С.Эрдэнэ: Төлөвлөсөн ажлын маань 60 хувь нь биелсэн
С.Эрдэнэ
2014.05.19

С.Эрдэнэ: Төлөвлөсөн ажлын маань 60 хувь нь биелсэн

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Баянгол дүүрэгтэй салшгүй холбоотой. 2013 оны шилдэг дүүргээр шалгарахад С.Эрдэнэ гишүүний оролцоо их. Тиймээс Баянгол дүүрэгт хийсэн бүтээн байгуулалт болоод цаашдын хэтийн төлөвийн талаар mүүнтэй ярилцлаа.

-2012 оны орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам үнэмлэхүй гэж хэлж болохоор ялалтыг  Баянгол дүүрэг буюу 25 тойрогт авсан. Үүний шалтгаан юунд байв?

-2012 оны орон нутгийн сонгуулиар Баянгол дүүргийн АН олонх болж, давуу эрхийг авсан. Дүүргийн намын гол зорилго бол шинэчлэх, өөрчлөх байлаа. Үүнийгээ сонгуулийн мөрийн хөтөлбөртөө товч бөгөөд тодорхой оруулж өгсөн. Бид уриа лоозон хэлбэртэй, тэгнэ, ингэнэ гэж зорилтоо тавиагүй. Баянголчуудаасаа асуусан, шинэчлэх үү... гэж. Сонгуулийн сурталчилгаагаа ч энэ чиглэлээр хийсэн. Хамгийн гол нь иргэд шинэчлэх шаардлагатай асуудлаа өөрсдөө гаргаж ирсэн. Капитализм байгуулна гэдэг шиг биш, зүгээр л ард түмний өдөр тутмын амьдралд тулгамдаж буй, болохгүй байгаа, өөрчлөх шаардлагатай асуудлуудыг гаргаж ирсэн. Тэгээд л баянголчууд маань “өөрчилье” гэдэг сонголтыг хийсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 41-ээс 30 суудлыг Ардчилсан намаас нэр дэвшигчдэд өгч, өндөр үүрэг хариуцлага хүлээлгэсэн явдал юм.

Хамгийн гол нь иргэд шинэчлэх шаардлагатай асуудлаа өөрсдөө гаргаж ирсэн. Капитализм байгуулна гэдэг шиг биш, зүгээр л ард түмний өдөр тутмын амьдралд тулгамдаж буй, болохгүй байгаа, өөрчлөх шаардлагатай асуудлуудыг гаргаж ирсэн.

-Захиргааны эрхийг авс­наасаа хойш нэлээд ажил хийж гүйцэтгэлээ. Товчхон дурдахгүй юу?

-Бид ажлын төлөвлөгөө, зорилго, зорилтоо бүх шатанд сонгогдсон УИХ, НИТХ, ДИТХ гээд бүгд хамтдаа сууж ирэх дөрвөн жилд хийх ажлаа тодорхойлсон. Ойрын, дунд болон урт хугацаанд хийх ажлаа хөтөлбөр болгоод иргэддээ хүргэлээ. Иргэд ч дэмжиж, урам зориг өгсөн дөө. Ингээд 2012 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр дүүргийн төр, захиргааны эрхийг шилжүүлэн авсан. Энэ өдөр Олон улсын хүний эрхийн өдөр, Монголд Ардчилсан хөдөлгөөн үүссэн, мөн Ардчилсан холбооны анхны цуглаан зохион байгуулсан өдөр гээд олон тэмдэглэлт ой тохиосон нь бэлгэ дэмбэрэлтэй санагддаг.

Дүүргийн төр, захиргааны эрхийг аваад үндсэндээ нэг жил таван сар өнгөрлөө. Энэ хугацаанд буюу өнгөрсөн 2013 онд дүүргийн хэмжээнд сүүлийн арван жилд хийгдэж байгаагүй хөрөнгө оруулалтыг хийлээ. Энэ нь дүүргийн болон нийслэлийн, цаашлаад улсын төсөв дээр бүтээлч, ажил хэрэгч хандаж чадсаны тод илрэл юм. 2013 онд Баянгол дүүрэгт 110 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Энэ бол нэг дүүргийн хувьд нэлээд өндөр тоо. Бид ч маш олон шинэчлэлийг эхлүүлж чадсан.

Товч дурдахад, гудамж талбайн өөрчлөлтүүд болон нийслэлд хийгдэх 34 уулзвараас 17 нь БГД-т хийгдэхээр зураг төсөлд тусгасан байсан. Энэ их ажлыг хийлгэх гэж УИХ, нийслэлийн түвшинд бид уйгагүй ажилласан. Одоогоор 17 уулзвараас наймыг нь өөрчлөн шинэчлээд байна. Мөн 2010 онд УИХ-ын гишүүний хувьд Баянгол дүүрэгт анх удаа Оросын найман инженерийг урьж, 500 гаруй лифтэнд үзлэг хийлгэж, оношлууллаа. Түүнээс 280 гаруйг нь нэн яаралтай солих шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан юм. Үүн дээр үндэслэн “Лифт 1” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар 230 орчим нь 2014 онд дөрвөн тэрбум төгрөгөөр 110 лифт солигдоод байна. Үлдсэн 50 орчим нь ирэх онд шинэчлэгдээд, 2016 он гэхэд төсөл бүрэн хэрэгжиж дуусах юм. Энэ нь иргэдийн маань эрүүл, аюулгүй орчинд амьдрах бас нэгэн баталгаа болж байгаад баяртай байгаа.

-Сонгуулийн үеэр иргэд хог болон орон сууцны дээврийн асуудлыг их хөндөж байсан санагдаж байна. Үүнд ямар ажлуудыг хийсэн бэ?

-Орон сууцны дээврийн асуудал дүүрэгт нэлээд хүндрэлтэй байсан. Тэдгээрийг солих, шинэчлэх гээд 3.9 тэрбум төгрөг төсөвт суусан. Түүний 90 хувь нь хийгдсэн байгаа. Одоо үлдсэн орон сууцнуудад хийгдэх засварыг энэ ондоо багтаахаар хийхээр төлөвлөөд байна. Үнэндээ энэ ажлууд урд нь огт хийгдэж байгаагүй. Улсын төсөвт ч сууж байгаагүй. Төсөв нь батлагдсан ч лобби маягаар ганц хоёр байрны дээвэр солигдох төдий. Түүнээс гадна сонгуулиас өмнө, хороодод намын нээлттэй өдөрлөг зохион байгуулаад явж байхад бараг хүн болгоны амнаас гардаг үг хог байлаа. “Хогноос салгаад өгөөч. Баянгол биш “Баянхог” дүүрэг боллоо. Бид хогонд дарлуулж байна” хэмээн гомдоллож байлаа. Хог ачилт хийгддэггүй, задгай цэгүүд олширсон, гудамж, үерийн далан хогоор дүүрлээ гэдэг хэл ам их гарсан.

Тиймээс бид шинэ менежмент хэрэгжүүлсэн. Хуучин хог ачдаг байсан газруудын гэрээг цуцалж “Баянгол шинэ өргөө” нэртэй компани байгуулаад төрийн өмчийн техникүүдийг нийлүүлэн, дээр нь хог ачдаг арав гаруй машин авсан. Ингээд бүтэн жил ноцолдсоны үндсэн дээр 200 гаруй хогийн цэгийг устгаж, үерийн далан, жалганы бүх хогийг ачсан. Нэг удаагийн ачилтаар 2500 машин хог гарч байсан гээд бод доо. Ийм их цэвэрлэгээг 3-4 удаа хийж, Баянгол дүүргийг хогноос салгаж чадсан юм. Бүх хогны машинд GPS тавин, хаана явж байна, хэдэн литр шатахуун хэрэглэж байна гэдгийг хянадаг болсон. Өмнө нь бол гараад л шатахуунаа зардаг, бүтэн өдрийн турш ганцхан цэгийн хогийг ачаад, явж явж орой ирдэг зэрэг зөрчил их байлаа. Одоо энэ бүх асуудал байхгүй болсон.

-Хийсэн ажлуудыг яриад байвал их хугацаа орох байх. Хийхээр төлөвлөсөн ажлууд бас нэлээд их байгаа байх?

-Бидний дараагийн төлөвлөсөн ажил бол ногоон байгууламж, орчны тохижилт, гэрэлтүүлэг. Найман гэр хорооллыг 100 хувь гэрэлтүүлэх ажлын зургаа нь үндсэндээ дуусаж байгаа. Орон сууцны хаалгыг автомат цоожтой болгох, камержуулах ажлуудыг хийж эхэлсэн. Мөн БГД-ийн Тамгын газрын ажиллах нөхцөл маш муу байсныг хэлэх нь зөв байх. Нэг өрөөнд 5-6 хүн суудаг, ажиллах нөхцөл, эрүүл ахуйн шаардлага зөрчигддөг гээд олон зүйлийг хэлж болно. Ийм болохоор Тамгын газрын өргөтгөлийг нэн яаралтай ашиглалтад оруулаад байна. Хоёрдугаар байрны ажил тун удахгүй эхэлнэ. Энэ мэт ажлуудаа хэвлэмэл хэлбэрээр тайлан болгож, айл бүрт хүргүүлснээр дүүргийн иргэд мэдээлэл сайтай байгаа, сайнаар ч хүлээн авч байгаа.

-Та Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд. Тэгэхээр дүүргийнхээ ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийг­мийн асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Ахмадуудаа зохион байгуулалттай амралт, сувилалд амраах, тэдний санал хүсэлтийг сонсох, түүний дагуу тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажил үр дүнгээ өгч эхэлсэн. Хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэд багачуудын нийгмийн асуудал хүнд байна. Тэдний ажиллаж, хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Өөр нэг чухал ажил бол Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  боловсруулан УИХ болон Засгийн газарт өргөн барихад бэлэн болсон. Гэр бүлийн салалт өнөөгийн нийгэмд газар авч, тулгамдсан асуудлын нэг болсон учраас гэр бүлийн бат бөх, үнэ цэнэтэй байдлыг хадгалахад  төрийн бодлогыг чиглүүлж,  хууль тогтоомжийг нийгмийн өөрчлөлтөд тулгуурлан шинэчлэн найруулсанд  уг хуулийн гол зорилго оршиж байгаа. 

Тиймээс ХАХНХЯ, Монгол Улсын Засгийн газраас монгол гэр бүлийн бат бөх, үнэ цэнийг хадгалах улмаар төр улсынхаа түвшин байдлыг бататгахын тулд  2014 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд  иргэд, олон нийтийг хамарсан шат дараатай олон ажил хийж байгаа. Жишээ нь,  2014  оны тавдугаар сарын 15-ны өдрийг “Гэр бүл”-ийн өдөр болгон улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөгөөт ажлуудаа эхэлсэн.

Миний хувьд нийгмийн хамгаалал, даатгалын чиглэлээр 17 хууль санаачилсан. Үүнээс есөн хууль нь батлагдаад амьдралд хэрэгжиж байна. Ажилласан жил нөхөн тооцох болон тэтгэврийн зөрүү арилгах зэрэг хууль хүнд хүрсэн, үр өгөөжтэй хууль болж чадсан гэж боддог. Харин одоогийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, өргөн бариад байна.

-Хамтын тэтгэв­рийн тухай хууль ямар шатанд явж байна вэ?

-Хамтын тэтгэврийн тухай хууль дэмжигдсэн. Ажлын хэсгийн дүгнэлт гарахаар Байнгын хороогоор хэлэлцээд чуулганд оруулна. Энэ хууль ахмадын нийгмийн хамгааллын салбарт том ач холбогдолтой хуулийн нэг юм. Би нийгмийн хамгаалал, даатгалын чиглэлээр 17 хууль санаачилсан. Үүнээс есөн хууль нь батлагдаад амьдралд хэрэгжиж байна. Ажилласан жил нөхөн тооцох болон тэтгэврийн зөрүү арилгах зэрэг хууль хүнд хүрсэн, үр өгөөжтэй хууль болж чадсан гэж боддог. Харин одоогийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, өргөн бариад байна.

-Та Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн. Намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хэдэн хувьтай байна вэ?

-Ард түмэн дүгнэх байх. Миний хувьд төлөвлөсөн ажлын маань 60 хувь нь биелсэн гэж хэлж болно.

-Төрийн албыг төрлийн алба болголоо гэсэн мэдээлэл гарах болсон. Үүнд ямар тайлбар хийх вэ?

-Дөрвөн жилийн дараа ард түмэн надаас амлалт нэхнэ. Энэ дүүргээс сонгогдсон гишүүний хувьд тойрогтоо гар нийлэх хүнтэйгээ хамтран ажиллах нь зүйн хэрэг. Төрлийн алба болгосон зүйл байхгүй ээ. Монгол жижигхэн гэж ярьдаг. Гэхдээ л зарим хэвлэлд энэ талаар бичихдээ хаа хамаагүй хүмүүсийг, байж болох бүхий л хэлбэрээр хамаатуулсан байна лээ. Ер нь хийсэн зүйлийн маань үр дүнг иргэд харах байлгүй дээ.