Р.Оюунханд: Настнууд бол дахин сургах, туршлагажуулах шаардлагагүй үнэт капитал
Монголын Геронтологийн үндэсний төвийн захирал Р.Оюунхандтай ярилцлаа.
- Юун түрүүнд Геронтологийн үндэсний төв гэж ямар байгууллага болох, энэ салбарын үүсэл хөгжлийн талаар уншигчиддаа мэдээлэл өгөхгүй юу?
Засгийн газрын тогтоолоор 2005 онд Геронтологийн төвийг байгуулсан. Манай улс анх 1977 онд Гериатрийн кабинет буюу Ахмадын кабинетыг нээсэн. 1970-аад онд Монгол улс хүүхэд залуучуудын орон байсан ч ахмадуудаа орхигдуулалгүй авч явж байсан нь эндээс харагддаг. Уг кабинет маань 1992 оныг хүртэл Дамбадаржаагийн ахмадын эмнэлэг болтлоо өргөжсөн. 1992 онд ахмадын эмнэлгийг сэргээн засахын эмнэлгийг татан буулгаад болгоод Засгийн газрын шийдвэрээр Гэмтлийн эмнэлэгтэй нэгтгэн ахмадын эмнэлгийг татан буулгасан. Энэ шийдвэрийн дараа Ахмадын эрүүл мэндийн асуудал нилээн орхигдсон байдаг.
Яг тэр жилийн НҮБ-аас ахмад настны эрхийн асуудлаар баримтлах зарчмыг баталгаажуулан гишүүн орнууддаа дэвшүүлсэн. Дэлхий нийтээрээ ахмадын нийгмийн хамгааллын асуудлыг анхааралдаа авч эхэлсэн. Нэгдсэн Үндэсний Байгууллага Ерөнхий асамблейн 1982 хуралдаж насжилт, настны талаархи асуудлыг гол асуудал болгон хэлэлцэж гишүүн орнууддаа насжилт настны эрүүл мэнд аж байдлыг сайжруулахыг уриалсан байдаг. Манай улс 1996 оноос дахин эрүүл мэндийн байгууллагуудад ахмадын кабинетуудыг дахин байгуулж эхэлсэн. Дэлхий нийтэд 1999 оныг ахмадын жил болгон зарлахад Манай улсын эрүүл мэндийн салбарт цөөн хэдэн кабинетаас өөр юу ч байсангүй.
1998 онд Монголын засгийн газар “Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал” үндэсний хөтөлбөрийг боловсруулан баталж, энэ хөтөлбөрийн хүрээнд “Геронтологи, сэргээн засалтын төв”-ийг П.Н.Шастины нэрэмжит Клиникийн нэгдсэн гуравдугаар эмнэлгийг түшиглүүлэн хоёр эмч, нэг сувилагчтайгаар байгуулсан. “Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал” үндэсний хөтөлбөрийг 2004-2008 он хүртэл хугацааг сунган хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү хөтөлбөрт Монгол улсад Геронтологийн төвийг бие даалган байгуулах асуудлыг тусган 2005 онд Монгол Улсын Засгийн Газрын 209 тоот тогтоолоор Геронтологийн төвийг байгуулсан.
Геронтологи гэдэг нь Герег үг бөгөөд монгол хэл рүү үгчлэн орчуулвал “өвгөн хүн судлал” гэсэн утгатай. Тиймээс бид олон улсын жишгийг дагаж “Геронтологийн төв” гэж нэрлэсэн. Ахмадын эмнэлэг гэдэг нэрийг авах шаардлагатай гэх хүмүүс байдаг ч “төв” болон “эмнэлэг” гэдэг ойлголт маань хуулиар өөрөөр заасан байдаг. Монгол хэлэнд олон гадаад үг орж ирсэн байдагтай адил удахгүй хүн бүрийн мэддэг хэвшмэл нэр томъёо болох болно. Олон оронд Геронтологи гэдэг үгийг энэ чигт нь авч ашигладаг.
Сүүлийн 10 жилд Монгол Улсын нийт хүн амын тоо 16,1 хувиар өссөн байхад өндөр настны тоо 21,9 хувиар буюу илүү хурдацтай өссөн байна.
Манай төв Засгийн газрын шийдвэрээр Сүхбаатар дүүргийн 11-р хороонд одоо байрлаж буй өөрийн барилгад байгуулагдсан. 2007 онд манай байрны тодорхой хэсгийг хувьчилсан. Одоо байгууллага маань хувьд арван зургаанхан өрөөнд бүхэл бүтэн Үндэсний төвийг авч явж байна. Үндэсний төвийн хувьд 52 орон тоотой ч 38 ажилтан ажилладаг. Шаардлагатай орон тоог бүрдүүлэн ажиллахад цалин хүрэхгүй, зарим нэг настанд нэн шаардлагатай нүд, сонсгол, сэтгэцийн кабинетийг ажиллуулахад орон байрны хангамж нь стандартын шаардлага хангахгүй байна. Геронтологийн үндэсний төвийн маань шинэ өргөтгөлийн барилга 2011 онд баригдаж эхэлсэн боловч өнөөг хүртэл баригдаж дуусахгүй, хөрөнгө мөнгө, барилгын гүйцэтгэлтэй холбоотойгоор зогсоод 2 дах жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Ахмадуудад зориулсан төв баригдахгүй байгаа нь тэдэнд тавьж буй анхаарал ямар байгааг нэг талаас нь харуулж байна гэж боддог.
- Яагаад чухам Геронтологийн төв ахмадад хэрэгтэйг та хэлж өгөхгүй юу?
Зарим хүмүүс ахмадууд тэртэй тэргүй улсын эмнэлгүүдээр үйлчлүүлж байхад тусгайлсан төв хэрэггүй гэж ярьдаг. Би тэднээс ингэж асуумаар санагддаг: Хүүхдийн төв хэрэгтэй юу гэж ... Тухайлсан, төрөлжсөн мэргэжлийн үйлчилгээ гэдэг бол олон оронд зуу зуун жилээр хөгжчихсөн зүйл.
Нэр томъёоны хувьд ч бас бидэнд алдаатай зүйл бий. Бид “ахмадууд” гэж ярианы хэллэгт заншсан ч монгол нэр томъёоны дагуу “настан” гэж ярих нь зүйтэй. Ардын аман зохиол, дуунд “настан буурал” гэсэн үг олонтаа таардаг. Өвөрмонголчууд ч гэсэн ингэж ярьдаг. Учир нь “ахмад хүмүүс” гэсэн үг “настан” гэдгээсээ явцуу утгатай бөгөөд настны нэг хэсэг юм. Өөрөөр хэлбэл 65-74 насныхан бол ахмад насны бүлгийнхэн. Харин 85-аас дээш насныхан бол өндөр настан. Гэтэл бид хуулиа хүртэл “ахмадын” гээд нэрлэчихсэн. Нэр томъёоны ийм ангиллыг би ганцаараа зохиогоогүй.
2008 онд “Насжилт, настны эмгэг судлалын нэр томъёо, ангиллын асуудал”-аар эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Хүн судлаач, хэл зүй судлаач, анагаахын судлаач, эмч нар зэрэг олон мэргэжлийн хүмүүс цуглаж ярилцсан. Тэгээд бид “насжилт”, “насжих үйл явц”, “настан” гэж ярьж заншъя, тэр дотор нь насаар нь тодорхой ангилъя гэж тогтсон. Энэ хурлаар хүний амьдралын мөчлөг, насны ангилал бүхий 13 ангиллаас АШУ доктор профессор Б.Оргилын “Хүний амьдралын мөчлөг, насны ангилал”-ыг дэмжин судалгаа шинжилгээ, практикт нэвтрүүлэн ашиглахаар тогтсон. Энэ ангиллыг одоогийн хүн ам зүйн байдал, насжилтын төлөвтэй харьцуулан үзэхэд 15 жилийн турш ашиглаж болохоор гэж үзсэн.
- Монголын настангуудын эрүүл мэндийн байдал дэлхийн хэмжээнд шаарддаг түвшинтэй харьцуулахад ямар байна вэ? Голдуу ямар өвчлөлүүд давамгайлдаг вэ?
Улс орны хөгжлийг шууд илтгэдэг нэг зүйл бол хүн амын дундаж наслалт ба эрүүл насжилтын асуудал байдаг. Үүнээс эрүүл насжилт гэдэг нь хүн амын өвчлөлтэй шууд холбоотой.
Ахмадын дунд түгээмэл байдаг зарим өвчлөлүүд
Манай улс дундаж наслалтаар олон улсын түвшинд дунд зэргийн насжилттай оронд ордогч эрүүл насжилтаар доогуур байр эзэлдэг. Монгол настангуудын нийт өвчлөл маш өндөр. 10 хүний найм нь ямар нэг өвчтэй. Нэг хүнд 3-4 өвчин давамгайлдаг.Тэргүүлж буй өвчлөлд зүрх судасны өвчин, бөөр шээсний замын эмгэг, нүд ба түүний дайвар өвчнүүд, амьсгалын замын өвчлөлүүд, сэтгэц зан төрхийн гаралтай эмгэгүүд орж байна. Гэхдээ сэтгэцийн өвчин гэхээр сэтгэцийн органик өвчнүүд болох солиорол, хоёр туйлт эмгэг, гэж хүмүүс боддог. Гэтэл үнэндээ түгших, айх, сэтгэл гутрах, архи тамхины хараат байдалд орсон эмгэгүүд зэрэг сэтгэцийн өөрчлөлтүүд нь элбэг тохиолдож байна. Нийт хүн амын дунд сэтгэцийн гаралтай өвчлөл есдүгээрт ордог ч ахмадуудын хувьд тавд орж байна. Энэ нь бид хүн амын сэтгэцийн эрүүл мэнд түүн дотроо настны сэтгэцийн байдалд анхаарлаа хандуулахгүй бол цаг хугацаа урсан өнгөрөөд дэндүү оройтсон байхыг сануулсан үзүүлэлт юм.
Түүнээс гадна бидний сэтгэлгээнд буруу хандлага бий. Бид “тэтгэврийн” болоод ирэхээрээ өөрийгөө гаргуунд нь хаяж хөгжихөө больдог. Настан болоход нэгэн талын өөрийнхөөрөө ажиллаж амьдрах боломж бололцоо нээгддэг гэдгийг анхаарах Ахмад хүн гэдгийг насаар илүү гэдгээр л ойлгодог. Тухайлбал 25 настай залуу 21 настай залуугаар “ах” гэж дуудуулах дуртай. Харин ах, ахмад хүн гэдэг бусдад үлгэр дуурайлалтай, мэдлэг, чадвартай туршлагатай байж хүндлэлийг хүлээнэ гэдгийг орхигдуулдаг.
Олон улсын туршлагаас харахад тухайн хүнийг “тэтгэвэрт гарахад нь бэлдэх” гэсэн тогтолцоо байдаг. Гэтэл манайд уг асуудал ойлголт төдий л байна.
Европынхан тэтгэвэрт гарахыг эрх чөлөө гэж ойлгодог. Яагаад гэвэл тэд өдий болтол улсад татвар төлсөн ажилласан, харин одоо тэтгэмж авч, халамж хүртэж, бас өөрийхөө хүссэнээр дуртай зүйлээ хийж амьдрах цаг ирсэн гэж үздэг. АНУ-ын настангуудын дунд “таны амьдралын хамгийн сайхан үе”-ийг сонгоно уу гэсэн санал асуулга явуулахад 74 хувь нь “яг одоо” буюу настан болж амьдарч байгаа үеээ сонгон хариулсан байдаг.
- Цаашдаа Монголын настангуудын сэтгэл түвшин амьдралын төлөө дан ганц Геронтологийн төв ажиллахгүй гэж ойлгож байна. Ер нь настан хүний эрхийг бүрэн хэрэгжүүлэхэд ямар тогтолцоо байх хэрэгтэй бол? Дэлхийд ямар жишиг байдаг вэ?
2013 онд Засгийн газрын тогтоолоор “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” хөтөлбөр баталсан. Уг хөтөлбөр маш олон талыг хамарсан. Үндэсний зөвлөлийг Эрүүл мэндийн дэд сайд ахалдаг. Хөтөлбөрт Хөдөлмөрийн яам, Зам тээврийн яам, Барилга хот байгуулалтын яам, Соёл, аялал жуулчлалын яам, Боловсролын яам гээд бусад бүх яамдын төлөөллийг хамруулсан. Ингэснээрээ нийгмийн бүхий салбар настанг ээлтэй орчинд ажиллаж, амьдарч, хөгжиж, эрүүл мэндээ дэмжин хамгаалахад хамтран ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм. Дан ганц төрийн байгууллагууд бус ахмадууд өөрсдөө маш идэвхтэй байх ёстой.
Манай улс хүн ам цөөтэй орон тиймээс хүн амдаа ажлын байр бэлдэх бодлогодоо анхаарах шаарлагатай . Залуучуудад л ажлын байр бэлдэхээс гадна настануудад зориулсан богино цагаар ажилладаг ажлын байрыг бий болгох хэрэгтэй Настан хүн мэдлэг, хүч хүрэх ажлаа сонгон хийх боломжийг Хөдөлмөрийн яам судлан асуудал болгон тавих нь зүйтэй гэж боддог. Настан хүн гэдэг маш үнэтэй капитал. Яагаад гэвэл тэднийг дахин сургах, туршлагажуулах шаардлагагүй. Зөвхөн ачаалал, цагийг нь тохируулаад өгчихөд л болно. Настай хүн ажлыг хэзээ ч муу хийдэггүй.
Насжсан орон гэгддэг Япон улсад үйлдвэрүүд нь настай хүмүүсийг ажиллуулахын тулд хаалга, шатнаасаа эхлээд бүх зүйлээ өөрчилж байна. Би Японы “Тото” сантехникийн хэрэгсэл үйлдвэрлэдэг компаны үйлдвэрийн салбарт очиж үзэж байлаа. Үйлдвэрийн барилга нь маш өндөр таазтай. Тоног төхөөрөмж нь байшингийнхаа 3/1-т хүрэхээргүй өндөртэй байсан. Яагаад тааз нь ийм өндөрт байгааг лавлахад гал гарахад утаа дээшээ байж тэргэнцэртэй хүмүүсийн толгойноос дээгүүр байхаар бодож таазаа өндөр хийсэн байсан. Хүмүүстээ ингэж л анхаардаг байна.
- Настангууд маань ямар эрх эдлэх ёстойгоо тэр болгон мэддэггүй. Сүүлийн үед энэ тал дээр ахиц гарсан зүйл байна уу?
Ахиц гарсан. Ахмадууд маань нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан настны 5 үндсэн эрхийг мэддэг болсон. Би 2002 оноос хойш настнуудад сургалт хийж байна. Бүх аймаг, дүүргээр явсан. Анхандаа ахмадууд тэтгэврээс өөр юм ярьдаггүй байсан. Лекц уншиж буй эмчээс тэтгэвэр нэмээд өгөөч гэж гуйдаг байсан. Харин одоо хотод ч тэр, хөдөөд ч тэр шал өөр болсон. Зарим газарт 200-300 ахмад цугладаг. Настнууд эрүүл мэндээ хамгаалах ёстой гэсэн өөрийн үүргээ мэддэг болсон. Эрүүл мэндэд анхаарна гэдэг Эрүүл мэндийн байгууллагын ажил бус, хувь хүний өөрийнх нь асуудал. Эрүүл мэндийн байгууллага хүн амыг эрүүл мэндээ хамгаалахад сургах, эр илрүүлэх, эрүүл мэндийг дэмжих, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхэд бэлэн байхад чиглэгддэг.
Хоёрдугаарт тэтгэврийн дараах ажил амьдралаа төлөвлөж сурч байна. Өдөржин тамхины утаан дунд хөзөр, даалуу тоглоод суудаг настнууд цөөрсөн. Тэдэнд зориулсан зөв хооллолтын, дасгал хөдөлгөөний, йогийн зэрэг клубууд, ахмадын сонирхлын бүлгүүд бий болж байна. Одоо тэдэнд бага зэргийн дэмжлэг л хэрэгтэй. Олонхи нь подвалийн жаахан өрөөг тохижуулсан байдаг. Зарим аймаг ахмадын өргөөтэй болчихоод эмч бэлдэж өгөөч гэсэн хүсэлт тавьж байна. Энэ бол дэвшил. Гэхдээ жигд биш байна. Холын аймагт бид хоёр жилдээ нэг л удаа очиж чаддаг. Аймаг болгоны нэгдсэн эмнэлэг нэг настны эмчтэй. Гэхдээ зарим аймаг ажиллуулахгүй байна. Үндэсний гериатр эмч бэлдэх асуудал зөвхөн 2006 оноос л яригдаж эхэлсэн.
- Бие дааж гадагшаа гарах боломжгүй ахмадуудад гэрээр очиж тусалдаг, тусалсан эмчид нь урамшуулал өгдөг систем гадны орнуудад бий. Энэ тухай 2013 оны хөтөлбөрт тусгасан уу?
Тусгасан. Нийгмийн халамжийн хуулиндаа ч “Олон нийтэд түшиглэсэн халамжийн үйлчилгээ” гэсэн нэр томъёотой орсон. Үүнд гэрийн үйлчилгээ, гэрээрээ ахмад настныг асрах үйлчилгээ зэрэг олон үйлчилгээ бий. Ийм үйлчилгээ явуулсан хүнд НХҮЕГ тусгай шалгуур гаргаад санхүүжилт өгдөг. Манай байгууллагын хувьд 4,5 дугаар бүлгийн ахмадуудад гериатрын зөвлөгөө өгдөг. Учир нь өрхийн эмнэлэгт настнаар мэргэшсэн эмч байхгүй. Дүүргүүдээс БГД, ХУД, БЗД мэргэшсэн эмчтэй. Бусдад нь өөр мэргэшлийн эмч нар настны эмчээр ажилладаг. Хэд хэдэн аймгаас эмч, сувилагч нараа сургах гээд манай төвд ирүүлээд бид сургаад явж байна.