Барилга хот байгуулалтын сайд Төв аймагт ажиллажээ
Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 1000 айлын орон сууц хөтөлбөр
2014.08.20

Барилга хот байгуулалтын сайд Төв аймагт ажиллажээ

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Төв аймагт ажиллаж, Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 1000 айлын орон сууц хөтөлбөрийн явц, тус аймаг дахь инженерийн шугам сүлжээ зэрэг төсвийн хөрөнгөөр хийж байгаа ажлуудтай танилцжээ.

Түүнчлэн "Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрт хамрагдсан Лүн суманд өрнөж буй ажил, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр Бүрэн сум, Зуунмод хотын Зүүндэлгэр багт хэрэгжиж байгаа цэвэр бохир усны шугамын ажлын талаар мэдээлэл авсан байна.

Төвийн бүсийн тулгуур төв, Төв аймгийн Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг "Хот төлөвлөлтийн хүрээлэн" ХХК, Герман Улсын "RSАА" компанитай хамтран боловсруулжээ.

Төв аймгийн хөгжлийн гарц хамтын ажиллагааг Шинэ Зуунмод хот, Шинэ нисэх буудлын төсөл, Эх газрын боомт, эдийн засгийн нээлттэй бүс, Майдар эко сити, Улаанбаатарын дагуул хот гэдэг байдлаар тодорхойлж байгаа аж.

Төв аймагт 1000 айлын орон сууц хөтөлбөр эхэлж, барилга, угсралтын "Бүти" компани 980 айлын орон сууцны хороолол барьж эхэлжээ.

Үйлчилгээ, нийгэм ахуйн барилга бүхий цогц хорооллын үнийг гүйцэтгэгч компани орон нутагтай тохирсны үндсэн дээр тогтоох бөгөөд үнийг нэг сая төгрөг дотор байлгах боломжтой талаар салбарын сайддаа танилцуулжээ.

”1000 айлын орон сууц" хөтөлбөр хэрэгжих газрыг чөлөөлж, жил гаруй хугацааны дотор эхний 100 айлын орон сууцыг барьсан байна. Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат шинэ хороолол болон инженерийн шугам сүлжээ, гэр хорооллын дахин төлөвлөлт хийх газруудаа үзүүлсэн байна. Тэрээр"Сумын төвийн шинэчлэл хөтөлбөрт хамрагдсан Лүн суманд хатуу хучилттай зам, явган хүний зам, гэрэлтүүлгийн хамт тавигдсан.

Сургууль, цэцэрлэг, сумын тамгын газар, соёлын төвийг нэг өнгө загварын фасадтай болгосон. Удахгүй гүйцэтгэгч компани цэвэр, бохир усны шугамын ажлыг хийнэ" гэжээ.

Улаанбаатар хоттой ойролцоо байршилтай ч төсвийн хөрөнгө оруулалт, бусад эх үүсвэрийн санхүүжилт орхигдож унтаа байдалд байсан аймагт ажил өрнөж байгаад Ц.Баярсайхан сайд орон нутгийн удирдлагуудад талархжээ.