Д.Дэлгэрбат: Дүүрэгтээ тулгамдаж байгаа асуудлыг төгс шийдэхийг зорьж байна
БГД-ийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат
2014.09.26

Д.Дэлгэрбат: Дүүрэгтээ тулгамдаж байгаа асуудлыг төгс шийдэхийг зорьж байна

БГД-ийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат “ Нийслэл таймс” сонины 2014 оны 09 дүгээр сарын 11-ны Пүрэв гарагийн №159 дэх дугаарт өгсөн ярилцлага.

-2012 оноос хойш Баянгол дүүргийн ИТХ дотоод зохион байгуулалтдаа ямар өөрчлөлт хийв. Энэ талаар яриагаа эхэлье?

   -Өнгөрсөн сонгуулиас хойш дүүргийн ИТХ бүтэц зохион байгуулалтаа өөрчилж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Өмнө нь жилд 1-2 удаа хуралддаг байсан бөгөөд төсвийн асуудал гэх мэтийг л ярилцдаг байсан. Харин бид хурлын дэгд өөрчлөлт оруулан, ИТХ-ыг сард нэгээс доошгүй хуралдуулж байх нь зөв юм аа гэсэн шийдэлд хүрсэн.

Тиймээс өнгөрсөн онд дүүргийн ИТХ 15 удаа хуралдсан байгаа. Ер нь үйлчилж байгаа хууль, дүрэм, журмыг авч үзвэл дүүргийн ИТХ-д эрх олгосон, ямар нэг байдлаар шийдвэрлэж байх ёстой 80 гаруй асуудал байдаг. Тийм ч учраас эрхийн дагуу бид газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавих гэх мэт асуудлыг шийдвэрлэж байгаа.

Ингэснээр урт хугацааны туршид бий болсон зөрчил дутагдлыг арилгаж эхэлж байгаа юм. Түүнчлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон төрийн үйлчилгээг иргэдэд хурдан хүргэх гэх мэт ажлуудыг зохион байгуулан хэрэгжүүлж байна.

-Иргэд өөрсдийн сонгосон төлөөлөгчдөөр дамжуулан дуу хоолойгоо хүргэдэг. Танай дүүргийн иргэдэд тулгамдаж байгаа асуудал нь юу байна вэ?

        -Баянгол дүүрэг бол хотын төвийн дүүрэг. Газар нутгийн хувьд гурван дүүргээр хүрээлэгдсэн байрлалтай. Оршин суугчдын 70 орчим хувь нь орон сууцанд амьдардаг. Харьцангуй орон сууц ихтэй дүүрэг л дээ. Гэхдээ л нийслэлийн иргэдийн өмнө тулгамдаж байгаа бүхий л асуудал тодорхой хэмжээгээр дүүргийн иргэдэд тулгардаг.

Хог хаягдал, ариун цэвэр, дахин төлөвлөлт гэх мэт. Тийм ч учраас бид өөрт байгаа төсвийн хэмжээгээр шийдэхийн зорин ажиллаж байгаа. 2013 онд дүүрэг, нийслэл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 110 тэрбум орчим төгрөгийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн. Тухайлбал, Гудамж төслийн хүрээнд автозамын гол уулзваруудыг шинэчиллээ.

Баянгол дүүрэг бол хотын төвийн дүүрэг. Газар нутгийн хувьд гурван дүүргээр хүрээлэгдсэн байрлалтай

Мөн энэ дөрвөн жилийн хугацаанд дүүрэгт тулгамдаж байгаа томоохон асуудлыг барьж, түүнийгээ төгс шийдье гэж байгаа юм. Тухайлбал, 2016 он гэхэд дүүргийн гэрэлтүүлгийн асуудлыг төгс шийдэхийг зорьж байна. Өнгөрсөн онд хоёр тэрбум орчим төгрөгийн өртөг бүхий гэрэлтүүлгийн ажил хийсэн. Үүний үр дүнд дүүргийн зургаан гэр хорооллын гэрэлтүүлгийн асуудал шийдэгдсэн байгаа. Харин энэ онд 1,5 орчим тэрбум төгрөгийг гэрэлтүүлгийн ажилд зориулахаар төлөвлөсөн.

Ингэхдээ орон сууцны хороолол дундах гэрэлтүүлгийн асуудлыг шийдэхийг зорьж байна. Ер нь орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар иргэдийн амьдрах орчинг сайжруулах зорилгоор ажиллаж байгаа юм.

Түүнчлэн дээврийн засварыг далайцтайгаар хийлээ. Тодруулбал, 2013 онд 3,4 орчим тэрбум төгрөгөөр 70 гаруй байрны дээврийн засварыг хийсэн байгаа. Мөн энэ онд ч шаардлагатай засварын ажлыг хийлээ. Үүнээс гадна лифтний засварыг хийж байна. Ашиглалтын шаардлага хангахгүй, ажиллахгүй байгаа 140 орчим лифтийг 2013, 2014 онд шинэчиллээ.

-Энэ онд нэлээд олон томоохон бүтээн байгуулалтын ажлыг хүлээж авсан байгаа?

     -Тийм. Тухайлбал, Баянгол дүүргийн усан спорт сургалтын төв нээлтээ хийсэн. Энэ төв нь цагт 20-30 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Энэ төв ашиглалтад орсноор хүүхэд, багачууд бие бялдраа хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Мөн ирэх сарын 1-ний өдөр Эрүүл мэндийн нэгдлийн шинэ байрыг хүлээн авч, ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ байр нь арван давхар бөгөөд өдөрт 500-600 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Мөн 100 ортой долоон давхар эмнэлэг бий.

-Газрын байршлаас хамаараад Баянгол дүүргийг утаа ихтэй дүүрэгт тооцдог. Энэ чиглэлээр дүүргийн зүгээс ямар ажлыг хийж байна?

     -Утаа нийслэлийн өмнө тулгамдаж байгаа том асуудал. Үүний урт хугацааны шийдэл нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил юм. Тийм ч учраас нийслэлтэй энэ талаар холбогдон дүүргийнхээ дэд бүтцэд ойрхон гурван хороонд энэ ажлыг эхлүүллээ. Харин богино хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бүрэн шаталттай зуух, боловсруулсан түлш гэх мэт ажлыг хэрэгжүүлж байгаа юм.

Өнгөрсөн онд дүүргийн хойд талын зургаан гэр хороонд 14 мянган зуух тараасан. Тэгэхээр зуух хангалттай гэсэн үг. Одоо зуухыг галлах түлшний нийлүүлэлтийг сайжруулах чиглээр тодорхой ажлыг хийж байна. Тодруулбал, XX хороонд түлш нөөцлөх агуулахыг барьж ашиглалтад орууллаа. Дүүргийн зүгээс шалтгаалах ажлаа хийсэн учраас нийлүүлэлтийн асуудлыг нь шийдэх хэрэгтэй.

-Дүүргүүд жил бүр нэг зорилт тавин ажиллаж байна. Танай дүүрэг энэ онд ямар салбартаа анхааран ажиллаж байна вэ?

     -Баянгол дүүрэг 2013 оныг нийгмийн хариуцлагын жил болгон ажиллаж байсан. Харин энэ оныг ногоон байгууламж, тохижилтын жил болгосон. Төвийн дүүрэг учраас тохижилт, ногоон байгууламжаа сайжруулан ажиллах ёстой.

Тийм учраас энэ чиглэл рүү хөрөнгө оруулалтаа түлхүү хийн ажиллаж байгаа юм. Ингэхдээ төсөв болон хувийн хөрөнгө оруулалтыг ч энэ чиглэл рүү хандуулж байна. Тухайлбал, үйл ажиллагаа явуулж байгаа орчныхоо гэрэлтүүлэг гэх мэтийг хийгээч гэсэн шаардлагыг хүргүүлж байгаа.

-Баянгол дүүргийн зүгээс ногоон байгууламжийг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж байгаа гэж байсан. Ажлыг явц нь ямар байна вэ?

    -Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын нэг тэрбум төгрөгөөр цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажлыг хийхээр төлөвлөсөн. 23 хороо бүрт бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн. Үүнээс 12 цэцэрлэгт хүрээлэнг дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар, үлдсэнийг нь нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа.

Зураг төсөв нь гараад, тендер нь зарлагдчихсан. Гэхдээ он дамжин хийгдэнэ. Ногоон байгууламж, зүлэг, мод тарих ажил нь ирэх хавар хийгдэнэ гэсэн үг юм. Мөн дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс “Баянгол Агро” ОНӨҮГ-ыг байгуулан ажиллаж байна. Энэ агро парк нь дүүрэгт төдийгүй нийслэлд шаардлагатай бутлаг ургамал, цэцгийг нийлүүлэх зорилготойгоор байгуулагдаж байгаа юм. Ингэснээр мод, цэцгийг гаднаас авах шаардлагагүй болно. Гэхдээ гарааны томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Тиймээс ирэх жилийн төсөвт суулгахаар ажиллаж байна.

-Ирэх онд Баянгол дүүргийн ой тохионо. Ойн хүрээнд ямар ажил хийх талаар сонирхуулахгүй юу?

     -2015 онд дүүргийн 50 жилийн ой тохионо. Ирэх жилийн долдугаар сарын сүүлээр ойн баярын үндсэн арга хэмжээг хийхээр төлөвлөн, ажлын хэсэг ажиллаж байна. Энэ онд ойгоо угтан хэд хэдэн томоохон ажлыг хийнэ. Тухайлбал 2-3 цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байна. Ингэхдээ хуучин цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах гэх мэт ажлыг хийнэ.

2015 онд дүүргийн 50 жилийн ой тохионо

Мөн ойгоо угтан XV хороонд спорт цогцолборын ажлыг эхлүүллээ. Түүнчлэн IX хороонд Хүний хөгжлийн төвийг барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ төв нь мөн л усан бассейн, халуун ус, үсчин гэх мэт үйлчилгээтэй бөгөөд иргэдэд хөнгөлттэй нөхцлөөр үйлчилдэг байх юм. Үүнээс гадна сургууль, цэцэрлэг барих, нутгийн удирдлагын ордонгийн ажлыг дуусгах мэт олон ажил бий.

-Үйлчилгээний байгууллага олонтой учраас зөрчилтэй асуудал гараад байдаг. Энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч байна?

   -Баянгол дүүргийн өөрийн онцлог энэ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний байгууллагын 30 хувь манай дүүрэгт байдаг гэсэн судалгаа бий. Улмаар үүнийг дагаад гэмт хэрэг гэх мэт зөрчил гардаг. Нэгэнт дүүргийн онцлог учраас бизнесийн байгууллагын үйл ажиллагааг зогсооно гэхээс илүүтэй захиргааны арга хэмжээг сайжруулъя гэж байгаа юм.

Энэ хүрээнд хэдийгээр босоо удирдлагатай ч гэсэн шүүх, хуулийн байгууллагын материаллаг баазыг хангах үүднээс 200 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Мөн дүүргийнхээ цагдаагийн хэлтсүүдэд техник хэрэгслүүдийг хүлээлгэн өгсөн. Дээрээс нь дүүргийн онцгой байдын хэлтэс гэх мэт байгууллагуудад шаардлагатай туслалцааг үзүүлэн ажиллаж байгаа.

-Дүүрэг болон нийслэлд сонгогдсон төлөөлөгчдийг хэтэрхий их урамшуулал авч байна гэдэг. Энэ талаар төлөөлөгчийн байр сууринаас хариулахгүй юу?

     -Нийслэлд сонгогдсон нэг төлөөлөгч улиралд 20 сая төгрөг буюу жилд 80 сая төгрөгийг урамшуулалд авдаг гэсэн. Харин дүүргийн төлөөлөгчид улиралд таван сая төгрөг буюу жилд 20 сая төгрөг авдаг. Засаг захиргаа, нэгжийн тухай хуульд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөд урамшуулал олгож болно, хэмжээг нь нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид тогтооно гэсэн байдаг.

Харин Баянгол дүүргийн төлөөлөгчид энэ урамшууллыг авахыг татгалзсан. Агуулгын хувьд зохимжгүй учраас бид хэлэлцээд төлөөлөгчдийн оролцоог үндэслэн улиралд 250-600 мянган төгрөгийн урамшуулал л олгодог.

“Нийслэл таймс” сонин сэтгүүлч Г.Баярцэцэг 2014.09.11