С.Бямбацогт: Алдаагаа хүлээн зөвшөөрсөн
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар зургаан цаг орчим хуралдаж, Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшсэн сайд Ч.Сайханбилэг нарыг байлцуулан мэдээлэл сонсож, тодорхой асуудлуудад хариулт авсан боловч тодорхой шийдвэр гаргасангүй. Энэ талаар УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга С.Бямбацогтоос тодрууллаа.
-Бүлэг тодорхой шийдвэр гаргаагүй гэх. Дахин хуралдах юм уу эсвэл Удирдах зөвлөлтэйгээ зөвшилцөх шаардлага үүсэв үү?
Бүлэг бол шийдвэр гаргахгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд Ерөнхий сайдад нэр дэвшигчийг олон суудалтай нам нь бусад намтайгаа зөвшилцөж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ гэсэн заалт байдаг. Энэ дагуу намын эцсийн шийдвэрийг Удирдах зөвлөл гаргах ёстой.
Тийм учраас бүлгийн гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигч ямар бодлого барьж ажиллах юм бэ гэдэг талаар тодорхой мэдээлэл, хариултууд авах ёстой. Энэ хүрээнд бүлэг Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшсэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нарыг хуралдаандаа урьж оролцууллаа.
-Нэр дэвшигч болоод намын даргын зүгээс ямар санал тавьж байна вэ?
Бүлгийн гишүүдэд өгч байгаа хариултаас харж байхад олон асуудлыг ойлголцъё, зөвшилцье гэж хэллээ. Мөн бидний баримталж байсан байр суурь буруу байжээ гэдгээ ярьж байна.
МАН-ын хувьд 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш улстөрийн намуудтай зөвшилцье, ойлголцъё, ард түмнийхээ сайхан амьдралын төлөө зорилго нэгтэй ажиллах ёстой гэдэг асуудлыг тавьж ирсэн. Мөн 2013 онд МАН 27 дугаар их хурлаасаа Монгол Улсын Хөгжлийн зорилтын тухай нэртэй бодлогын хөтөлбөр боловсруулж, түүнийгээ дагалдуулж, тогтоол баталсан.
Тогтоол хоёр заалттай, Монгол Улсыг урт, дунд, богино хугацаанд харилцан уялдаатай хөгжүүлэх бодлогын баримт бичгийг УИХ-аар батлуулах. Үүнийгээ аль ч Засгйн газар нь хэрэгжүүлдэг байх.
Үүний төлөө МАН-ын бүлгийг УИХ-ын төвшинд ажиллахыг үүрэг болгосон. Хоёр дахь заалт нь, улс орноо тогтвортой, тодорхой бодлоготой болгож, улстөржихгүйгээр хөгжүүлэхийн тулд бусад улстөрийн намуудыг Үндэсний зөвшилцөлд уриалсан шийдвэр гаргасан байсан.
Өнөөдөр парламентад олон суудалтай нам маань “Үндэсний зөвшилцөлд хүрье, улс орны хөгжлийн төлөө хамтарч ажиллая, ингэхийн төлөө Сонгуулийн хууль, Улстөрийн намын тухай хууль, Үндсэн хууль зэрэг олон хуульд өөрчлөлт оруулъя” гэдгээ илэрхийлж байгаа нь яах аргагүй урьд өмнө нь алдсан байсан.
Алдаагаа цааш анхаарч засах ёстой юм байна гэдгээ ойлгож илэрхийлж байгаагийн илрэл ээ гэж үзэж байна. Гэхдээ ингэж хэлснээр МАН Ерөнхий сайдыг дэмжинэ, дэмжихгүй, цаашлаад Ерөнхий сайд МАН-ын оролцоотой, оролцоогүйгээр томилогдлоо гэхэд хамтарна, хамтрахгүй гэдэг асуудал ярихад эрт байна.
-УЗ хэзээ хуралдах юм?
Өнөөдөр /өчигдөр/ хуралдана.
-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсгээс бүх намуудад зөвшилцөх санал хүргүүлнэ гэж байсан. Санал ирсэн үү?
Д.Эрдэнэбат даргатай ажлын хэсгийн санал гэж байхгүй юм билээ. Ан-ын дарга энэ тухай бүлгийн хурал дээр ярьсан. Ерөнхий сайдыг зөвшилцөх асуудлыг хамгийн тэргүүнд МАН-д санал тавьсан, хоёрт ИЗНН-д санал тавьсан гэдгээ бичгээ харуулж байгаад ярьсан.
Тэгэхээр Ерөнхий сайдыг зөвшилцөх асуудлыг эхний ээлжинд МАН-д тавьжээ гэж ойлгосон. Харин хамтарсан Засгийн газрын асуудлыг УИх-аар Ерөнхий сайд томилогдсоны дараа Засгийн газар ямар бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр ажиллах юм, ямар бодлого хэрэгжүүлэх юм, түүнийгээ хэрэгжүүлэхдээ аль намтай хамтрах юм бэ гэдгээ дараад нь ярих ёстой асуудал.