С.Хадбаатар: Ахмадын талаар баримтлах төрийн бодлогыг өөрчлөх хэрэгтэй
Хан-Уул дүүргийн ИТХ, дүүргийн Ахмадын хорооны дарга С.Хадбаатар
2014.11.18

С.Хадбаатар: Ахмадын талаар баримтлах төрийн бодлогыг өөрчлөх хэрэгтэй

Хан-Уул дүүргийн ИТХ, дүүргийн Ахмадын хорооны дарга С.Хадбаатартай ахмадын эрх ашгийн талаар ярилцлаа.

-Дүүргийн ахмадуудын өнөөгийн байдал хэр байна вэ. Ахмадуудад тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Миний бие Хан-уул дүүргийн Ахмадын хорооны даргаар 2014 оны 3 дугаар сард сонгогдсон. Ахмадуудынхаа дунд орж ажиллаад “Ахмадуудын нийгмийн хамгааллын тухай хууль”, тогтоомжуудыг уншиж судлаж байхад ахмад настануудад байдаг нийгмийн асуудлыг нь шийдчихсэн гадаадын улс орнууд тухайлбал: Зүүн хойд Азийн орнуудаас Япон, Солонгос зэрэг улсуудын туршлагыг судалж явахад ийм дүгнэлтэнд хүрч байлаа.

Учир нь: Ахмадуудын маань амьдралынхаа турш хуримтлуулсан мэдлэг, чадвар, арвин их туршлага бол манай Улсад үнэт нийгмийн капитал юм. 

Улс орон маань эдийн засгийн, нийгмийн хямралтай энэ үед эдийн засгийн хэмнэлтийн бодлого баримтлахаас гадна нийгэмд бий болчихсон нөөц бололцоогоо, үнэт капиталаа ашиглах бодлогыг баримтлах хэрэгтэй.

-Хэрхэх ёстой гэсэн үг вэ?

Төрөөс ахмадын талаар баримтлах бодлого нь одоо халамжийн чиглэл рүү яваад байна. Гэтэл энэ ахмадууд тэр чигээрээ туршлага. Гэтэл туршлагыг нэг сургууль төгссөнөөр, хэдэн ном уншсанаар олж авдаггүй насан туршдаа ажиллаж, амьдарч байж олж авдаг гэдэг нь хэнд, ч ойлгомжтой. Тийм болохоор ахмадуудыг дотор нь 3 ангилах хэрэгтэй. Үүнд:

  1. Хөдөлмөрийн бүрэн чадвартай \дөнгөж тэтгэвэртээ гарсан, нас залуу, нийгэмд цаашид баялаг бүтээх чадвартай      
  1. Оюуны чадвартай олсон мэдлэг туршлагаа бусдад зааж, зөвлөх, сургах чадвартай\
  2. Нийгмийн халамж дэмжлэгэнд зайлшгүй байх шаардлагатай өндөр настангууд гэж ангилна.

Энэ 3 бүлэг ахмадуудад Төр ялгамжтай бодлого баримтлах шаардлага тулгарч байгаа юм.

- Тэдгээрт ямар бодлого хуваалах вэ?

Нэгдүгээр бүлэгт. Хөдөлмөрлөх, ажиллах, нийгэмдээ тэжээлгэж биш баялаг бүтээх боломжийг Төрөөс ажиллах хүчний бодлого болгож банк, татвар, зээлийн бодлоготойгоо уялдуулж өгөх.

Монгол улсын 2,9 сая хүн амын бараг тал хувь нь хүүхэд, 400 орчим мянган хүн нь тэтгэврийн насны ахмадууд гээд бодоход хөдөлмөрлөж, татвараа төлж, улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулдаг нь маш цөөхөн тооны хүн байдаг. Тэгэхээр Цэргийн тэтгэвэрээр эрт гарсан, мөн олон хүүхэд төрүүлж 50 настай тэтгэвэрт гарсан, хөдөлмөрлөж улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах.татвар төлж баялаг бүтээх бүрэн чадвартай ахмадуудыг хөдөлмөрийн нөөц хүч гэж үзэх хэрэгтэй байна.

Тэр бодлогоороо Хөдөлмөрийн яаманд харъяалуулж, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

-Ахмадууд өөр яг юуг хүсч байна вэ. Танай хороо хэрхэн ажилладаг вэ?

Би ахмадуудтайгаа уулзаж, ярилцаж, үнэтэй зөвөлгөөг нь сонсож, санал солилцох бүртээ манай ахмадуудад мэдлэг, чадвар, хөдөлмөрлөх хүсэл эрмэлзлэл, чин шудрага зан чанар бүрэн тогтсоныг мэдэрч, цаашид уран бүтээлч хүнийхээ хувьд дүүргийнхээ болон нийт ахмадуудын талаар хийх ажлын олон олон санаа төрж байдаг юм.

Оюуны чадвартай ахмадуудын хувьд салбар салбараар нь “Зөвлөхүүдийн баг” гаргаж Улс орны нийгэм, эдийн засгийн салбарт тэдний хуримтлуулсан мэдлэг чадвар, туршлагыг ашиглах шаардлагатай. Хөдөлмөрийн яамны чиг үүрэгт зөвхөн хөдөлмөрийн насны хүмүүсийг сургах, ажлаар хангахаас гадна хөдөлмөрийн чадвартай, зөвлөх үйлчилгээ үзүүлэх чадвартай ахмадуудыгаа дэмжих, залуучуудтай холбох гүүр болгох чиг үүргийг нэмж тусгах шаардлагатай гэж үзэж байна.

Би дүүргийнхээ хэмжээнд цаашид ахмадуудынхаа нийгмийн хүндтэй иргэн хэвээр байх, хамт олон найз нөхдийн дунд байж, ахимаг настанд ихэвчлэн тохиолддог сэтгэл гутрал, ганцаардлаас ангижруулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор ахмадын өдөр өнжүүлэх төвийг бий болгох, ахмадууддаа зориулсан “Ахмадын өргөө”-тэй болгож улмаар ахмадуудын дийлэнх олонхийг хамруулсан, тэдний эрүүл урт насжилттай холбоотой нилээд ажил, арга хэмжэээнүүдийг хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байна.

“Нас бол тоо” гэж ярьдаг. Тийм учраас цаасан дээр бичсэн тоо нэг өөр, харин амьдрал дээрхи хүний чадвар, чадавхи \оюуны болон хөдөлмөрийн \сэтгэл , идэвхи, зүтгэл, туршлага гэдэг бол шал өөр юм шүү.

Тиймээс гадаад орнуудын туршлагаас судлаад үзэхэд ахмадуудаа нийгмийн дунд идэвхитэй хэсэг болгон нас биед нь тохирсон төрөл бүрийн ажилд татан оролцуулсан тэдний туршлагыг үр дүнтэйгээр хэрэгжүүлж байгаа улс орнууд хөгжиж байна.

Манайх шиг буурай эдийн засагтай, хүн амын цөөн хувь нь улс орноо авч явдаг, нийгмийн халамж нь давамгайлсан улс ахмадын талаар баримтлах Төрийн бодлогоо эргэж харах шаардлагатай гэж үзэж байна.

Төр засгаас тэтгэвэр, тэтгэмжийг байнга өсгөн нэмэгдүүлэх боломжгүй учраас зөвхөн нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй шаадрлагатай ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг нэмж, харин оюуны болон хөдөлмөрлөх чадвартай ахмадууддаа нийгэмдээ ажил хөдөлмөр эрхлэх боломж нөхцлийг нь хангалттай сайн бүрдүүлж өгөх нь нийгэм эдийн засгийн бодлогын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн шаардлагатай асуудлуудын нэг болоод байна