааш нь хөгжүүлэхэд ямар зүйлүүдийг өөрчилж, ямар хуулинд өөрчлөлт оруулвал шинэ өөрчлөлтүүдийн суурь тавигдах вэ гэдгийг нэлээн нухацтай ярилцаж олон санаа гаргасан.

Ялангуяа хороодыг санхүүгийн  бие даасан эх үүсвэртэй болгох, иргэдийн санаачилж байгаа ажлын дор хаяж 50 хувийг төр санхүүжүүлэх бололцоо боломжийг эрэлхийлэх зэргийг хэлэлцүүлгээр ярьсан. Харин үлдсэн 50 хувийг нь иргэд өөрсдөө босгох байдлаар явбал  гэсэн хувилбар байгаа юм. Энэ их иргэдийн идэвхи, санаачлагыг төрийн зүгээс зөв чиглүүлж, дэмжих цаг л ирсэн байна.

-Танай дүүргийг бас Иргэдийн хяналтын зөвлөлийг анх санаачилж үр дүнтэй ажиллаж байгаа гэж сонссон. Энэ талаар дэлгэрэнгүй ярина уу?

2013 онд манай дүүргийн 12 дугаар хороонд Иргэдийн хяналтын зөвлөл байгуулагдаж, хороонд үйл ажиллагаа явуулж байгаа барилга, байгууламж гүйцэтгэж буй компаниудтай гэрээ байгуулан тодохой давтамжтайгаар хяналт хийж, хамтран ажиллах  эхлэлийг тавьж, өнөөдрийг хүртэл үр дүнтэй ажиллаж байна.

Өнгөрсөн долоо хоногт Мэргэжлийн хяналтын хэлтэстэйгээ хамтран бусад хороодоо оролцуулан энэ ажлынхаа үр дүнгийн талаар зөвөлгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Зөвлөлд иргэдийн төлөөлөл болон

хорооны засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч нар орж байгаа бөгөөд тэд барилга баригдаж буй газрын ойр орчимд амьдарч буй иргэдийн ая тухтай байдлыг хангах, дуу чимээ бага гаргуулах, гол нь аюулгүй байдлыг хангах зэрэгт хяналт тавьж ажиллаж байна.

Энэ ажлыг иргэдийн оролцоотой хяналтын үйл ажиллагаа маш үр дүнтэй хэрэгжиж байна гэж үзэн Улсын Мэргэжлийн хяналтын газрын зүгээс сайшааж, ийм сайн туршлагыг улс орон даяар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж шийдээд байгаа.

-Дүүргийнхээ иргэдийн жижиг дунд үйлдвэрлэлийг хэрхэн дэмжиж ажилладаг вэ?

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих дүүргийн төв байгуулагдсан. Манай дүүргийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа 800 гаруй иргэн, аж ахуй нэгж байгаа. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих дүүргийн төв байгуулагдсанаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ чадавхжуулах зорилготой олон сургалт, тэднийхээ бараа, бүтээгдэхүүнийг олон түмэнд таниулах сурталчлах зорилготой  олон үзэсгэлэн худалдааг зохион байгуулан ажиллаж байна.

Манай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл Эрээн хотод хүртэл үзэсгэлэнгээ гаргаж, худалдааны түншүүдээ олж авсан, нийлүүлэлтийн олон гэрээнүүд хийсэн гээд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид маань талархалтай байгаа. Энэ чиглэлийн ажил мөн үр дүнгээ өгч байгаа.

-Танай дүүргийн гол онцлог нь худалдаа, үйлчилгээний төвлөрөл ихтэй. Үүнийгээ даган хөгжих өргөн боломжтой? Энэ талаар?

Тийм ээ. Бусад дүүргүүдтэй харьцуулвал манай 3,4 дүгээр хороолол гээд томоохон худалдааны гудамж байна. Тиймээс худалдааны гудамжийг олон улсын жишигт хүргэж, иргэдийн ая тухтай байдлыг хангасан, орчны тохижилттой болгох үүднээс хороололд үйл ажиллагаа явуулдаг зарим брэндүүд санаачлан “Худалдааны шинэ гудамж” төслийг төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлэхээр бид ажилдаа орсон.

Энэ ажлын хүрээнд олон ажлуудыг төлөвлөж байгаа, бид хамтраад л хийх ёстой гэдэг зарчим дээр суурьлаж байна. Саяхан 3,4 дүгээр хороололд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж, ахуйн нэгж байгууллагууд маань нийлж холбоо байгуулсан. Одоо холбоо дүүрэг хоёр хамтраад л зорилгуудаа тодорхойлоод явна. Мөн “Хот хөгжүүлэлтийн шийдэл” гэдэг байгууллага бидэнтэй хамтран ажиллаж байгаа. 

-Танай дүүргийн 50 жилийн ой ирэх жил болно гэж сонссон. Ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

Баянгол дүүрэг манай Улаанбаатар хотын хөгжил, цэцэглэлт, суурин соёл иргэншил бий болоход хамгийн гол цөм болсон газар. 60,70-аад оны үед олон залуус Монголын  өнцөг, булан бүрээс ирж гал голомтоо бадраан ажил амьдралын гараагаа эхэлсэн. Олон залуусын хүч хөдөлмөрөөр бий болсон дүүрэг гэж боддог. 50-н жил гэдэг бол багагүй хугацаа ойн хүрээнд энэ том дүүргийг бүтээн байгуулахад оролцсон ахмад буурлууд, тэдний үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэх гээд мөн олон бүтээн байгуулалтын ажлууд, нийгэмд чиглэсэн олон ажлууд хийхээр төлөвлөж байгаа.  

Тухайлбал “Хүүхэд хөгжлийн төв”, “Ахмад хөгжлийн төв” зэрэг бүтээн байгуулалтууд хийгдэнэ. Мөн хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөхөд зориулсан Спорт комплекс барилгын ажил эхлээд явж байна. Бүтээн байгуулалтаас гадна ойн хүрээнд нийгэмрүү хандсан, иргэдрүүгээ чиглэсэн, зөв хандлага, эерэг сэтгэлгээг бий болгох зорилготой олон арга хэмжээ явуулна. Тухайлбал удахгүй “Инээмсэглэл-Баянгол” гээд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

Энгийн зүйл шиг хэрнээ инээмсэглэл гэж энэ зүйлийн цаана ямар их хүч, бололцоо байдаг гэдгийг иргэддээ мэдрүүлэх зорилготой энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.    Эерэг бодол бодоод бай, бодол үгс болно, Эерэг үгс хэлээд бай, үгс үйлдэл болно гэсэн үг байдаг. Тийм болохоор инээмсэглэсэн хүн бол эерэг бодол л бодно гэсэн логик гаргалгаа байгаа юм.

Төрийн бүх байгууллагууд, хувийн байгууллагуудыг бүгдээрээ бие биентэйгээ инээмсэглэж харилцах, баярлалаа, уучлаарай гэж хэлж сурцгаая гэсэн зүйлийг бид уриална. Мөн Замын цагдаагийн байгууллагтайгаа хамтран “Та яв” гэсэн хүндлэлийн аяныг өрнүүлж, жолооч нар бие биендээ хүндэтгэлтэй хандах соёлыг бий болгоё гэдэг зорилготой хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.

Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Танай сайтын хамт олонд ажлын амжилт хүсье. Баярлалаа