Ц.Цэгмид: Үйлдвэрлэл эхлүүлэхэд тухайн бүтээгдэхүүний дизайн, хийц маш чухал
Монголын Урчуудын эвлэлийн дэд дарга Ц.Цэгмидтэй урлаг, гар урлалын салбарын менежментын талаар ярилцлаа.
- Урчуудын Эвлэл гишүүдийнхээ бүтээлийг хэрхэн олонд хүргэж борлуулдаг вэ?
Үзэсгэлэнгийнхээ зааланд ямар нэг үнэ төлбөргүй гишүүдийнхээ бүтээлийг сурталчилдаг. Хэн хэний бүтээлийг гаргах вэ гэдгээ жилийн өмнөөс төлөвлөж жагсаалт гаргадаг. Хэрэв тухайн зураачийн бүтээл зарагдвал 10 хувь нь үйлчилгээний хөлс, 10 хувь бүтээлийг сурталчилсаны хөлс, үлдсэн таван хувь нь НӨАТ-ын татвар болж үлддэг. Нийтдээ 25 хувь нь Урчуудын Эвлэлд үлддэг гэсэн үг.
Уран бүтээлч бие даагаад зургаа борлуулснаас тусгай менежментийн багаар сурталчлуулах нь илүү дөхөмтэй. Манайд үзэсгэлэн менежментийн хэлтэс гэж бий. Зураачид энэ хэлтэстэй тусгай гэрээ хийдэг. Голдуу телевиз, сониноор дамжуулж сурталчилгаа хийдэг. Маркетингийн мэргэжилтэн хэн ямар зураг сонирхдог, хэний зургийг ямар үед зарж болох тухай мэдээлэл цуглуулдаг.
Гэхдээ манай зах зээл жижигхэн, монголын зураачдын зургийг цуглуулдаг хүн цөөхөн. Байгаа хүмүүс нь амархан ханадаг. Ялангуяа эдийн засгийн хямралтай ийм үед бүр зураг авахаа больчихдог. Тэгэхээр бид урлагийн бүтээлийн эрэлттэй гадны зах зээлийг судалж байна. Европын орнуудад хямрал тасраагүй болохоор зураг худалдаж авах нь муудсан. Америк ч бас тийм сайнгүй байна. Тэгэхээр Ази тивийн орнууд руу зураг борлуулах нь илүү ашигтай болж байна.
- Гар урлалыг хэрхэн үр дүнтэй үйлдвэрлэлийн ур болгох вэ?
Төрөөс бизнесийн бойжуулах төвүүд байгуулаад байраар хангаж, зээл өгдөг. Энэ бол нэг алхам. Гэхдээ ялангуяа гар урлалын чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх гэж буй хүмүүсийн хувьд яг юуг, ямар загвартай, хэнд худалдах гэж буйгаа сайн бодох хэрэгтэй. Аливаа бүтээгдэхүүнд дизайн, хийц маш чухал байдаг учраас ямархуу эх загвараар бүтээгдэхүүнээ гаргах вэ гэдгээ мэргэжлийн байгууллагаас асуух хэрэгтэй. Яагаад гэвэл үйлдвэрлэгч болгон шилдэг дизайныг гаргаж чадахгүй. Тухайлбал Урчуудын Эвлэлтэй хамтраад тухайн бүтээгдэхүүний эх загварыг гаргаж болно. Энэ ажлыг бүр төрийн бодлогоор зохицуулж өгөх хэрэгтэй. Уг хоёр секторыг холбож өгөх шаардлагатай.
Ази тивийн орнууд руу зураг борлуулах нь илүү ашигтай болж байна.
Герман, Францын жишээн дээр ярихад тэнд үйлдвэрлэл явуулж байгаа аливаа байгууллагаас ашгийнхаа багахан хувийг урлагийг дэмжихэд зарцуулах ёстой гэсэн төрийн бодлого байдаг. Тухайлбал шинээр оффисын барилга барилаа гэхэд тодорхой тооны гар урлалын бүтээлээр оффисоо чимэх ёстой гэсэн үг. Ийм маягаар үйлдвэрлэл, урлаг хоёр нэг нэгнээ дэмжсэн тогтолцоо бүрддэг.
Гадаад оронд зарим банкууд алтнаас илүүтэй алдартай зураачийн бүтээлийг худалдаж аваад хадгалах сонирхолтой байдаг. Яагаад гэвэл тэр бүтээл нь хожим улам үнэд хүрдэг.
- Монголд гар урлалын зах зээлийг ямар зарчимд үндэслэж хөгжүүлвэл дээр вэ?
Манай зах зээл жижигхэн учраас массад чиглэсэн, олноор үйлдвэрлэдэг гар урлалын чиглэлийг хөгжүүлэх нь ашиггүй. Худалдаж авах хүн олдохгүй. Харин хэт үйлдвэржүүлэхгүйгээр тухайн бүтээгдэхүүн урлагийн оригинал бүтээл гэдэг талаас нь дэмжвэл амжилтанд хүрэх боломжтой. Монгол хүмүүс өвөрмөц соёлтой, зохион бүтээх чадвар өндөр, гар урлалын баялаг уламжлалтай учраас энэ зам яг тохирно. Монголчууд байгалиасаа дохио мэдээлэл авах, ойлгох тал дээр туршлагатай ард түмэн. Гэхдээ гар үйлдвэрлэл явуулж болохгүй гэж байгаа юм биш. Харин үйлдвэрлэл явуулахдаа нэг юмыг олон давталгүй өвөрмөц, оригинал байдалтай хийх хэрэгтэй. Түүнчлэн зөвхөн тухайн захиалагчид зориулсан бүтээл ч хийж болно.
- Өвөг дээдсээс өвлүүлсэн гар урлалын баялаг уламжлалыг хэрхэн зах зээлийн эргэлтэд оруулах вэ?
Би энэ тал дээр нэлээд судалгаа хийсэн. Эхлээд дотоодын худалдан авагчид маань хэд билээ гэдгийг бодох хэрэгтэй. Тэгэхээр амжилттай урлагийн менежмент хийсэн ч гэсэн ашигтай бизнес хийхэд хүндрэлтэй. Барууны оронд зуучлагч хүн тухайн бүтээлийн үнэ дээр багахан мөнгө нэмээд ашигтай ажиллаж чаддаг. Харин Монголд бол нэг дахин нугалж байж ашиг олдог. Тиймээс худалдан авагч зуучлагчгүйгээр шууд уран бүтээлчтэй харьцаж хямдруулж авах сонирхолтой байдаг. Тэгэхээр гадагшаа чиглэхээс өөр аргагүй.
Түүнээс гадна нийт хүн амын амьдралын түвшин урлаг, гар урлалын хөгжилд чухал ач холбогдолтой. Орон байр, хувцас хунар, хоол хүнс хангалттай болоод ирэхээр хүмүүс урлагийг сонирхож эхэлдэг.
- Манай зураачид, урлаачид бүтээлээ оюуны өмчөөр баталгаажуулах тал дээр хойрго юм шиг санагддаг?
Тэр үнэн. Нэг удаа миний зургийг гадаадын нэг эмэгтэй гуйж байгаад хямдхан авсан юм. Надаар худалдаж авсан гэрээнд гарын үсэг зуруулсан. Гэтэл дараа нь миний зургийг хувилаад зарж эхэлсэн. Тэгэхээр нь би зарсан зурагтайгаа ойролцоо зураг зурсан чинь тэр эмэгтэй үйлдвэрлэлийн гэрээ зөрчлөө гээд Патентын газар хандчихсан. Тэгэхээр аль ч уран бүтээлч өөрийн эх бүтээлийг заавал гэрчилгээжүүлэх хэрэгтэй.
Тухайлбал Өвөрхангайн Уянга сумынхан эхлээд “Уянгын” гэсэн тодотголтой гэрийн хийц маягийн онцлогийг тодорхойлж патентжуулах хэрэгтэй.
Дархчууд ч гэсэн үүнтэй адил өөр өөрийн хийцийг баталгаажуулах хэрэгтэй.