Д.Нарангэрэл : Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтууд тасралтгүй зохион байгуулагдаж байна
Гэмт хэргийн гаралтаараа нийслэлийн дүүргүүдийн хэмжээнд дээгүүрт ордог Баянгол дүүргийн хувьд өнгөрсөн оны мөн үеийнхийнхтэй харицуулахад гэмт хэргийн гаралтын тоо ихссэн ч илрүүлэлтийн тоо буурсан үзүүлэлт гарчээ. Энэ нь дүүргийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хийж хэрэгжүүлсэн ажилтай салшгүй холбоотой гэж мэргэжлийнхэн дүгнэж байна. Энэ удаагийн ярилцлагын буланд дүүргийн иргэдийн хурлын ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн дарга Д.Нарангэрэл оролцож байна.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Баянгол дүүрэг бол нийслэлийн томоохон дүүргүүдийн нэг. Хүн амын нягтаршил, үзвэр үйлчилгээний газар болоод бар цэнгээний газар олноор байрласан байдаг. Энэ нь гэмт хэрэг гарах урьтал нөхцөл болдог байх. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулаас иргэдийг хамгаалахийн тулд юу хийж хэрэгжүүлж байна вэ?
Танай сэтгүүлийн хамт олонд болоод уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Баянгол дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг архи болон согтууруулах ундаагаар үйлчилдэг бар цэнгээний газруудтай хамтарч ажиллаж байна. Мөн өнгөрсөн онд дүүрэгт үйлчилгээ явуулж байгаа бүх байгууллагыг гадна болон дотор талдаа камержуулах шаардлага тавьж ажилласан.
Нийт захирамжийн хүрээнд 686 камерийг одоогийн байдлаар суурилуулсан байгаа юм. Энэ нь эргээд гэмт хэрэг багасхад нөлөөлж байна. Мөн бид ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд сургалт сурталчилгаа мэдээллүүдийг Цагдаагийн нэг, хоёр дугаар хэлтэстэй хамтарч зохион байгуулж байна.
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар ямар сургалтуудыг зохион байгуулж байна?
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр сургалт, сурталчилгаа, уулзалт, зөвлөлгөөн зэрэг арга хэмжээнүүд тасралтгүй зохион байгуулагдаж байна. Тухайлбал:
“Хүүхэд, өсвөр үеийнхнийг хүчирхийлэл, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх нь, “Насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд аж ахуйн нэгж байгууллагын үүрэг оролцоо” сэдэвт уулзалт ярилцлага, гэх мэт нэгдсэн арга хэмжээнүүд зохион байгуулагдаж холбогдох чиглэлээр ажлын тодорхой удирдамж чиглэлүүд гаран хэрэгжиж байна.
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мансуурал донтолтоос өсвөр үеийг хамгаалах сургагч багш бэлтгэх сургалт амжилттай зохион байгуулагдсан. Энд хичнээн сургуулийн төлөөлөл хамрагдав. Сургалтын талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох залуусын тоо өсөх хандлагатай болоод байна. Монгол улс тавхан жилийн дотор л хар дамхины дамжин өнгөрөгч орон байснаа хэрэглэгч орны тоонд орох болсон. Энэ нь цөөхөн хүн амтай манай улсын хувьд аюулын харанга дэлдэж байна.
Ялангуяа өсвөр насны хүүхдүүд сонирхон хэрэглэж гэмт хэрэгтнүүдийн хувьд хямдхан олз болж байна. Иймээс Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ,Засаг даргын тамгын газар .Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлэг хамтран төрийн өмчийн 17 сургуулийн захирал нийгмийн ажилтан, эмч, багш нарт зориулсан “ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Мансуурал донтолтоос өсвөр үеийг хамгаалах, сургагч багш бэлтгэх гурван өдрийн сургалтыг санаачлан амжилттай хэрэгжүүлсэн.
-Иргэнийн оролцооний хэлтэс Баянгол дүүргийн 23 хороонд чиглэсэн ямар үйл ажиллагаануудыг авч байна?
Хороодын үйл ажиллагааг дэмжих тэднийг улам чадвахжуулах зорилгоор Иргэний оролцооны хэлтэс, иргэний танхимтай хамран сургалт байнга явуулдаг. Иргэдэд хүрч үйлчлэх ойр нэгж нь эхний ээлжинд хороо байдаг учраас хороодын засаг дарга, хороодын иргэдийн нийтийн хурлын дарга нарт сургалт мэдээллийг өгч ажиллаж байна.
Мөн хороодын иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагаануудыг иргэний танхимтай хамтран уламжлал болгон зохион байгуулж байна. Ингэснээр иргэд хорооныхоо байранд хүрэлцэн ирж мэргэжлийн өмгөөлөгч, хуульч нараас зөвлөгөө мэдээлэл авах боломж нээгдэж байгаа юм.