МЭНДЧИЛГЭЭ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2014.12.03

МЭНДЧИЛГЭЭ

Дэлхий дахинаа "Тогтвортой хөгжил - Технологийн оролцоо" уриан дор тэмдэглэж байгаа "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдөр"-ийн мэндийг дэвшүүлж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол улсад 2013 оны байдлаар 96325 буюу нийт хүн амын 3.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй байна гэсэн статистик тоо байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүнээ төрийн бодлогын гадна орхигдуулдаг нэг ч улс орон байхгүй. Манай улс ч мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллаж, амьдрах, орчин нөхцөлийг бүрдүүлэх, бусадтай адил нийгмийн харилцаанд орох боломжийг бодлогоор дэмжин ажиллаж байна. Тухайлбал,

Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын Конвенцийг хэрэгжүүлэх "Арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай" 281 дүгээр тогтоолыг батлан хэрэгжүүлж байна. "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай" хуулийн үзэл баримтлалын төслийг боловсруулан 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжсэнийг дуулгахад таатай байна. Монгол Улсын Засгийн газар Ази, Номхон далайн бүс нутгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн "Эрхийг бодит болгоё" Инчеоны стратегийг хүлээн авч, хэрэгжүүлэх ёслолын арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулж, ингэснээрээ бүс нутгийн түншлэл, хамтын ажиллагааг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодит боломжийг бий болгосон юм.

Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгааллын хүрээнд холбогдох хууль, тогтоомжуудыг амьдралд ойр, хэрэгжих боломжтой, үр дүнтэй болгож сайжруулах, тэдний өмнө хүлээх бүх шатны байгууллагын үүрэг, хариуцлагын тогтолцоог бий болгох, бүх түвшний бодлого, үйл ажиллагааг уг асуудалд чиглүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг шинэчлэлийн шинжтэй тодорхой бодлого, арга хэмжээнүүдийг шат даараатай авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 

Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх талаар төр, засгаас гаргасан бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, гүйцэтгэлд нь хяналт тавьж, ажлыг эрчимжүүлэх болно. 

Нийгэм, хамт олны дэмжлэгтэйгээр хэнээс ч дутахгүй ажиллаж, амьдарч, ирээдүйдээ итгэл төгс байхыг Та бүхэндээ хүсье.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ХҮН АМЫН ХӨГЖИЛ, 
НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЭРДЭНЭ