Улс төрчдөөс өндөр ур чадвар шаардаж эхэллээ
МУИС-ын Хууль зүйн сургуулийн багш Д.Батболдтой ярилцлаа.
- Таны ойлгож буйгаар одоогийн Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг хэрхэн шинэчлэх шаардлагатай байгаа вэ? Бид энэ асуудлаар цуврал ярилцлага хийж байгаа юм.
Ахмад настны нийгмийн хамгааллын асуудлыг хуулиар зохицуулах нь зүйн хэрэг. Гэхдээ үүнээс өөр нэг асуудлыг хуулиар тодорхойлох шаардлагатай. Энэ нь ахмад настан буюу ахмад үеийнхний ниигэмд эзлэх байр, гүйцэтгэх үүрэг юм.
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль 2005 онд батлагдаж, 2008 онд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ хуулиар ахмад настанд засаг төрөөс үзүүлэх нийтлэг буюу түгээмэл үйлчилгээний төрөл, хэмжээг тодорхойлсон байдаг. Жишээлбэл, ахмад настанд үзүүлэх нийгмийн даатгал, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж бусад тусламж, хөнгөлөлт, үйлчилгээ гэх мэтийн төрөл, хэмжээг тодорхойлж, эдгээрийг нийгэм буюу ахмад настанд хүргэх үйл явцыг дангаараа болон нийгмийн даатгал, нийгмийн халамжийн хуультай хавсран журамласан байдаг. Өөрөөр хэлбэл тэтгэвэр өгнө, халамжилна, тусална гэх мэтчилэн захиргааны арга талаасаа хуулийн агуулга, үзэл баримтлал тодорхойлогдсон. Үүн дээр нэмж ахмад настан буюу ахмад үеийнхний нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг, тэдгээрийн ач холбогдлыг хуулиар тодорхойлон хамгаалах шаардлагатай байна.
Ахмад настны нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг, тэдгээрийн ач холбогдлыг хуулиар тодорхойлон хамгаалах шаардлагатай байна гэдгийг тодруулж өгнө үү.
Нийгмийн оршин хөгжих хүн амын хүчин чадал (performance) гэж байна. Нийгэм болон нийгмийн бүлгүүд, бусад жижиг хэсгүүд жишээлбэл төр, аймаг, сум, нийслэл, дүүрэг, компани зэрэг бусад олон төрлийн байгууллагууд, хамт олон, гэр бүл, хувь хүн нь тодорхой зорилго, зорилт, амжилтанд хүрэхийн тулд янз бүрийн нөхцөл байдал, бэрхшээл, эрсдэл, танил бус шинэ зүйлтэй тулгарч, цочирддог. Амь нас, эрүүл мэнд, тусгаар тогтнол, эрх, эрх чөлөө, шударга ёс зэрэг үнэт зүйлсүүдээрээ дэнчин тавьж, унах, босох нь ч бий. Ийм хүнд хэцүү зорилтын өмнө хамтын хүч хэрэгтэй. Ахмад нь ахмад шиг, дунд үе нь дунд үе шиг, залуу үе нь залуучууд шиг байж л өмнө байгаа зорилгод амжилттай, гарз хохирол багатай хүрнэ шүү дээ. Энэ хамтын хүч, асар их нөөцийг нийгмийн оршин хөгжих хүн ам зүйн хүчин чадал гээд байгаа юм л даа. Энэ нөөц боломжид ахмадууд өөрийн орон зайтай байдаг. Би энэ талаар л санал дэвшүүлээд байгаа юм.
Ахмадынхаа оролцоо, нөөц чадлыг үгүйсгэвэл бид өөрийнхөө нөөцөө орхилоо л гэсэн үг.
Ахмадынхаа оролцоо, нөөц чадлыг үгүйсгэвэл бид өөрийнхөө нөөцөө орхилоо л гэсэн үг. Хатуу ширүүн амьдрал, хүнд бэрх зовлонг хөрөнгө мөнгөөр биш хат суусан эрийн хэрсүү ухаанаар давдгийг бид мэднэ. Мөнгө байсан ч буруу зарвал элсэнд ус хийсэн хэрэг болно шүү дээ. Дан мөнгөөр юу ч шийдэхгүй. Иймд хамтын хүчээр хий багатай, бат суурьтай урагшлахад хүмүүний амьдралын олон үеийг давж, эрдэм ухаан ханасан, эрхэм хүмүүний тус маш чухал. Тэр байхгүй аваас бүтэлгүйтэл дагах нь зүй тогтол шүү дээ. Энэ хүчийг нийгэм ашиглаж байх ёс, журмыг хуулиар хамгаалъя гээд байгаа нь таны асуултын хариулт гэж ойлгож болно. Үүнийг бий болгохын тулд олон янзын арга хэрэглүүр байх ёстой болно. Тэр бүхний үндэс суурийг л ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулиар тогтоож, бусад хуулиар нарийвчлах учиртай. Ялангуяа хөдөлмөрийн хууль тогтоомж, төрийн албаны хууль тогтоомж, соёлын хууль тогтоомж гэх мэт. Энэ бол хуулийн үзэл баримтлалын түвшний асуудал юм л даа.
Одоогийн хуулиараа, таны ярьж байгаа зүйлийг тодорхойлохгүй явья гэвэл юунд хүргэж болох вэ?
Одоогийн үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд болон нийгмийн суурь зан суртахууны хүрээнд энэ асуудал бүрэн орхигдсон гэж үзэж болохгүй, тодорхой хэмжээнд байж л байгаа. Жишээлбэл, төрийн алба хаах насны дээд хязгаар буюу 65 нь тэтгэвэрт гарах насаас 5-10 хүртэл жилээр илүү байдаг. Энэ нь туршлагатай түшмэлийг урт хугацаанд ажиллуулна гэсэн үг. Энэ бүхнийгээ суурьтай нь, салаа мөчиртэй нь, бүрэн бүтнээр нь авч явсан шиг авч явахгүй бол ёс суртахууны доройтол, эвдрэл, нийгмийн бүлэг (ахмад ба хүүхэд, ахмад ба залуучууд, ахмад ба дунд үе гэх мэт) хоорондын зөрчил гэх мэтийн асуудлууд гарна. Энгийн яриагаар хэрүүл, стресс, бухимдал гарна. Тэгээд дээр дурдсан бүтэн боломж алслагдана. Ахмад настан гэдэг бол амьдрал, эрдэм мэдлэгийн зузаан туршлага бүхий үнэт капитал. Олон салбарын том том мэргэжилтнүүд гэртээ дэмий сууж байна. Энэ хүмүүс чинь нийгэмд хэрэгтэй байна ш дээ. Тэднийг “мартагдсан арал” гэж ёжлох нь оносон зүйрлэл.
Ахмадын хүчийг үр дүнтэй ашиглах эрх зүйн таатай нөхцлийг бүрдүүлсэн ямар орнууд байна вэ? Тэдгээр орнуудад ямар гол зарчмууд үйлчилдэг вэ?
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын төрийн удирдах албан тушаалд голдуу дунд болон ахмад үеийнхэн ажилладаг. АНУ-ын Конгресс, Японы парламентын бүрэлдэхүүнийг ихэвчлэн жишээ татдаг л даа. Энд ямар нэгэн учир байгаа шүү дээ. АНУ “Ахмад америкчуудын” хуулийг 1965 онд батлаж, Насжилтын захиргаа буюу агенлагийг байгуулсан, мөн 1967 онд “Хөдөлмөр эрхлэлтэд насаар ялгаварлах явдлын (хоригийн) тухай” хуулийг баталсан байдаг.
Ахмадын дөнгөж 5% хөдөлмөр эрхэлж байна.
Эдгээр хууль тогтоомжоор тогтоосон олон хөтөлбөр, арга хэрэгслүүд байх бөгөөд үүнд ахмадыг үл хэрэгсэх, гадуурхах, түрэмгийлэх, хүчирхийлэх, мөлжих явдал, ялгаварлан гадуурхахыг хатуу хориглодог. Жишээлбэл, машины худалдааны газарт худалдсан машиныг хүргэх жолоочийн ажил байна. Энэ ажлын байранд ажилтан сонгохдоо та нас ахимаг гэдэг үндэслэлээр татгалзах эрхгүй. 200 гаруй км-ийн зайд үйлчлүүлэгчийн шинэхэн машиныг аваар осолгүй хүргэж өгөхөд хашир, итгэлтэй жолооч хэрэгтэй. Энэ үүргийг ахмад жолооч сайн гүйцэтгэж чадна. Хүнийг ахмад гэж үл хэрэгсэх, ялгаварлах үзэл байж болшгүй асуудал. Нөгөө талаас ахмад хүн ажиллаж болохгүй ажлын байр ч гэж байна.
Өөрийн орны туршлага гэвэл юу хэлж болох бэ?
Ахмадын хүчийг ашигладаг ганцхан салбар бол мал аж ахуй. Монголын уламжлалт мал аж ахуйд өвгөчүүл энэ жил хаана нутаглавал мал тарга хүч авах, хаана өнтэй орохыг хэлээд өгдөг. Тэд хонь хариулна, мал тууна, аргал түүнэ, цагаа идээ борлуулна. Гэтэл нийгмийн албан ёсны харилцаан дээр аваад үзэхээр ахмадуудыг ялгаварлан гадуурхах, тэднээс залхсан хандлага гаргаад эхэлдэг. Энэ бол том алдаа. Уг асуудлыг янз бүрийн механизм, арга, хэлбэр, жижиг элементүүдээр хуульчилж өгөх л хэрэгтэй байна. Хүнийг сүргийн амьтан гэж онолд үздэг. Өөрөөр хэлбэл хүмүүс ахмад настай, туршлагатай, мэдлэгтэйгээ чиг зүгийг заагч гэдэг, дагаж итгэдэг. Энэ бол байгалийн том хууль.
Та судлаачийн байр сууринаас Монголын тэтгэврийн тогтолцоог хэрхэн шинэчлэх талаар санал бодлоо хэлээч?
Ахмадын холбоод, үйлдвэрчний эвлэл, яам, судлаачдын зүгээс тэтгэврийн тогтолцоог шинэчлэх асуудал яригдаад багагүй хугацаа өнгөрлөө. Миний хувьд энэ талаар төрөл бүрийн санаачлага гаргаж буй хүмүүсийг дэмждэг. Тэдний санаануудтай давхардуулахгүй ярихад тэтгэврийн асуудал эдийн засгийн болон эрх зүйн хоёр хам шинжтэй байдаг. Эдийн засгийн гэдэг нь хүн 60 нас хүртлээ ажиллаад 85 хүртлээ тэтгэвэр авлаа гэхэд төлсөн шимтгэлээсээ хэдэн хувийг авсан бэ гэх мэтийн тооцоолон бодох чиглэлийн асуудал юм. Харин тухайн хүн төлсөн шимтгэлийнхээ дөнгөж 5 хувийг нь аваад нас барчихвал тэр хүн 40 гаруй жил дэмий шимтгэл төлж, хохирсон болно. Үүнийг яах вэ гэх мэтийг эрх зүйн асуудал гэж ойлгоно. Уг хоёр хам шинжийг нарийн тооцож бодлого, хуулиа боловсруулах хэрэгтэй. Энэ хоёр хүрээнд тэтгэвэр, тэтгэмжийн төрөл тус бүр дээр олон зүйл ярьж байгаа. Тэр бүгдийг ажил хэрэг болгох нь их чухал байна. Сууж боловсруулах ажил чухал даа. Яам болон сайд тэргүүтнүүд маань үүрэгтэйгээр сайн амжуулчих биз дээ.
Ахмад настны эдлэх эрх
Гэхдээ энэ бүгдийг хийх санхүүгийн орчин бэрхшээлтэй байна. Хэдийгээр сайхан санаанууд гараад байгаа ч тоолдог хэд нь бага. Бид шилжилтийн үетэй тулгарсан учир нийгмийн энэхүү зөрүүг давж гарна гэдэг амаргүй ажил. Социалист нийгмийн үед хүмүүс ажиллахдаа боломжийн тэтгэвэр авна гэсэн “тохироо”-той байсан.
Шинэ нийгэм маань “эхлээд нийгмийн даатгал төл, дараа нь түүндээ тохирсон тэтгэвэр ав” гэсэн өөр зарчимтай. Шинэ нийгэм боссон болохоор хуучин нийгмийхнийгээ хохь чинь гэлтэй биш дээ. Нийгмийн даатгалаас төлөх гэхээр сангийн мөнгийг зүй бусаар зарах хориотой. Энд л удирдагч хүний ур ухаан, чадвар, эрдэм мэдлэг гарч ард олондоо тусаа хүргэх байх даа.
Ахмадууд маань өөрсдөө тэр болгон хуулийнхаа талаар мэддэггүй. Энэ нь аль ч нийгэмд байдаг үзэгдэл үү? Эсвэл манайд л ийм байгаад байна уу?
Хувь хүн албан ёсоор хууль мэдэж байх үүрэг хүлээдэггүй. Гэхдээ өөрт нь хуулиар олгосон эрх, боломжийг мэдэх байх нь өөрт нь хэрэгтэй. Түүнчлэн бэлээхэн хууль баталж өгчихөөд байхад, түүний биелэлтийг зохион байгуулахгүй, өөрөөр хэлбэл, зорилтот хүмүүст нь хүргэхгүй улс орны ажлыг уруудуулж байвал захиргааны байгууллагын буруу болно. Хуулинд ажлын технологи, менежментийн асуудлыг тэр бүр нарийвчлан заах нь бага. Тухайлбал, өнөөдөр ахмадын өдөрлөг хийнэ, нөгөөдөр Дорж гуайн амьдралын нөхцөлтэй танилцана ч гэдэг юм уу. Ажилтны болон удирдлагын санаачлага, хариуцлага хуулийн хэрэгжилтэд маш чухал шүү дээ. Дээрх хоёр үндэслэл дээр хувь хүн, төр хоёр босч өндийх ёстой байх.