Т.Дамдин: Цагдаагийн тэтгэвэр гэмт хэрэгтний тэтгэмжтэй яг адилхан байгаа нь шударга явдал уу
Нийслэлийн Цагдаагийн Ахмадын хорооны тэргүүн Т.Дамдин
2014.11.10

Т.Дамдин: Цагдаагийн тэтгэвэр гэмт хэрэгтний тэтгэмжтэй яг адилхан байгаа нь шударга явдал уу

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.

Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Ахмадуудад тулгамдаад буй асуудлыг хөндөн, хууль эрх зүйн орчныг нь хэрхэн тааламжтай болгоход юу хэрэгтэй байгааг хөндлөө. Энэ удаад Нийслэлийн Цагдаагийн Ахмадын хорооны тэргүүн Т.Дамдинтай ярилцлаа.

-Цагдаагийн салбарын ахмадуудад ямар онцлог асуудал тулгардаг вэ?

Манай Нийслэлийн цагдаагийн ахмадын хороо 20 ахмадын зөвлөлтэй. 1000 гаруй ахмад настантай. Үүн дотор хоёр генерал, хоёр гавьяат хуульч, 30 гаруй хурандаа, бусад нь ахлах, дунд офицер, цагдаа нар бий.

Цагдаагийн байгууллагын ахмадуудад хамгийн их тулгардаг, өргөдөл гаргадаг асуудал нь тэтгэврийн зөрүү л байдаг. Маш их зөрүүтэй. Аав хүү хоёр цагдаа хоорондоо 25 жилийн зайтай тэтгэвэрт гарлаа гэхэд аав нь 250 мянган төгрөгний тэтгэвэр авахад, хүү нь дараа нь 500 мянган төгрөгний тэтгэвэртэй болдог. Уг нь энэ зөрүүг Нийгмийн хамгааллын сайд Т.Ганди байхад зөрүүг нэлээн арилгасан. Гэтэл энэ явдал дахиад л гарч ирлээ.

-Ямар байдлаар илэрч байна вэ?

1996 оноос өмнө тэтгэвэрт гарсан, 2010 оны 7 сарын 5-наас хойш тэтгэвэрт гарсан хүмүүст ямар ч асуудал байхгүй. Гэтэл энэ хоёрын дунд тэтгэвэрт гарсан ахмадуудад асуудал үүссэн. Тэтгэвэр тогтоох аргачлал дээр итгэлцүүр дэндүү бага хувьтай. Жишээлбэл 1990 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийг бодохдоо мөнгөний ханш уналтаар 670 дахин үржүүлж тооцсон.

Гэтэл 1996 оноос хойшхийг 4 хувь, 3 хувь гээд бодчихоор тэтгэвэр зөрүүтэй гараад байдаг. Энэ хүмүүсийг нэлээдгүй бухимдуулдаг. Хэлтсийн дарга өндөр цалинтай 25 жил ажиллаад тэтгэвэрт гарахад хоёр жилийн дараа бага цалинтай жолооч нь тэтгэвэрт гарахаар дарга нь бага тэтгэвэр аваад, жолооч нь өндөр тэтгэвэр авч байгаа юм.

-Цагдаа нар бас цаг наргүй тушаалаар ажилладаг хүмүүс. Орон байрны асуудал хэр байдаг вэ?

Цэргийн зохион байгуулалттай байдаг болохоор хаана очиж ажилла гэнэ, тэнд тушаалаар ажилладаг. Өнөөдөр УБ-т хашаа байшинтай амьдарч байтал маргааш нь Говь-Алтайд таван жилээр томилчихдог.

Тэнд байж байтал Баянхонгорт томилоод ингээд нэг эвдэрхий цагаан ор чирсэн, хүүхдүүд нь сургууль соёл тааруухан, нүүдлийн маягтай амьдарч байгаад тэтгэвэрт гардаг. Гэтэл тэр хооронд нь өөрийн гэсэн газаргүй, байргүй болчихдог. Хүүгийндээ, охиныдоо амьдардаг. Тийм ахмадууд өнөөдөр орон сууцанд дэм үзүүлээч, гэр өгөөч гэж их хүсч өргөдлөө гаргадаг. Уг нь тэр хүн тэтгэвэрт гараад амар тайван, сэтгэл амар амьдрах ёстой.

Гэтэл амьдралд нь хүрэхгүй болохоор уур бухимдал, гомдол их гардаг. Үүнийг л зохицуулж, дэнсийг нь олж хүн ардаа тайван сайхан амьдруулах хэрэгтэй байна. Энэ бол дан ганц цагдаагийн ахмадын асуудал биш. Бүх нийтийн асуудал.

-Нэр төр эрхэм зэргээ хүндэтгүүлэх нь хэр байдаг вэ?

Мөрдөн байцаагч ахмадууд уулзаад ярьдаг. Цагдаа нарыг улс эх орныхоо төлөө ид ажиллаж байх үед нь гэмт хэрэг хийгээд шорон оронгоор явж байсан хүмүүс адилхан хөгшрөөд төрөөс тэтгэмж авдаг. Тэгээд бүр өөртэй нь адилхан хэмжээний тэтгэвэр авч байгаа нь хэр шударга вэ гэж ярьдаг. Бид юуны төлөө зүтгэсэн юм бэ.

Ажил хийгээгүй гэмт хэрэг хийж байсан этгээдтэй адилхан үнэлэгдэж байгааг юу гэж ойлгох вэ. Тэгэхээр цагдаа хүн тангараг өргөөд хүн ардын сайн сайхан төлөө зүтгээд ирсэн. Ялгавартай байх хэрэгтэй шүү дээ. Тэр хүн гэмт хэрэг хийж явсан болохоос биш нийгмийн даатгал төлж яваагүй.

-Тэтгэвэрт гарсны дараа ямар ажил хийдэг вэ. Цагдаагийн албан хаагчид 25 жил ажиллаад чөлөөндөө суудаг шүү дээ?

Сонгууль дөхөөд ирэхээр баахан хүмүүсийг тэтгэвэрт гаргачихдаг. Учир нь цаанаа нөгөө засаг ажлын байрыг төдөөр нэмэгдүүлсэн гэж тоо нөхөх гэж тэтгэвэрт гаргадаг. Үлдсэн зайнд нь шинээр төчнөөн хүн ажлын байртай болголоо гэж мэдээлдэг. Манай тэтгэврийн насны ахмадуудын тал нь 50 нас  хүрээгүй хүмүүс.

Тэднийг улсаас тэтгэврийн гэж хэлдэг ч Ахмад настны нийгмийн хамгааллын хуулиараа ахмадуудын тоонд оруулдаггүй.  Хуулинд ахмад настан гэж 55 нас хүрсэн эмэгтэй, 60 хүрсэн эрэгтэйг хэлнэ гэдэг болохоор зарим тэтгэвэрт гарагсад  маань нөгөө хөнгөлөлтүүдийг эдэлдэггүй. Автобусанд үнэгүй явахгүй, амралт сувилалд явахгүй.

Тэтгэвэрт гарсан цагдаа нар ихэвчлэн харуул хамгаалалтын ажлыг хийдэг. Монголоор дүүрэн хуульчид байдаг болохоор хууль эрх зүйн чиглэлээр ажиллах боломжгүй.  Цөөн тооны гайгүй мөрдөн байцаагчид өмгөөлөгч хийдэг. Тийм учраас цагдаагийн албанаас гарч байгаа улсуудыг мэргэшүүлэх сургалтад хамруулах хэрэгтэй.

-2007 онд батлагдсан Ахмад настны нийгмийн хамгааллын хуулиар зөвхөн халамж, хамгааллын талаас нь ахмадыг харсан хэмээн шүүмжилдэг. Гэтэл  олон улсад ахмадын баталгаатай эдэлдэг таван бүлэг эрх байна. Энэ байдал ахмадын дунд хэр байна вэ. Та энэ талаар мэдэх үү?

Хүний эрхийн түгээмэл тунхаглал дотор ч бий. Гэтэл тэр олон эрхээс манайхан ганцхан “Хүндэтгэл үзүүлэх” гэсэн зүйлийг л авсан. Гэхдээ бүр цагаан сар, ахмадын баяраар ахмадуудад хүндэтгэл үзүүлнэ гээд ойлгочихсон. Гэтэл дотор нь өчнөөн олон эрх байгаа. Тэр бүрийг хуульчлах л хэрэгтэй. Дутагдалтай зүйл бий. Ахмадын хуулийг шинэчлэх шаардлагатай. Хэрэгжихгүй заалтууд их.

-Цагдаагийн ахмадуудын эрүүл мэндийн байдал хэр байдаг вэ?

Замын цагдаа, хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар өвөл зунгүй халуун хүйтэнд гадаа ажилладаг учир нуруу бөөрний өвчлөл ихтэй байдаг. Уг нь Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэг гэж байхад цагдаа нарт тусдаа судалгаа хийдэг байсан. Одоо байхгүй болчихсон. Суугаа ажилтай мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгчид болохоор нурууны өвчтэй болдог. Цагдаа хүн гэдэг хамгийн хүнд хэцүү, хүний очихыг хүсэхгүй газар очдог.

Тэр бүрд мэдээж хэрэг хүний сэтгэл зүйд нөлөөлнө шүү дээ. Уулын оройд хүн боогоод үхчихлээ гэхэд мөрдөн байцаагч дамнуурга байхгүй учир өөрөө үүрээд л доошоо буухаас өөр аргагүй болдог. Согтуу зодолдсон этгээдийг баривчлаад чирээд явахад цагдаагийн хувцас цустай хутгалдах жишээтэй.  

-Бусад улс орны хувьд цагдаа, цэргийн албанаас тэтгэвэрт гарсан хүмүүсээ хэрхэн харж үздэг юм бол. Энэ талаар мэдээлэл судалж үзсэн үү?

Орос, Хятад хоёр онцгой их харж үздэг юм билээ. Ялангуяа Хятад. Цагдаагийн албанд авч байсан цалингийг нь шууд тэтгэврээр тогтоодог. Орос ч гэсэн энэ чиглэл рүү явж байна. Хятад улс байр хүртэл өгдөг.

-Та хэзээ тэтгэвэрт гарсан бэ. Тэтгэвэрт гарснаас хойш ямар ажил хийж байв?

1990 онд гарсан. Тухайн үед бидний сэтгэл зүй их гэнэн, цайлган байж. Тэтгэвэрт гарна гэдгийг гавьяаныхаа амралтад гарлаа хэмээн сайхан зүйл бодож байсан. Гэтэл  1990 онтой золгоод хэцүү байдалд орсон. Тухайн үед олон Монголчуудын адил наймаа хийж, хойшоо урагшаа явж, панз үсэргэж, гутал барааны саван зөөсөн.

Мөн хүмүүстэй нийлээд хар төмөр, хөнгөн цагаан гаргаж үзсэн. Бас бүтээгүй. Ингээд ломбард, үсчин ажиллуулж үзлээ. Гэхдээ би нэг л зүйлийг маш сайн ойлгосон. Энэ бүгд миний хийх ажил биш юм билээ. Бизнес хийнэ гэдэг байнгын сэтгэл зүйн дарамтан дор төрийн дээрэлхүү албан хаагчийн сүрдүүлгэн дор ажилладаг маш хэцүү ажил.  Би төрийн ажил хийж байхдаа төрийг өмөөрдөг байсан. Гэтэл бизнес эрхлээд ямар их хүнд сурталтай гэдгийг ойлгосон.

-Ярилцсанд баярлалаа.