Байрны урьдчилгаа 30 хувийн 10 хувийг нь л төлөхөд болно гэв
Улаанбаатар хотын төлбөрийн чадавхад нийцсэн орон сууцны стратеги”-ийн хэлэлцүүлэг болов.
2015.01.13

Байрны урьдчилгаа 30 хувийн 10 хувийг нь л төлөхөд болно гэв

Хотын дарга Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын төлбөрийн чадавхад нийцсэн орон сууцны стратеги”-ийн хэлэлцүүлгийн үеэр “Уг нь гэр хорооллынхныг маш хурдан орон сууцжуулах эсвэл шинэ орон сууцтай болгох боломжтой.

Гэтэл манайд гажиг тогтолцоо байна. Хөрөнгө оруулагчид хотоос газар эзэмшлээр авдаг. Дараа нь хотын Ерөнхий төлөвлөгөөний газраас барилгын зөвшөөрөл авсны  үндсэн дээр эзэмшлийн газар дээр барилгаа барьдаг. Эдгээр төсөлд нь банк зээл олгодог атлаа газар өмчлөгчдөд зээл олгохгүй байгаа. Барилгын компаниуд эзэмшлийн газар л барьцаалж байна.  Газрын тухай хуульд өөрчлөлт оруулж энэ гажгийг засах боломжтой” гэсэн юм. 

Учир нь өөрийн өмчийн газартай гэр хорооллын иргэдийг арилжааны банкнууд амьгүй албат мэт үздэг байна.

Иймд хувийн өмчтэй иргэдийн газрыг барьцаалан зээл олгох явцыг зохицуулсан хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар зэхэж байгаа аж.

Мөн хотын удирдлага Үүргийн бүсчлэлийн тухай хууль гаргахаар ажиллаж байгаа аж.  Ингэснээр Баянхошууны иргэд Хангарьд ордонд ирж, зургийн даалгавар авах биш, тухайн дүүргийн удирдлага дүүргийнхээ хот төлөвлөлтийг шийдэх боломжтой гэнэ.

Харин МИК-ийн гүйцэтгэх захирал Д.Гантөгс “Үл хөдлөх хөрөнгийн тухай хууль, Үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулж, газрыг зах зээлийн бодит үнээр нь үнэлдэг системийг нэвтрүүлэх шаардлагатай. Энэ нь зорилтот бүлэг буюу гэр хорооллын иргэдийг орон сууцжуулахад их дөхөм болно.

Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрт гэр хорооллын иргэд яагаад оролцоогүй вэ гэхээр анхнаасаа журамдаа үнэт цаас гаргах зорилгоор хэрэгжүүлж буй хөтөлбөр гэж тусгасан. Барилгын салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор энэ үнэт цаасыг гаргасан. Гэр хорооллоос орон сууцанд шилжин ирэгсдэд хөнгөлөлт үзүүлнэ гэсэн заалт байхгүй.

Нэгэнт л тэр  иргэдэд газрыг нь өмчилж өгсөн бол ирээдүйд дэд бүтэц тавих бол та газраа чөлөөлж өгнө гэх мэтээр тодорхой үүрэг хүлээлгэх учиртай. Энэ бол нийтийн эрх ашиг” гэсэн юм.  

Нийслэлийн удирдлагаас арилжааны банкнуудын одоогийн шаардлагыг ханган, ипотекийн зээл авч чадахгүй иргэдэд зориулан шинэ журам гаргахаар ажиллаж байна. Тэд эхний тохиролцоогоо Монголын банкны холбоотой хийжээ.

Энэ дагуу хэрэв та дахин төлөвлөлтөд хамрагдан, шинэ орон сууцанд орох бол урьдчилгаа 30 хувийн 10 хувийг нь л өөрөө төлнө. Үлдсэн 20 хувийг Нийслэлийн орон сууцны санд төвлөрүүлсэн хөрөнгөнөөс даах аж. Энэ нөхцөлд дахин төлөвлөлтийн ажил гүйцэтгэх барилгын компанид банкнаас очих мөнгө хэд дахин нэмэгдэх тооцоог хийжээ.  

Мөн энэ систем хувийн хэвшлээ дэмжсэн, жинхэнэ зах зээлдээ хүрсэн үр дүнд хүрэх юм байна. Урьдчилгаа 30 хувиа төлөх санхүүгийн чадвартай хэсэг нь хэдийнэ өөрсдөө арилжааны банкнуудаас зээл авсан гэж хотын удирдлага үзэж байна. Энэ ажлыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан эхлүүлэх аж.

Гэхдээ Монголын банкны холбооноос хот 99 хувийн хөрөнгө гаргасан байлаа ч менежментийн хувьд 49 хувиас хэтрэхгүй гэдгийг онцолж байв. Банкуудын холбоо хөрөнгө босгох үүрэг л хүлээж байгаа юм байна.