Энэ онд гурван бичил цэцэрлэг байгуулна
2015.06.22

Энэ онд гурван бичил цэцэрлэг байгуулна

Баянгол дүүргийн зургаадугаар хорооны Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ш.Даваанямтай ярилцлаа

-ИТХ-ын төлөөлөгчийн хувьд хороондоо хийж хэрэгжүүлж  байгаа ажлынхаа талаар ярихгүй юу?

-Төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн цагаасаа хороондоо олон ажлыг хийж гүйцэтгэлээ. Өнгөрсөн онд орон нутгийн хөгжлийн сангаас 100 сая төгрөгийг шийдүүлж усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбай, мод зүлэгтэй бичил цэцэрлэгийг байгуулсан бөгөөд амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Бичил цэцэрлэгийг байгуулснаар хүүхдийн тав тухтай орчинд тоглох, хүмүүжих боломжыг бүрдүүлж өгсөн. Мөн гэр хорооллын гудамж талбайг камержуулах, гэрэлтүүлэх ажил хийгдэж аюулгүй орчинг бүрдүүлж чадлаа. Мөн хорооны төлөөлөгчийн үүднээс иргэдийнхээ нийгмийн асуудал дээр илүү анхаарлаа хандуулан ажиллаж байна.

-Таны харж байгаагаар танай хороонд тулгараад байгаа ямар асуудал байна вэ?

-Иргэдэд хамгийн шаардлагатай зүйл бол тохилог,  ая тухтай, аюулгүй  орчин. Анх төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн цагаасаа хойш хорооныхоо тохижилтын ажлыг бага сага гэлтгүй хийсээр байна. Манай хороонд хүүхдийн тоглоомын талбай,  иргэдийн амарч тухлах орчинг сайжруулах шаардлагатай байгаа. Мөн хүүхдийн цэцэрлэг, ажилгүйдэл, залуусын чөлөөт цагаа өнгөрөөх газар, гэр оронгүй иргэдийг нийгэмшүүлэх зэрэг олон асуудал байна. Манай дүүргийн хуучин барилга байгууламжийг дахин төлөвлөх, шинэчлэн засварлах, нураах шаардлагатай гэж үзээд засварлах ажлаа хийж гүйцэтгэсэн.

-Иргэдээс ихэвчлэн ямар санал, хүсэлт ирж байна вэ? Тухайн иргэний асуудлуудыг шийдвэрлэж чадаж байна уу?

-Иргэдээс хүүхдийн цэцэрлэг байгуулж өгөх, ажилд зуучлах, орон гэртэй болгох зэрэг санал гомдлууд ихээр ирдэг. Бид одоогийн байдлаар гэр оронгүй гурван иргэнийг гэртэй болгож хүүхдүүдийг нь цэцэрлэг, сургуульд хамруулсан. Мөн  өрх толгойлсон эхчүүдийг ажилд зуучилж, мэргэжилтэй болгох талаас нь дэмжин ажиллаж байгаа.

Өнгөрсөн онд хоёр гүүрийг зассан, мөн 20 шахам жил эзэнгүй байсан 24 метр  дөрвөн цамхагийг буулгасан.

-Энэ онд Баянгол дүүргийн 50 ажилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд ямар ажил зохион байгуулж байна вэ?

 -Төлөвлөсөн олон ажил байгаа, дүүргийнхээ иргэдийн итгэлийг  алдахгүйн тулд хийж бүтээх зүйл их байна. Нэн түрүүнд дүүргээ ногоон байгууламжтай болгож ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн цаашдын төлөвлөгөөндөө гурван бичил цэцэрлэгийг байгуулах тухай тусган ажлаа эхлүүлээд байна.