Ц.Балхаажав: Монголчууд таван Үндсэн хууль батлахад ардач шинж нь өөрчлөгдөөгүй
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улсыг тунхагласны 90 жилийн ойн өдөрт зориулж МАХН-аас онол практикийн бага хурал зохион байгуулав.
2014.11.26

Ц.Балхаажав: Монголчууд таван Үндсэн хууль батлахад ардач шинж нь өөрчлөгдөөгүй

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улсыг тунхагласны 90 жилийн ойн өдөрт зориулж МАХН-аас онол практикийн бага хурал зохион байгууллаа. Тус намын гишүүд, дэмжигч, судлаач, иргэд, олон нийтийн төлөөлөл, тэр дотроо МАХН-ын улстөрийн товчооны гишүүн, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Лантуу, Ц.Балхаажав нарын ахмадууд нь хүрэлцэн ирж, төр, засаг, нийгэм, ард түмэнд хандан үг хэлж, үзэл бодлоо хуваалцсан нь сонирхол татсан юм.

Нэг ёсондоо Монгол оронд Ардын хувьсгал ялж, улмаар Анхдугаар Үндсэн хуулийг батлан хаант засаглалаас Бүгд найрамдах засаглалын хэлбэрт шилжсэн түүхт өдөр, түүхэн ач холбогдлыг төр, засгийн зүгээс төдийгүй улс орны хэмжээнд онцгойлон авч үзэх учиртайг МАХН- ынхан энэхүү хурлаараа сануулав.

Энэ хурлыг зохион байгуулахын ач холбогдолын талаар намын дарга, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр гишүүдтэйгээ санал солилцож, ихээхэн анхаарал хандуулсаныг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба хэлж байлаа. Хурлыг намын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нээж, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, тус нам ын Гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Оюунбаатар “Үндсэн хуулиар баталгаажсан Бүгд найрамдах засаглал, МАXН,  УИХ-ын гишүүн, тус намын гүйцэтгэх товчооны гишүүн Ч.Улаан “Бодлоготой хөгжил, төлөвлөгөөт бүтээн байгуулалт, МАХН”, улстөр судлаач Ч.Энхээ “Дүр эсгэсэн ардчиллаас жинхэнэ ардчилал руу, МАХН”, УИХ- ын гишүүн, МАХН-ын дэд дарга Ц.Цолмон “Социалдемократ үзэл баримтлал, МАХН” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Оролцогчид, санал хэлсэн олон хүн хурлын ач холбогдлыг цаг үеэ олсон, өнөөдөр улс оронд өрнөж буй үйл явдал, түүнчлэн хөгжил, дэвшлийн , эв нэгдлийн, төр засгийн тогтвортой байдлын төлөө Үндсэн хуулийн хэмжээний өөрчлөлт хэрэгтэй талаар асуудал дэвшүүллээ хэмээн тодотгож байна. Тухайлбал, МАХН- ын ахмад гишүүн, төр нийгмийн зүтгэлтэн Ц.Балхаажав “Манай улс Анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш өнөөдрийг хүртэл таван Үндсэн хууль баталсан.

Энэ доторх үндсэн ардач шинж нь өөрчлөгдөөгүй. Тиймээс өнөөдөр манайд улстөрийн нам арван хэд байна уу, хорин хэд ч байна уу, эсвэл хоёр гурав байна уу ялгаагүй энэ үзэл санааны төлөө бүгд тэмцэж байгаа. Улс орны хөгжлийн төлөө нэг л санаа бодлоор зорьж яваа. Сайн муу, зөв буруу аргаар хийх, хийхгүй нь тэдний ялгаанаас болдог байх. Г эхдээ нэг зүйлийг сайтар ойлгоосой. Өнөөдөр улстөр, нам, ард түмэн, эв нэгдэл гэдэг ойлголтуудыг ихээхэн салгаж байна.

Энэ Монгол Улс гэдэг нэг л гэр дотор байгаа нийгмийн тодорхой ойлголтууд. Гэтэл салгаж үзэж, хооронд нь сөргөлдүүлэх явдал их байна. Үүнийг төрд байгаа хүмүүс бодож үзээсэй.Төр бол иргэдийн төлөөллийн, ард түмний эрх ашгийн төлөөх газар. Нам ч ялгаагүй. Тэр дотроос гарсан төр гэдэг системийн нэг хэсэг. Гэтэл сүүлийн үед төр, иргэн хоёр салж, төр нам хоёр

зөрчилдөж байгаа. Үүнээс болж улс оронд нөлөөлж байгаа сайн муу зүйлүүд бий.1990 онд Монгол Улсад ардчилсан хувьсгал хийсэн гэдэг. Тэр үед баталсан Үндсэн хуулийг Ардчилсан Үндсэн хууль гэж нэрлэсэн. Энэ бүгд бид хэтрүүлж өрөөсгөл авч үзэж буй нэг хэлбэр. Үүнээс үүдэж 1990 онд баталсан хуулиар Анхдугаар Үндсэн хуулиа өөрчилсөн юм уу, өөрчилсөн бол юуг өөрчилсөн бэ. Ардчилсан хувьсгал гэж онцолж авч үзэж байгаа бол 1921 оны Ардын хувьсгал ашигтай хувьсгал болсон уу, алдагдалтай хувьсгал болсон уу гэдгийг эргэж харах, ярих ёстой” гэв.

Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Одоогоос 90 жилийн өмнө Монгол Улсын Анхдугаар Үндсэн хуулийг баталсан. Өнөөгийн нийгмийн нөхцөл байдал тэр хуулийг анхаарч судлах цаг үе дээр ирлээ. Өнөөдөр парламентын болоод системийн хямралд орсон, төр засгийн тогтолцоо ээдрээтэй, Засгийн газар нь олон дахин унасан нөхцөлд парламентат ёсны тогтолцоо маань улстөрийн намуудын сөргөлдөөний. талбар болж, ард иргэд зөвхөн сонгуулийн талаар санал өгдөг, олигарх бүлэглэлүүдийг төрд гаргадаг хэрэгсэл болсон.

Иймд бид 1924 оныхоо Анхдугаар Үндсэн хуулийг судлах ёстой. 1940, 1990 оны хуулийг ч эргэж харах учиртай. 1992 оны шинэ Үндсэн хуулийг боловсронгуй болгоё, өөрчилье. Парламентаа хоёр танхимтай болгоё. 76 хүний алдаа, оноог хянадаг тогтолцоо хэрэгтэй. Алдаагаа засах, хяналттай болох тогтолцоо бол хоёр шатны парламент юм. тэгвэл монгол төр цэгцтэй, журамтай болно” гэдгийг онцолж байлаа.

Улстөр судлаач, хуульч Ч.Энхээ “Бүгд найрамдах засаглалыг анх бий болгосон гэдгээр Анхдугаар үндсэн хуулийн өдрийг тэмдэглэж байх ёстой. Улс орнууд ийм байдаг. Яах гэж Үндсэн хуулийг анх гаргав, яагаад хаант засгийг өөрчлөв, цаашид яаж авч явах вэ, чанаржуулах, бэхжүүлэх, сайжруулахад юу анхаарах вэ гэдгийг байнга эргэж харж байх ёстой. Нийгэм хөгжлийнхөө хүрээнд бүтээлч байх ёстой. Өнөөдрийн манай ардчилсан тогтолцоонд бүтээлч байдал бүтээлч байдал дутагдаж байгаа”-г онцлов.

Хурлын төгсгөлд УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва хурлын ач холбогдол, үр дүнг “ Монголд Анхдугаар Үндсэн хууль баталж, БНМАУ байгуулагдсаны 90 жилийн ойн босгон дээр онол практикийн хурал хийлээ. 1924 онд манай улс 600 хүрэхтэй үгүйтэй хүнтэй, хөгжлийн хувьд хоцрогдсон, зөвхөн хойд хөрш маань хүлээн зөвшөөрсөн ийм улс байсан. Үндсэн хуулиа баталж дэлхий нийтэд зарласнаар Монгол Улсыг тусгаар улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн улсын тоо жилээс жилд нэмэгдсээр одоо бид 200 гаруй улс оронтой дипломат харилцаа тогтоосон улс болсон.

Тэгэхээр үндэсний эрх чөлөө, ардчиллыг баталсан энэ хууль үнэхээр ач холбогдолтой. Онол практикийн хуралд онолын талаарх сонирхолтой илтгэлүүд тавигдсан.

Практик амьдрал буюу түүхийг бүтээлцсэн ахмадууд оролцож үг хэллээ. Эрдэмтэн судлаач, гавьяат, хөдөлмөрийн баатрууд оролцлоо. Цаашид бид юунд анхаарах вэ гэдэгт үнэтэй зөвлөгөө өгсөн учраас хурал ихээхэн ач холбогдолтой боллоо” хэмээн дүгнэлээ.