Д.Доржготов: Хүн өөрийгөө байгалийн эзэн гэж боддог ч харамсалтай нь тийм биш
Хүн байгалийн өмнө бууж өгөх ёстой
ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн захирал Д.Доржготовтой газрын хөрсний нөөц ашиглалт болон эвдрэл, хүн байгалийн шүтэлцээний талаар ярилцлаа.
-Хүн байгалийн шүтэлцээ алдагдаж, хүн байгалиасаа хэтэрхий холдож байгаа учраас дэлхий нийтээр ногоон хөгжил, ногоон үзэл баримтлалыг ярих болсон. Манай улсын хувьд хүн байгалийн шүтэлцээ нүүдэлчин ахуйгаар дамжиж ирсэн. Гэтэл одоо мөн чанараа алдах болсныг олон хүн шүүмжилдэг?
Ер нь хүн төрөлхтөн, нийгмийн хөгжлийн түүх бол мөн чанартаа хүний байгаль ашиглалтын түүх. Монгол түмэн эх эдлхий, эх нутаг, эх орон гэж их ярьдаг.
Газар нутаг, эх орноо өөрийн эхтэйгээ зүйрлэдэг. 7 миллиард хүнийг тэжээж байгаа гол зүйл нь газар, газрын хөрс, үржил шим. Зөвхөн хүн ч биш, олон ан амьтад. Бүхий л амьд амьтдыг тэжээдэг эх сурвалж, саалийн үнээ нь газар, газрын хөрс, үржил шим. Хоёрдугаарт нь ус. Хүнээр зүйрлэвэл ус бол газрын хөрсний “цус” нь байдаг.
Ус гэхээр байгалийн ус, голын ус, нуурын ус, газрын гүний ус жинхэнэ байгалийн цэвэр ус. Саванд хийчихсэн дээд зэргийн цэвэр ус гээд байгаа зүйл нь найруулсан шингэн. Ус гэдэг агуулгад усанд шингэсэн бүх бодис, амьд ус, нарны энерги эрчим хүч, бичил биет амьтад, антибиотик, биотик нэгдлүүд байдаг.
Нөгөө нэг нь эрдэс минералын зүйл. Усан дотор ууссан байдалтай зүйлийг ургамал үндсээрээ авч хооллодог. Ус чийг нь байхгүй бол ямар ч хэрэггүй. Чийг байхгүй бол ургамал оршихгүй.
Өнөөдрийг хүртэл хүмүүс байгалиа танин мэдэж чадаагүй. Ган зуд, хуурайшилт, цөлжилт, гай гамшгийг хүн л хийдэг. Бид байгалиасаа хөндийрсөн.
Газрын хөрстэй, ургамалтай харьцахдаа өөрийгөө байгалийн эзэн гэж бодож ханддаг. Өөрийнхөө эрхшээлд байлгахыг хүсдэг. Энэ миний хэрэглэгдэхүүн гэж боддог. Байгалийн бүх зүйл хүнд зориулагдсан гэж бүх улс орон бүх хөгжлийн явцад бодсоор ирсэн. Гэтэл үгүй. Бид зөвхөн байгалийн бүтээгдэхүүн. Нэг ялаа, нэг шумуул, нэг цэцэг ялгаагүй.
Хүн ч ялгаагүй. Хүн өөрөө байгалийн эзэн хаан юм шиг дуртай газраа ухаж, дуртай усаа ашиглаж, ой модоо хяргаж болохгүй. Энэ өөрөө өөрийгөө устгаж байгаа хэрэг. Байгалийн бүх зүйл өөрийн зохицолтой, тэнцвэртэй. Хүн ШУ-ны хүчээр технологиор далайлгаж, байгалийн зүй зохисыг алдагдуулдаг.
Хэрвээ цаашдаа өнөөдрийнх шигээ байсаар байвал нэг юм уу хоёр үеийн дараа “хүн” гуай өөрөө байхгүй болно. Хүний нэг үе гэдэг 80 жил гэж бодоход 150-200 жилийн дараа хүн байхгүй болно. Энэ бол соёл иргэншлийн хямрал.
-Тэгэхээр эцсийн дүндээ хүн амын өсөлт, технологийн хөгжил нь хүн төрөлхтөнийг үгүй хийнэ гэсэн үг үү. Гэтэл хүмүүс бид өөрсдийгөө хамгийн сайн сайхан зүйл рүү тэмүүлж байгаа гэж бодож, хичээж зүтгэсээр байгаа шүү дээ?
Би модыг ургуулж, сансрыг эзэмшиж, тариаг ургуулна гээд цээжээ дэлдээд явж байгаад үгүй болно. Наад талын дохио сэм сэм өгөөд л байна. Оношлогдох боломжгүй олон өвчин гараад л байна.
Дэлхийн олонхи экологочид үүнийг хэлж байгаа. Өнөөдрийг хүртэл дуртай газраа хот бариад, зам бариад, ухаад, барилга бариад байвал сүйрнэ. Хэрвээ хүн төрөлхтөн олон жил зуун жил оршин тогтноё гэж хүсч байгаа бол байгальтайгаа зохицож амьдрах ганцхан арга зам үлдсэн.
Хүн өөрөө байгалийнхаа хуулийг мэддэг, зохицдог байхын тулд байгальдаа бууж өгөх ёстой. Хүн байгалийг ялж чадахгүй. Хүн байхгүй болсон ч байгаль оршсоор л байна.
“Цөл үү, диваажин уу” гэх номыг Австрийн эрдэмтэн бичсэн байдаг. Тэрээр хэлэхдээ дэлхий дээр муу газар, муу үржил шимтэй газар гэж байхгүй. Харин хүн өөрөө хамгийн муу гэсэн. Үнэхээр үнэн.
-Тэгэхээр хүн төрөлхтөн бид хэрхэх ёстой вэ?
Байгалиа танин мэдэж, байгалиа судалж байх хэрэгтэй. Хүн хар амиа бодож газраа хайрлалгүйгээр цагаан будаа, төмс ногоо, рапсыг завсаргүй тариад л байвал хөрсний үржил шим муудна. Тиймээс хааяа ч гэсэн амрааж, байгалийн өөрийнх нь бодисын солилцоог явуулах ёстой.
Гэхдээ л байгаль гэдэг өөрөө өөрийгөө эмчилдэг. Хүмүүсийн атарласан гээд хаячихдаг газар дараа жил нь очиход хөл газрын ургамал ургачихсан л байдаг.
Хөл газрын ургамлыг хогийн ургамал гэж нэрлэхийг би цээрлэдэг. Хогийн гэсэн мөртлөө царван, таван салаа, халгай бүгд л витамин, эм болдог шүү дээ. Харин бид өөрсдөө хог.
-Хот суурин газрын хөрсний наян хувь нь хүн малын хөл, машин техник, барилгаар талхлагдаж, гуу жалга үүссэн байдаг. Гэр хорооллын орчимд хөрсний бохирдол маш их байгаа нь ойлгомжтой. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?
Хорвоо дээр хэдэн хүн амьдарч байсан бэ. Биднээс өмнө 30-40 мянган жил амьдарч байсан нийт хүмүүс дээр өнөөгийн 7 миллиардыг нэмбэл 208 миллиард хүнийг энэ дэлхий тэжээж байсан, байгаа. Цаашид амьдарсаар байхын тулд байгальтайгаа харьцах харьцаагаа өөрчлөх ёстой.
Хүн болгон дор бүрнээ ойлгож өөрчлөлт гаргах хэрэгтэй. Шинжлэх ухааны ололт хүндээ сайхан нөлөөлж чадахгүй байна.
Дандаа л ашиг олз олохын төлөө гээд байгалиа хаяж байгаа нь харамсалтай. Манай монголчууд диваажин шиг амьдрах боломжтой. Гуравхан сая хүн амтай. 50 сая малтай. Асар том нутагтай. Газрын дээр доор баялагтай.
Гэтэл амьдарч чадахгүй байна. Амьдралаа зохион байгуулж, удирдаж чадахгүй байна. Байгаль бидэнд үнэхээр том зүйлийг өгсөн. Дэндүү зовлон үзээгүй болохоор залхуу байна. Энэ том байгалийн баялгаа эзэмшиж чадахгүй. Бусдын юм болгоод явуулаад байна.
Хоолтой хоолгүй байгаа нь бидний муугийнх. Менежмент буруу байна, төрийн бодлого, улс төрийн бодлого, эдийн засгийн бодлого буруу. Хүн амынх нь тал нь нэг талдаа бөөгнөрөн амьдарч байна.
-Байгалиа ашиглана гэдэг тийм санаан зоргоороо хийдэг зүйл биш. Соёл иргэншлийн хямралыг хойшлуулж болох вэ гэдгийг бодолцох ёстой болов уу?
Дэлхий ертөнц бий болоод 4-5 миллиард болж байхад хүн бий болоод дөнгөж 40-50 мянган жил. Гэтэл энүүхэн хооронд бид яаж амьдарч байна, хичнээн зовж зүдэрч байна.
Байгалиа танин мэдэж чадахгүй байна. Энэ муу чоно, үлийн цагаан оготно гээд л устачихдаг. Гэтэл тэд чинь байгаль тэнцвэржүүлэгчид шүү дээ.
Байгалийнхаа хуулийг ойлгож, бизнесийн ашиг сонирхлоор бүгдийг харж болохгүй. Яаж зөв амьдрахаа бодох хэрэгтэй. Ганц гүрвэлийг ч хайрлах ёстой.
-Хүн амын өсөлт нь дэлхийн нөөцийг цөлмөхөд хүрч байгаа учраас манай улсад ч гэсэн хүнсний дахин боловсруулалт, хүнсний хог хаягдлыг багасгая хэмээн уриалж байна.
Манай монголын бэлчээрийн мал аж ахуй бол байгальдаа зохицсон ашиглалт байсан. Угаасаа байгалиасаа монгол орны газрын хөрсний 74 хувь нь гандуу нутаг.
Тийм газрыг улам хайрлаж хамгаалах хэрэгтэй. Угаасаа нутгийн ихэнхи нь гандуу хууурай юм чинь буруу ашиглавал цөлжинө гэсэн үг. Өнөөдрийн суурьшмал амьдрал маань байгалийг хэтэрхий их сүйтгэхэд нөлөөлдөг. Том том хотуудын орчин дах байгаль үндсэндээ алдагддаг.
Дэлхийн хүн ам 1940 онд 2 миллиард байсан бол өнөөдөр 7 миллиард. Сүүлийн 100 жилийн дотор хүн ам долоо дахин өссөн. Энэ хооронд дэлхийн ДНБ 320 дахин өссөн. Хүн ам 7 дахин өсөхөд бүтээгдэхүүний хэмжээ 320 дахин, усны хэрэглээ 10 дахин, биологийн цэвцэр бүтээгдэхүүн 40 дахин өссөн. Хүн амын өсөлтийг дагасан техникийн хувьсгал бол дандаа байгалийн эсрэг байна шүү дээ.