Дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагуудыг шалгалаа
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Иргэний оролцооны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
Дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагуудыг шалгалаа
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагуудын үйл ажиллагааг шалгах захирамжийг тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга гаргасан байна. Захирамжийн дагуу гурван ажлын хэсэг гарч хяналт шалгалт хийжээ. Энэ талаар Баянгол дүүргийн Иргэний оролцооны хэлтсийн дарга Д.Нарангэрэлтэй ярилцлаа.
-Дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагуудад хяналт шалгалт хийсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, зөвлөн туслах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилготой хамтарсан хяналт шалгалтыг зохион байгууллаа.
Уг шалгалтыг Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль болон Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээр тогтоолын хэрэгжилт, шашны байгууллагын ажиллах зөвшөөрөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт, Мэргэжлийн хяналтын зүгээс хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга байгууламж зөвшөөрөлтэй эсэх, Татварын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, шашны байгууллагын ажилтнуудын нийгмийн даатгалд даатгуулсан байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, харьяатын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилт болон шалгалтыг зохион байгуулагч эрх бүхий байгууллагууд хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгасан юм.
-Баянгол дүүргийн хэмжээнд хичнээн шашны байгууллага үйл ажиллагаа явуулдаг вэ? Эдгээр шашны байгууллагууд уг шалгалтад бүрэн хамрагдаж чадсан уу?
-Манай дүүрэгт нийт 59 шашны байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнийг шашны төрлөөр нь ангилвал будда 24, христ 23, ислам 1, бөөгийн үйл ажиллагаа явуулдаг 10 байгууллага байгаа юм.
Дүүргийн ИТХ-ын даргын Захирамжийн дагуу гурван Ажлын хэсгийг байгуулж үйл ажиллагаа явуулдаг дээрх бүх шашны байгууллагуудыг хяналт шалгалтад хамруулсан.
-Шалгалтаар ямар нэгэн зөрчил илэрсэн үү?
-Мэргэжлийн хяналт болон Татварын тухай хуулийн хэрэгжилт зарим нэг шашны байгууллагуудад хангалтгүй байсан. Тодруулбал, хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зориулалтын газар байхгүй, ариун цэврийн шаардлага хангалтгүй, мөн тухайн шашны байгууллагад ажилладаг ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч нийгмийн даатгалд даатгуулаагүй зэрэг зөрчлийг илрүүлсэн. Түүнчлэн хэд хэдэн шашны байгууллага үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан.
-Зөрчилтэй байгууллагуудад ямар арга хэмжээ авдаг вэ?
-Мэргэжлийн хяналт болон Татварын хэлтсээс зөрчилтэй байгууллагад газар дээр нь албан мэдэгдэл өгч ажилласан. Уг албан бичигт тодорхой хугацаанд зөрчлөө арилгахыг даалгасан байгаа юм. Харин дүүргийн ИТХ-ын ажлын бүрэлдэхүүн эрх зүйн хүрээнд ямар нэгэн зөрчил гаргахгүй хуулийн хүрээнд ажиллахыг зөвлөж ажилласан. Цаашид дүүргийн зүгээс хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд нь хяналт тавьж ажиллана.
-Шашны байгууллагуудаас дүүрэгтэйгээ хамтарч ажиллах талаар санал, хүсэлт тавьдаг уу?
-Мэдээж тухайн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа учраас ямар ч байгууллага дүүрэгтэйгээ уялдаа холбоотой ажиллах нь зүйн хэрэг. Харин дүүргийн зүгээс хяналт шалгалт хийж торгож, цагдахыг бус шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж, аль болох уялдаа холбоотой ажилладаг. Шашны байгууллагын гол зорилго нь хүний болоод нийгмийн сайн сайхны төлөө чиглэгдсэн байдаг шүү дээ. Тэгэхээр хүмүүнлэгийн, сайн дурын ажилд шашны байгууллагыг дэмжиж ажиллана.