Ааваа би аав болно
Нэрт сурган хүмүүжүүлэгч Сухомленский бишээ жирийн нэгэн эцэг хүн “Хүн бүр математикч болохгүй харин ирээдүйд эцэг, эх болно” гэж хэлсэн байдаг.Үнэхээр үнэн үг.
Монголд бэлгийн боловсрол гэдэг нэр томъёо бусад улс орныг бодвол харьцангуй сүүлд орж ирсэн. Тиймдээ ч хуучин засгийн үед хүүхэд яаж бий болдгийг мэдэх хүн бага байсан биз. Харин ардчилсан нийгэмд дээрх зүйл харьцангуй нээлттэй болсон хэдий ч үнэн хэрэгтээ яг ч тийм биш юм.
Учир нь монгол эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ерөөсөө ярьдаггүй. Эцэг эх нь хүүхдээ өмсөж зүүх тал дээр нь хүний хүүхдээс доор оруулахгүй л гэж хайрладаг болохоос биш оюун санааны хувьд дархлааг нь тогтоогоогүй байдаг.
Жишээлбэл өсвөр насны хүүхэд эцэг эхтэйгээ кино үзэж байх үед эрэгтэй эмэгтэй хоёр хүн үнсэлцэх үзэгдэл гарлаа гэхэд хүүхэд зөнгөөрөө болохгүй зүйл харсан юм шиг нүүрээ дардаг. үүнийг харсан ямар эцэг, эх хүүхэддээ зөвөөр тайлбарлаж өгдөггүй. Гэтэл хүүхэд түүнийг дараа нь ганцаараа байхдаа үздэг. Түүгээр ч барахгүй хийж үзэхийг хүсдэг байна. Мэдээж энэ бол үнэн хүн бүрт л тохиолдож байдаг зүйл.
Факт-1 “2013 оны мэдээллээр ХӨСҮТ-д бэлгийн замын халдварын 14957 тохиолдол бүртгэгдсэнээс 44.5 хувь буюу 6665 нь 15-24 насныхан байна”
Туслагч
Хэн хамгийн сайн найз вэ.Америк 16 настай хүүхэд, монгол арван зургаатан хоёрын амьдралыг харах өнцөг, хэл яриа, биеэ даах чадвар зэрэг нь тэс өөр. Нэг үгээр хамаагүй илүү. Манайд бол 16 настай хүүхдийг “нусаа хацартаа наасан бацаан” гэдэг.
Харин тэнд бол нийгмийн хариуцлага хүлээх хүний хэмжээнд авч үздэг. Гэтэл “нусаа хацартаа наасан бацаан” чинь аль эрт өнгөрсөн. Ихэнх эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ хичээлээ сайн хий гэж загнаж, зандрах нь хүүхэддээ санаа тавьж байна гэж боддог.
Магадгүй халаасны хэдэн төгрөг өгч байгаа нь үүн дээр нэмэгдэх байх. Гэтэл хүүхэд шилжилтийн насан дээрээ алдах тохиолдол их байдаг. Ихэнх нь эсрэг хүйстний асуудлаас болдог. Түүнээс болж зан ааш нь эвдрэх, хичээлдээ муудах, амьдралын идэвх буурах, сэтгэл зүйн тогтворгүй зэрэг асуудал гардаг.
Харин энэ үед нь хамгийн дотны найз хэн байх ёстой гэвэл эцэг эх хүн. Гэхдээ тийм биш. Хамгийн түрүүнд л загнадаг, шүүдэг хүмүүсийн жагсаалтад эцэг эхчүүд тоологддог. Түүнээс болж тухайн хүүхэд эцэг эхээсээ оюун санааны хувьд холддог байна. Гарах үр дагавах олон тал дээр муу гардаг.
Факт-2 “2014 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын 177 тохиолдол бүртгэгдсэний дөрвөн хувь нь 15-19, 16 хувь нь 20-24, 24 хувь нь 25-29 насны залуучууд байна”
Шийдэл
Миний хувьд өсвөр насны бэлгийн боловсролыг эцэг эхтэй нь шууд холбох хэрэгтэй гэж бодож байна. Учир нь хүүхдийн хувьд амьдралынх хамгийн эмзэг үед их цагийг өнгөрүүлж, хамгийн ойр байдаг хүмүүс нь эцэг эхчүүд байдаг.
Тэр ч утгаараа хүүхдийнхээ шилжилтийн үед зөвлөгөө өгч, тулгарч байгаа асуудлыг ярилцах нь тухайн насны хүүхдэд хамгийн зөв шийдвэрийг гаргахад тусалдаг байна. Нэг үгээр хэлбэл өсвөр нас бол үүрийн шүүдэр мэт хамгийн эмзэг нас. Энэ үед нь хэрхэн тордоно түүнээс үр дүн хамаардаг байна. Ийм үедээ орчлон ертөнцийн талаар хамгийн зөв мэдээллийг түрүүлээд ойр дотны хүнээс авах хэрэгтэй.
Факт-3 “2010 онд ХӨСҮТ-аас хийсэн “Хүүхэд хөгжил” судалгаанд хамрагдсан 15-24 насны эрэгтэйчүүдийн гурван хувь, эмэгтэйчүүдийн нэг хүрэхгүй хувь нь 15 нас хүрэхээс өмнө бэлгийн хавьтал доржээ”
Тэгэхийн тулд үүнд эцэг эхийн оролцоо маш чухал гэдгийг сэтгэл зүйчид хэлж байна. Яагаад гэвэл өсвөр насандаа хүүхдүүд эцэг эхээсээ зайгаа барьж тухайн хоосон орон зайгаа найзын хүрээллээр дүүргэснээр мэдээллээ солилцдог байна. Гэхдээ юу ч үзээгүй хүүхдүүд хоорондын ярилцах зүйл нь зөвхөн сонирхол болон таамаг төдий зүйл байдаг учраас алддаг.
Хэрвээ үнэхээр л хүүхэдтэй хайртай эцэг, эх нь бол үүнийг хийх л хэрэгтэй. Өөрөө аав байж яагаад хүүхэддээ аав хүний тухай ярьж болохгүй гэж. Ээж хүн ч ялгаагүй. Хамгийн гол нь аав хүн ажил ихтэй гээд, ээж нь солонгос кино гэхээс илүү 30 минут ч гэсэн хүүхэдтэйгээ ярилцах цаг гаргаарай. Тэр л таны хувьд хүүхэддээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт болно гэдгийг баттай хэлж байна.
Факт-4 “Бэлгийн идэвхтэй амьдралтай 15-24 насны эрэгтэйчүүдийн 74 хувь, эмэгтэйчүүдийн 43 хувь нь тохиолдлын бэлгийн хавьтал дорсноо мэдээлсэн”
Төгсгөл
“Аавдаа авгай авахыг заахна уу гэж зандралгүй Миний хүү аав болно гэж хэлэх нь хамгийн зөв”