Ч.Дариймаа: Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг хуулинд цогцоор нь зохицуулаад өгчих хэрэгтэй
Ч.Дариймаа: Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг хуулинд цогцоор нь зохицуулаад өгчих хэрэгтэй
2014.11.05

Ч.Дариймаа: Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг хуулинд цогцоор нь зохицуулаад өгчих хэрэгтэй

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ. Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Ахмадуудад тулгамдаад буй асуудлыг хөндөн, хууль эрх зүйн орчныг нь хэрхэн тааламжтай болгоход юу хэрэгтэй байгааг хөндлөө. Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болгож Хүн ам зүй судлаач,Инженер эдийн засагч, ХЭҮК-ийн ИНБ-ийн ахмадын асуудал хариуцсан Орон тооны бус Зөвлөх Ч.Дариймаатай ярилцлаа.  

-Олон улсад ахмадын таван бүрдэл эрх байдаг. Монголд эдгээрээс хамгийн сайн эдэлж чадаж байгаа ямар эрх нь байна вэ? /Бие даан амьдрах эрх, Оролцох, Хүндлүүлэх, Халамжлуулах, Санасан зүйлдээ хүрэх/

Эхлээд асуудлаа сайн ярилцах нь зүгээр байх.  Монголын ахмадууд нийгэмд хамгийн орлого багатай хэрнээ нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг байдаг. Нийгмийн болохгүй байгаа асуудлыг хамгийн зөв ажиглаж, үгээ хэлж чаддаг.  Даанч тэр шүүмж, үг, бодол санаа нь ямар түвшинд, хаана, хэрхэн хүрээд ажил хэрэг болж байгаа нь бүрхэг байдаг болохоос биш үг хэлж санаа бодлоо хамгийн сайн ойлгуулж чаддаг, оролцох эрхээ сайн эдэлж чадаж байгаа гэж боддог. Та нар ажигладаг бол энд тэндхийн хурал зөвлөлгөөн, эцэг эхийн хурал, хорооны хурал дээр өвөө эмээ нар л хамгийн сайн ирцтэй сууж байдаг шүү дээ.

-Тэгэхээр бусад эрхүүдийг эдэлж чадаж байгаа юу?

Монголд ахмадуудын эдийн засгийн эрх, баталгаатай орлоготой амьдрах эрх нь маш муу хангагдсан. Маш их зөрчилтэй. МАЧХолбоо болон ахмадын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хоорондоо хэлэлцээд ахмадын эрх ашгийг хамгаалахад зөрчигдөж буй олон асуудлыг шийдвэрлэхийн тулд эхлээд хоёр асуудалд анхаарал хандуулсан.

Нэгдүгээрт Ахмадын эрх ашгийг бүхэлд нь, цогцоор нь хамгаалан зохицуулсан, шаардлага хангасан хуультай болох, хоёрт нь тэтгэврийн асуудлыг шийдье гэж бодсон.

Хэдийгээр ганц өдрийн дотор шийдэгдэхгүй ч гэсэн эцсийг нь хүртэл байж болох бүх шат дамжлагаар дамжин хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн байгууллага, хүний эрхийн байгууллагуудад хүрч, хүчтэй дуу хоолойг нэгтгэн асуудалд хандаж чадвал шийдэлд хүрнэ гэж найдаж байгаа.

-2007 онд Ахмадын нийгмийн хамгааллын тухай хууль батлагдсан. Энэ хуулийг сайжруулна гэсэн үг үү. Ер нь хуулиндаа хамгийн түрүүнд юуг тусгах ёстой вэ?

Манайд энэ хууль батлагдсан нь сайн хэрэг. Гэхдээ дээр хэлсэнчлэн олон эрх байдгаас ганцхан халамжийн талаар голчлон оруулсан нь учир дутагдалтай юм. Жаахан халамж, эм,эмнэлгийн үйлчилгээ, асуудал бүрэс багахан хэсэг орчихсон, үүрэг, хариуцлага гээд юм юм дутуу. Гэтэл манай улсад 300 мянган ахмад настнууд байдаг.

Цаашид ахмад настнуудын эзлэх хувь нэмэгдэнэ гэсэн судалгаа манайд ч, олон улсын түвшинд ч гарсан. Аливаа улс оронд төрөлт буурсан, ахмадын тоо буюу насжилт нэмэгдэх зэрэг нь ажиллах хүчний үзүүлэлтэнд нөлөөлдөг. Энэ нь эргээд нийгэм, эдийн засгийн хувьд хүнд байдлаар нөлөөлдөг. Тиймээс одооноос зөв бодлого барьж ажиллах хэрэгтэй.

Энэ бүхний эхлэл нь ахмад настнуудын эрх үүргийг зохицуулсан, хангасан хуультай болох явдал.  

-Цогц хуультай болно гэсэн үг үү?

Тийм ээ. Ахмад настнуудын сурч боловсрох эрх, эрүүл мэндээ хамгаалах эрх, нийгэм соёлын эрх, хөгжих эрх, хөдөлмөрлөх эрхийг нь хангасан иж бүрэн хуультай болох хэрэгтэй. Саяхан бид ахмад настнуудад мэргэжлийн сургалт явуулсан. Эмч, багш нар, эрдэмтдийг бүртгэсэн. Чадалтай мундаг ахмадууд их байгаа ч хөдөлмөрлөх эрхийг нь хуулинд тусгаагүй, хууль эрх зүйн зохицуулалт байхгүйгээс болж ажил хийж чадахгүй байгаа юм.  

Мөн манай улсад ялгаварлан гадуурхах үзэл асар их, хүнийг нас, хүйс, гээд бүхий л байдлаар хөдөлмөр эрхлэлтийн, болон нийгмийн бусад хүрээнд ялгаварлан гадуурхдаг. Энэ байдлыг үүрэгтэй нь хариуцлагатай нь хуулиар зохицуулж байж л энэ нийгэмд ахмадыг хүндлэх, зөв харьцах байдал хэрэгжинэ.

Гэтэл бусад улсад залуус нь нийгмийн хамгийн хэрэгцээтэй, том салбарт голлон ажиллаад, үлдсэн салбарын аюул осолгүй, нийгмийн ажлуудыг ахмадуудад өгч хариуцуулдаг зохицуулалт хийгдсэн байдаг. Тухайлбал таксины үйлчилгээнд, эмнэлэгт хүн тосож үйлчлэх, зэрэг олон ажилд ахмадуудыг ажиллуулж байна. Өнөөдөр манайд ч гэсэн хуулинд заагаагүйгээс биш 70 настай хүн такси бариад явж байна. Үүнийг олон улсад эргэн хөдөлмөр эрхлэлт буюу Reemployment гэдэг.

Түүнчлэн ахмадуудыг дахин сургалтанд хамруулах зохицуулалт байхгүй. Гэхдээ үүнийг дахиад халамжийн мөнгөний асуудал яригдах нь гэж ойлгож болохгүй. Ер нь  хүний эрхийг хамгаалах нэг арга нь нийгэм дэх идэвхийг нь сэргээх байдлаар илэрдэг. Түүнээс биш халамж өгөх нь хамгаалж байгаа хэрэг биш. Хэт их халамж хүнийг тэжээвэр амьтан шиг болгож, тэдний сэтгэх, идэвхтэй байх, хөгжин дэвжихэд саад болдог.  

-Дахин хөдөлмөр эрхлэлтийн давуу тал нь юу вэ?

Нийгэмд ахмад болон залуу хүмүүсийн хоорондын ялгаа арилж, бие биеээ хүндэлж тэгш эрхтэй харьцдаг болно. Ажиллах хүч нэмэгдэнэ. Манай улсад ажиллах хүч дутагдалтай байгаа шүү дээ. Сонины ажлын зарыг харахаар настай хүн хийж болохоор хөдөлмөр их. Ийм сайхан санаануудыг хуульчлаад өгвөл зөвхөн ахмадуудад гэхээс илүү нийгэмдээ асар их үр өгөөжтэй.

Эрүүл сайхан хоол ундтай, өндөр орлоготой, сэтгэл санаа өндөр ахмадууд сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын ажлуудад идэвхтэй оролцох зэргээр нийгэмдээ илүү үр нөлөөтэй байж, мөн насжилт нэмэгддэг сайхан үр дүнтэй.

-2007 онд батлагдсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулиас хэрэгжүүлвэл зохих ёстой зүйл юу байна вэ. Эсвэл амьдралд хэрэгждэггүй ч юм уу?

1992 онд олон улсын тавцанд насжилт, ахмадын асуудалд анхаарлаа хандуулахыг ОУБ, НҮБ-ын зүгээс гишүүн улсууддаа хандан зөвлөж тунхаглал гаргасан . Настай хүнээ ингэж асарна, амьдрал нь ийм байх ёстой, нийгэм нь ингэж халамжлах ёстой гэдгийг анхааруулсан.

Энэ арга хэмжээний мөрөөр манай улс 2007 онд Ахмад настны нийгмийн хамгааллын хуультай болсон нь сайн хэрэг ч олон түмэндээ хуулиа сурталчилаагүй. Ахмадуудаас саналыг нь аваагүй гэх зэргээр амьдралаас хөндий болчихсон.  Зүйл заалтууд нь бодит амьдралаас тасархай.

-Та Хүний эрхийн үндэсний комиссын орон тооны бус зөвлөхөөр ажилладаг. Олон улсад мөрдөгддөг ахмадын эрхүүдийг манай улс хэрхэн хангаж байгаа вэ. Үүнд ямар дүгнэлт хийдэг вэ. Цаашид монгол улс юуг анхаарах ёстой вэ?

Хүний эрхийн үндэсний комисс улирал бүр буюу шаардлагатай үед иргэний нийгмийн байгууллагуудтай хуралддаг. Бид өнгөрсөн сард ахмадын эрх ашигт тулгамдсан асуудлаар мэдээлэл, мас хамтарсан зөвөлгөөн хийсэн. Комиссын дэргэд нийт 20 гаруй ТББ байдаг. Тэд бүгдээрээ ахмадын эрхийн талаар, тэдэнд тулгамдаж байгаа асуудлуудыг анхааралдаа авсанд бид талархаж байгаа.

Дэлхий дээр 2050 он гэхэд нийт хүн амын насжилт эрчимтэй явагдана. НҮБ-аас 2030 он гэхэд хүн амын 20 хувь нь ахмад настан байна гэдгийг мэдээлсэн.2030 он гэхэд 1,4 биллион хүн ам 60аас дээш насны ахмадууд байна. Манай улсын хувьд ахмадын тоо 10 хүрэхгүй хувьтай байгаа, ер нь хүн амын хөгжлийн  хамгийн зохистой харьцаа гэгддэг үедээ яваа ч, цаашид насжилт Азийн улсууд руу чиглэх учир улс орнууд анхаарах ёстой гэсэн НҮБ ийн зөвлөмжийг бид байнга бодолцох ёстой.

-Хүн амын хөгжлийн бодлогыг төр засгаас шинэчлэхээр ажиллаж байгаа. Тэнд ахмад руу чиглэсэн ямар саналыг тусгах ёстой вэ?

МАЧХолбоо Засгийн газартай ахмадын асуудлаар хамтын гэрээтэй ажиллаж байгаа. Нийт ахмадын эрх, нийгмийн асуудлыг хамруулсан бодлого, хуультай болох хэрэгтэйг байнга сануулж байгаа. Ахмадын Нийгмийн асуудлаар тусгай хөтөлбөрүүд баталсан, төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ч энд яригдаж байгаа гол асуудал бол хуулийг шинэчлэх.

Ахмадуудын хувьд зохицуулалтгүй олон жил явж ирсэн хүний амдралын гол чухал асуудлуудыг зохицуулах. Хуулиндаа бүх асуудлыг тусгах. Эдлэх эрхтэй нь, үүрэгтэй нь, хариуцлагатай нь зохицуулах хэрэгтэй байна. Ахмадын хуулийг шинэчлэхэд Засгийн газар, УИХ, ХЭҮК, бусад байгууллага хүмүүс дэмжиж оролцоно гэдэгт итгэлтэй байна.

-Засгийн газраас ахмадууд руу чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гэдэг. Хамгийн үр дүн сайтай төслийг та юу гэж боддог вэ?

Сүүлийн үед ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. 40-өөс дээш насныхны хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр хөтөлбөр хэрэгжүүлж байгаад талархалтай ханддаг. Үнэхээр тэднийг идэвхжүүлж, хөдөлмөрөөр хангах нь зөв асуудал.

Гэхдээ зарим аймаг, дүүргийн хэлтсээр явж байхад хүмүүсийн идэвхи сул байгааг хэлж байсан. Тиймээс мэдээлэл сурталчилгааг сайн хийгээсэй гэж боддог. Түүнээс гадна “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ” төсөл хязгаарлагдмал хүрээнд явж байгаа ч тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, туршлагатай хүмүүсийг зөвлөхөөр ажиллуулж байгаа нь сайн хэрэг.

Гэх мэтчилэн төсөл хөтөлбөрүүд олон байдаг ч  цаашид тогтвортой хэрэгжих эсэх нь тодорхойгүй. Тиймээс ерөөсөө ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хуулиараа цогцоор нь зохицуулаад өгчихвөл үр дүнтэй. Хуулийн шинэчлэл ус агаар мэт хэрэгтэй.

-Монголд хичнээн тэтгэвэр авагч ахмад байдаг вэ?

Манайхаас судалсан судалгаагаар нийт 300-аад мянган ахмад байна. 2014 оны 9-р сарын байдлаар нийгмийн даатгалын газраас авсан мэдээгээр 55-60 настай ахмад 168’495. Нөхцлөөр тэтгэвэрт гарсан буюу хүүхэдтэй, цэргийн, урлагийн гэх мэт салбарын 72 мянган ахмад тэтгэвэр тэтгэмж авдаг.

Эдгээр хүмүүс 55-60 нас хүрээгүй ахмадууд байгаа юм. Бүгд 240000 ахмад настан тэтгэвэр авагчид байна. Тэд ажил хөдөлмөр хийх боломжтой. Бид нараас илүү эрч, хүчтэй,мэдлэгтэй, чадвартай, дээд,дунд боловсролтой, хуримтлуулсан өндөр туршлагатай, хөдөлмөрийн бэлэн нөөц хүмүүс байдаг.

-Танайд ахмадууд хэр их ханддаг вэ. Тэдэнд ямар асуудал илүүтэй тулгамддаг вэ?

Олон ахмад тэтгэвэр, тэтгэмж, ахмадын харьяалал, орон сууц гээд хүний амьдралын бүхий л асуудлаар гомдол хүсэлт, саналаа тээж ирдэг.

Манай байгууллагаас өнгөрсөн жилээс эхлээд хот, дүүрэг, 21 аймаг суманд 100 мянга гаруй асуулгын хуудас тараасан. Одоогоор судалгааны хариунууд ирсээр байгаа бөгөөд бид ирсэн саналуд дээр ажиллаад байна. Үүнээс урьдчилсан байдлаар хэлэхэд, ахмадуудын 96 хувь нь хуулийн шинэчлэлийг дэмжиж байгаа.

Түүнчлэн 45 гаруй хувь нь тэтгэвэр, тэтгэмжийг боловсронгуй болгох, нэмэгдүүлэх саналтай, 60-иас дээш хувь нь хот,дүүрэг хороод, аймаг, суманд ахмадуудтай холбоотой явдаг санхүүгийн төсөв, мөнгө, хөнгөлөлт чөлөөлөлтийг хэрхэн хэнд зарцуулсан тухай мэдээллийг ил тод болгооч гэж хүссэн.  Харин 60 гаруй хувь нь ахмадуудын төрөлжсөн эмнэлэг,сувилал, төвтэй болохыг санал болгосон.

-Шинэчлэлийн хүрээнд ахмадын амьдрал сайжрах байх. Таны зүгээс ирээдүйд ямар өөрчлөлт, үр дүнг хүсч байна вэ?

Хөгжилтэй орны ахмадуудын амьдралын түвшинд ойртох. Ахмадууд бүх эрхээ эдэлж чадахүй байгаа ч эрх үүргийг нь зохицуулсан хуультай болчихвол, тэгээд түүнийг нь нийгмээрээ хүндэтгэн биелүүлдэг болчихвол ахмадууд маань сэтгэл санаа тайван, өвчин зовлон багатай, өндөр насалж нийгэмдээ ч үр нөлөөгөө үзүүлж сайхан амьдрах нь дамжиггүй.

-Ярилцсанд баярлалаа.