Д.Алида: Ахмадын бие даасан хууль зайлшгүй хэрэгтэй
Ахмад эмч Д.Алида
2014.11.03

Д.Алида: Ахмадын бие даасан хууль зайлшгүй хэрэгтэй

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ. Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Ахмадуудад тулгамдаад буй асуудлыг хөндөн, хууль эрх зүйн орчныг нь хэрхэн тааламжтай болгоход юу хэрэгтэй байгааг хөндлөө. Эмнэлгийн салбарын төлөөлөл болгож ахмад эмч Д.Алидатай ярилцлаа. Тэрээр төрөх эмнэлэгт олон жил ажилласан бөгөөд 3800 гаруй хүүхдийг эх барьж авчээ.

-Та хичнээн жил эмнэлгийн салбарт ажилласан бэ. Танай салбарын ахмадуудын нийгмийн нөхцөл байдал ямар байна вэ. Хэрхэн амьдарч байна гэж боддог вэ?

Анагаах ухааны дунд сургуулиас эхлээд Анагаах ухааны их сургууль хүртэл суралцаж, бага болон их эмчийн мэргэжлээр 23 жил тасралтгүй ажилласан.

Ер нь эмнэлгийн системд ажиллана гэдэг нэг талдаа сайхан, нөгөө талдаа бэрхшээлтэй. Төрөх эмэгтэйчүүдийн байгууллагад ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд байнгын сэтгэл зүйн хямралтай байдаг. Эх, хүүхдийг эрүүл саруул төрүүлж, ямар нэгэн хүндрэл гаргахгүйн төлөө цаг нартай уралдаж ажилладаг мэргэжил.

Эх барихын эмч ажилтнууд маань үргэлж хүний халуун цустай холилдож ажиллаж байдаг. Намайг ажиллаж байх үед одоогийнх шиг орчин үеийн тоног төхөөрөмж байгаагүй учир эхийг унтуулахын тулд аман дээр нь маск тавиад эфирийн бодит үнэрлүүлдэг байсан. Энэхүү наркозийн аргаар унтуулахад ганц эхийг унтуулахаас гадна тэр орчинд буй эмч, сувилагч, асрагчид нөлөөлдөг байсан. Мартамхай болох, цус өтгөрөх гээд олон асуудал гарна.

Харин одоо энэ аргыг хэрэглэхээ больчихсон. Гэхдээ өнөөдөр тэр үед ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ахмадууд өвчтэй байна. Түүнчлэн рентген аппаратны эмч туяандаа хордож, өвчтэй болдог. Тухайн үед хамгаалалтын өрөө байгаагүй. Тэд хортой нөхцлөөр бас л 40 гаруй насандаа эрт тэтгэвэрт гардаг хэрнээ доод хэмжээг авдаг. Эрт гарлаа, хортой нөхцөлд ажилласан гээд улсаас ямар ч хөнгөлөлт, чөлөөлөт байдаггүй. Цусны өтгөрөлт, тархи толгойны байнгын өвчтэй болчихсон байдаг.

-Танд энэ талаар ямар санал байна вэ?

2005 оноос өмнө тэтгэвэрт гарсан эмч нарын тэтгэврийн хэмжээг одоо тэтгэвэртээ гарч буй сувилагчийн тэтгэвэртэй харьцуулахад маш бага байгаа юм.

1990 оны эхээр тэтгэвэртээ гарсан рентгений эмч нарынх 207 мянган төгрөг. Ийм бага хэмжээтэй байхаар тэр хүн эмч хийж, төр засагтаа зүтгэсний хэрэгцээ гарч байна уу. Үгүй юу. Гэтэл өнөөгийн эмч нар 400 мянган төгрөгийн тэтгэвэр аваад, дээрээс нь 36 сарын тэтгэмжийг улсаас авч байгаа шүү дээ. Уг нь адилхан зүтгэсэн. Ийм тэтгэврийн зөрүүг төр засаг арилгаад өгмөөр байна. Арилгахгүй бол ахмадуудын хооронд хямрал үүсэхгүй шүү дээ. Амьд байх үедээ засаг төрдөө талархаж явах болно. Миний сувилагч байсан хүн надаас илүү тэтгэвэр авахаар надад ичмээр байдаг.

-Та хэзээ тэтгэвэрт гарсан бэ. Тэтгэвэрт гарсанаас хойш юу хийж байна вэ?

1992 онд гарсан. Тэтгэвэрт гарснаас хойш мэргэжлээрээ Польш улсад ажилласан. 2007 онд Монголд ирээд хувийн компанийн эмч хийж байна. Өнөөдөр би 66 настай. Надад дахиад тав зургаан жил ажиллах потенциаль хүч чадал байна.

Бид нарын үед тэтгэвэртээ гарчихаад ажиллах потенциаль чадвартай байвал тухайн салбарт нь орон тоо байвал тэтгэврээ 60-80 хувиар аваад, дээр нь цалингийн 60 хувиар цалинжаад ажилладаг байсан. Одоо ийм тогтолцоо алга.

Түүнчлэн 1990 оны эхээр хүмүүсийг маш олноор нь хомроглож тэтгэвэрт гаргасан. Маш олон салбарт дөрвөн хүүхэдтэй эхийг зах зээл эхлэнгүүт тэтгэвэрт гаргасан нь маш буруу арга хэмжээ болсон. Тэр хүнд хэцүү цаг үед тэтгэврийн хүн болохоор ажил олдохгүй, тэтгэвэр тэтгэмжийн ямар ч үйлчилгээг авахгүй, амралт сувилалд явахгүй.

Дөрвөн хүүхэдтэй мөртлөө 38 настай хүнд нийтийн тээврээр ч үнэгүй явдаггүй байсан. Энэ маш буруу бодлого болж, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн ядуурлын давхаргыг нэмэгдүүлсэн. Миний л мэдэхээр 38 настай залуухан эмч маань тэтгэвэрт гараад ажилгүй, нөхөргүй, дөрвөн хүүхдээ тэтгэврийн доод хэмжээгээр өсгөх гэж их зовсон доо.

Уг нь төр засаг тэр хүнээ ажил хөдөлмөрөөр хангаад, хүчийг нь ашиглаж, амьжиргааг нь дэмжих ёстой байсан шүү дээ.

Тиймээс өрхийн эмнэлэг чадалтай ахмад эмч нараа 20 хувиар цалинжуулаад, долоо хоногт 2-3 удаа жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгч байхаар зохион байгуулж болно.
-Та тэтгэвэртээ гарсан мөртлөө гадаад улсад хүртэл ажилласан байна. Тэгэхээр одоо манай ахмадуудын дунд ч гэсэн чадвартай, туршлагатай, сайхан мэргэжилтэй олон хүн байна. Тэдгээрт юу хэрэгтэй гэж боддог вэ?

Өнөөдөр маш олон сайхан мэргэжилтэй ахмадууд, залуу идэрчүд байна. Тэдэнд асар их хүч байгаа.

55 настай, 60 шүргэж яваа олон сайхан эмч нар байдаг. Гэтэл манай улсад жирэмсний хяналт сул байгаагаас төрөхийн хүндрэл их гараад байдаг. Тиймээс өрхийн эмнэлэг чадалтай ахмад эмч нараа 20 хувиар цалинжуулаад, долоо хоногт 2-3 удаа жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгч байхаар зохион байгуулж болно. Хэдийгээр өрхийн эмнэлэг хяналтыг хийж байгаа ч жирэмслэл, төрөлтөөр мэргэшсэн эмч дутагдалтай учир ахмадын хүчийг ашиглах хэрэгтэй.

-Таны мөрөөдөл юу вэ, цаашид та юу хийж бүтээхийг хүсч байна вэ?

Цаашдаа ямар ч байсан нэгдүгээрт эрүүл байхыг хүсч байна. Хоёрдугаарт мэргэжлийнхээ ажлыг өнөөдөр ч гэсэн хийгээд явж байна, цаашдаа тодорхой хугацаагаар хийнэ, гуравдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусламж үзүүлэх ажлаа өргөжүүлмээр байна.

-Үзэж харахыг хүссэн, сурахыг хүссэн зүйл юу байна вэ?

Тоолдог нь байгаад хүч тэнхээ нь хүрвэл монгол орынхоо бүх газраар явмаар байна.  Би өнөөгийн байдлаар 15 аймгийг үзсэн. Дараа нь Польш хэлээ сайжруулаад, Англи хэлний ойр зуурын үгтэй болно.

-Польш улсад ажиллаж байсны хувьд тус улсын ахмад настны нийгмийн байдал нь ямар байдаг талаар сонирхож үзэв үү?

Тэр улсад хань ижил нь өнгөрөөд ганцаардаад явж байгаа ахмад өөрөө хүсэлтээ гаргаад шууд улсын асрамжийн газар очдог. Тэнд нь шууд хүлээж авдаг. Тухтай байранд байлгаад, ажлаар хангаад, эрүүл мэндийн үйлчилгээ, хоол унд, сонин хэвлэл, хими цэвэрлэгээ, асаргаа нь бүгд байдаг. Гэтэл манайд ганцхан Төв аймгийн Батсүмбэрт хөгжлийн бэрхшээлтэй, бүр нэг ядарсан хөгшдөд зориулсан газар л байдаг шүү дээ.

-Эрүүл мэндийн үйлчилгээнд ямар дүгнэлт хийдэг вэ. Ахмад руу чиглэсэн ямар үйлчилгээг сайжруулах ёстой гэж боддог вэ?

Хиймэл шүдийг хуулиараа таван жилд нэг удаа сольж өгдгийг өөрчлөх хэрэгтэй. Учир нь хиймэл шүд нь хоёр жил болоод л муудчихдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн протезийг солих хугацааг мөн ойртуулах хэрэгтэй.

Ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүйгээр өгчихмөөр санагддаг. Сувилалд явсаныхаа дараа зөрүү мөнгөө авдаг. Гэтэл өөрийнхөө мөнгөөр явж чадахгүй олон ахмад байдаг. Нэгэнтээ л мөнгөө өгөх учир эхлээд өгчихвөл дээр санагддаг.

Түүнээс гадна эмнэлгийн салбарт үйлчилгээ эмчилгээ их сайжирч байгаа ч төр засгийн зүгээс төрөх эмнэлгийг нэмээсэй гэж боддог.

-Ямар ажил хийвэл ахмад настнууд сэтгэл хангалуун амьдрах бол?

Ахмадуудад чиглэсэн арга хэмжээг яг тэд нарт зориулмаар байна. Мөн тэтгэврийн зөрүүг арилгаж, эмч нарын сарын тэтгэмжийг ялгалгүй өгөөч гэж хүсч байна.

Түүнээс гадна Ахмадын хууль зайлшгүй хэрэгтэй. Тэтгэвэрт гарлаа гээд нийгмээс шахагдах бус, дараагийн шатны ахмадын хуулиндаа захирагдаад эдлэх ёстой эрхээ эдлээд харилцаанд ороод явах ёстой шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.