Нам хэзээ ч хандив авч болохгүйг хатуу хуульчилья
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.01.06

Нам хэзээ ч хандив авч болохгүйг хатуу хуульчилья

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй сонгуулийн хуулийн шинэчлэлийн талаар ярилцсанаа тоймлон хүргэж байна.

1992 онд Үндсэн хууль батлагдсанаас хойш олон намын систем бий болж, олон ургалч үзэл гарсан.  

Гэхдээ үүний дараа эрх зүйн шинэчлэлийг хийхдээ Улс төрийн намын тухай хуулинд зүй зохистой байдлаар нь оруулж өгч чадаагүй. Ялангуяа санхүүжилтийн асуудлыг тусгаж чадаагүй.

Үүнээс болоод өнөөдөр улс төрийн намууд компаниудын мэдэлд, хэдхэн гэр бүлийн мэдэлд намууд орчихсон байна.

Ардчилсан нам хэдхэн компаниудын мэдэлд очсон бол Ардын нам бас ялгаагүй орчихсон. Өнөөгийн дүр зураг ийм л харагдаж байна.

Уг нь ард түмний ухамсар зохистой хэмжээнд хүрчихсэн, улс төрийн нам нь төлөвшчихсөн байсан бол байдал өөр байх байлаа. Гэтэл тийм биш учраас өнөөдрийн байдлаар намын санхүүжилтын асуудлыг төрөөс  тодорхой хэмжээнд шийдэхээс өөр аргагүй.

Өөрөөр хэлбэл нам ямар ч компаниас хандив авч болохгүй гэдгийг хатуу хуульчилж өгөх хэрэгтэй.  Хэрэв компаниас хандив авсан бол авлигын адил үзэж, тодорхой хэмжээгээр арга хэмжэээ авах ёстой.

Тухайлбал улс төрийн эрхийг нь хасах байдлаар хариуцлага тооцож чадвал бизнес улс төр хоёр сална. Ингэснээр улс төр цэвэр болж, намууд бодлогоор өрсөлдөх боломж гарч ирнэ.

Хэн ч өнөөдөр хэн нэгэнд зүгээр л мөнгө өгөхгүй. Заавал ашиг хардаг. Гэтэл тэдний ашгийг биелүүлэх зорилгоор тэдэнд таалагдсан, тэдний төлөө гэсэн олон нийтийн бус шийдвэрийг гаргаж байгаа нь байж болшгүй зүйл.  

Хоёр нам бол МCS болон МАК-ийн гарт орчихсон. Өнөөдөр Оюутолгой, Тавантолгой гээд стратегийн ордуудыг ард түмэн, улс эх орны эрх ашигт нийцүүлсэн байдлаар шийдэж чадахгүй байна.

Монгол улсад үндэсний хөрөнгөтөн гэж байхгүй учраас гадныхны хөл гарсан болсон хүмүүс л энд ажиллаж байна. Томоохон компани байхгүй учир гадны бодлого явагдаж байна. Тиймээс төрөөс улс төрийн намын санхүүжилтын асуудлыг шийдвэрлэх ёстой.

Энэ дундаа парламентад суудалтай намууд нь төсвөөс санхүүжигдэх ёстой. Харин суудалгүйнүүд нь суудалтай болохын тулд ажиллаж, бодлогоороо өрсөлдөж, олонхийн дэмжлэгийг авахыг эрмэлзэх ёстой.