Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хүндэтгэл үзүүлэв
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах Олон улсын өдрийг тохиолдуулан “Хариу нэхээгүй тус” аяныг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс сар гаруй хугацааны турш амжилттай зохион байгуулж, аяны хаалтын өдөрлөгийг зохион байгуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм.
Өдөрлөгт Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ч.Мэндсайхан, Засаг даргын зөвлөх Ш.Батхишиг, Засаг даргын орлогч Т.Баясах, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн дарга Ц.Гүрдагва болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Баянзүрх дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй 8000 орчим хүн амьдардаг бөгөөд аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Төрийн бус байгууллагын чуулга уулзалтыг зохион байгуулсан байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй, жижиг дунд үйлдвэрлэл, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг иргэдийн хийсэн зүйлсээр үзэсгэлэн худалдаа гаргаж, олон нийтэд сурталчилсан юм.
Баянзүрх дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй 8000 орчим хүн амьдардаг
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэргэнцэр олгож, 20 иргэний гэрт эд материалын болон сэтгэл санааны тусламжийг олгосон бол мөн 30 өрхөд хүнсний тусламж үзүүлсэн байна. Дүүргийн Оюутны холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн хандивын үйл ажиллагааг зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилтай, орлоготой байлгах үүднээс тэдэнд зориулсан гар урлал, бэлэг дурсгалын сургалтыг аяны хүрээнд зохион байгууллаа.
“Хариу нэхээгүй тус” аяны хүрээнд хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулан бизнес эрхлэх төлөвлөгөө боловсруулах сургалтад хамруулсан зэрэг нийт 34 ажил төлөвлөн хэрэгжүүлсэн байна.