Г.Баасан: Засгаар тоглодог хатуу тоглоомоо зогсоо
Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан
2014.10.23

Г.Баасан: Засгаар тоглодог хатуу тоглоомоо зогсоо

Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та бол нийгэм, улстөрийн амьдралд идэвхитэй оролцогчдын нэг. Сүүлийн үед үүсээд байгаа улстөрийн нөхцөл байдлыг ажиглаж байна уу?

Миний дуу хоолой хэзээд Монгол хүн бүрийн амар тайван амьдралын төлөө байдаг. Улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард иргэдийн амьдралд хамгийн их саад болж байгаа зүйл бол хэт их улстөржилт. Улстөрчид хууль батлахаас илүү Засаг огцруулж тоглодог болсон нь намайг бухимдуулж байна. Бид мэднэ. Засгийн газрыг огцруулаад өөр засаг гарч ирснээр байдал дээрдсэн нэг ч жишээ байхгүй.

Дараагийн сонгууль болоход жил гаруйхан хугацаа үлдлээ. Одооноос сонгуулиар амьсгалаад эхэлчихэж. Ардчилсан УИХ, ардчилсан Ерөнхийлөгч, ардчилсан засаглалтай гэж ард түмэн итгэж байгаа. Гэтэл зарим нөхөд арчилалынхаа эсрэг дуугарч байна. Ийм юм бол ардчилсан нийгмийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ ил тод зарлачих хэрэгтэй. Тэгж чадахгүй байж ардчилал нэрээр тоглолт хийж, ард түмнээр бүү төөрөлдүүлээч.

Ардчилалын төлөө гэж явсан хүмүүс нь эхнээсээ Засгаа унагаахаар явж байгаад гайхаж байна. 1990 онд ардчилалыг авчрахад зовж явсан олон хүний жирийн нэг төлөөлөл нь би. Харин олон хүний зовлонгоор бий болсон ардчилсан нийгэм рүүгээ шүлс хаяж байгаад дуугүй өнгөрч чадахгүй нь. Ардчилал бол үнэтэй ирсэн юм шүү хүүхдүүдээ. Үүний төлөө сэтгэл санаа, ахуй амьдрал, амь насаа золигт гаргасан олон хүн бий.

Ийм үнэтэй ирсэн ардчилалыг хамгаалах цаг ирсэн байна. Томчууд улс төрөөр тоголж, энэ үнэт зүйлсийг уландаа гишгэж эхэллээ. Би яах вэ. Тавь гаруй наслахдаа олон зүйлийг үзэж тууллаа. Харин бидний үр хүүхэд, хойч үе ингэж улстөрийн тоглоом болвол байдал хурцадна. Манай нам гарвал сайн, танай нам муу гээд л талцах юм. Бүгдээрээ адилхан. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд төрийн эрхийг барьж байсан тэр Засгийн газар үнэхээр сайн ажилласан гээд алаг таших хүн байна уу, байхгүй.

-Шинэчлэлийн Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа ажилд та ямар үнэлэлт өгөх вэ?

Засгийн газрын ажлыг хоёр, эсвэл дөрвөн жилээр дүгнэх нь учир дутагдалтай. Ялангуяа 1990 оноос 2012 он хүртэл их замбараагүй явж ирсэн. Энэ олон жилийн завхрал, ард түмний нэрээр хулгайлдаг, идэж уудаг, ард түмний язгуур эрх ашиг эсрэг явж ирсэн тогтолцоог нэг Засгийн газар дөрвөн жилийн дотор засах боломжгүй. Өнгөрсөн 25 жилд ардчилсан засаглал хоёр дахь удаагаа гарлаа.

Эхний удаа дөрвөн удаа тоглоод дууссан. Хэн тоглосон хуучин эрх баригчид, одоогийн МАН. МАН ардчилсан үзэл санаатай хүнд, ардчилсан нийгэмд маш их дургүй. МАН өөрсдөө хангалттай засгийн эрх барьсан шүү дээ. Ардчилсан Ерөнхийлөгчтэй, ардчилсан улс гэж зарлах мөртлөө ардчилсан засгийг унагаах гэж байгаа бол Монголд ардчилал устжээ гэж үзэхээс аргагүй.

Хэрэв шинэчлэлийн Засгийн газрыг унагаавал Монгол Улс ардчилсан орон биш гээд УИХ нь, Ерөнхийлөгч нь зарлачих хэрэгтэй. Ардчилалын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүний хувьд энэ бүхэн харамсалтай байна.

-Засгийн газрыг огцруулах нь хэнд ашигтай юм бэ. Ард түмэнд үү?

Засгийн газрыг огцруулснаар албан тушаалтнууд л ашиг хүртдэг. Харин ард түмэн маш их хохирдог. Хохирдог гэдгийг өнгөрсөн хугацаанд огцорсон Засгийн газрууд харуулсан. Дахиж ийм том хохирлыг ард түмэн үүрч чадахгүй. Засгаар тоглох асуудал чинь эцэстээ ард түмний нуруунд ачаа болохоос хэтрээд Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь.

Би нэг жишээ хэлье. Ахмадуудад тэтгэврийн зээл олгох нэрээр хэдхэн банк ганцхан жилд 46.9 тэрбум босгож байна. Үүнийг зогсооё гэдгийг Шинэчлэлийн Засгийн газар эхлүүллээ. Саяхан Ахмадуудад тулгамдсан асуудлаар томоохон хэлэлцүүлэг хийж тэтгэврийн зээлийг хүүг тэглэх ёстой гэдэг шийдэлд хүрсэн. Ахмадуудаа улс төржүүлж, дарамтанд оруулах ёсгүй. 21 аймгаар явж ахмадуудтай уулзлаа. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ ч сайн мэдэхгүй явж байна. Тэр эрх чөлөө хаана байна. Энэ бүхнийг үе үеийн Засгийн газар үүрэх ёстой.

-Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахаар гишүүд гарын үсгээ зурсан. Тэдний дунд намын нөхөд нь ч нэмэгдэж байгаа гэдэг мэдээллүүд гарч эхэллээ?

УИХ, төр яагаад ганц хүнтэй тэмцэлдээд байгаа юм. Одоо бүр ардчилсан нийгмийн төлөөлөл болсон улсын баатар Э.Бат-Үүл ардчилалын үнэт зүйл рүү нулимж байна. Тэр хүнийг би ардчилагч гэхээс илүү ардчилал нэрээр хоосон тоглогч гэж харж байгаа.

Засгийн газрыг огцруулснаар албан тушаалтнууд л ашиг хүртдэг

Ардчилалын төлөө чин сэтгэлээсээ явсан ардчилсан холбооны гишүүд шиг нэг удаа гудамжинд гарч үзээгүй, нэг ч удаа албан тушаалгүй байж үзээгүй хүн. Ард түмнийхээ төлөө нэг ч гэсэн зовж үзэх хэрэгтэй. Тэр засгийн газар, тэр Ерөнхий сайдыг огцруулаад бидний амьдрал дээшилсэн шүү гэж ярих хүн хаана ч таарахгүй дээ. Одоо нэг л зүйл хүсмээр байгаа юм.

Ардчилсан Засгийн газрыг нэг удаа сонгуулийн буюу дөрвөн жилийн хугацаанд засаг бариулаад үзээч. Н.Алтанхуяг үүнийг ганцаараа хийхгүй. Салбарлаад явж байгаа. Нэг жишээ дурдая. Монголын ахмадуудыг улстөржүүлдэггүй, нэг ч ахмадыг хараа хяналтаасаа гаргадаггүй, ахмадуудын төлөө явдаг байгууллагатай байхыг Засгийн газар зөвшөөрсөн.

Гэтэл МАН-ын хүмүүсээр удирдуулж байгаа Өвөрхангай, Дархан, Хөвсгөл, Завхан Засгийн газрын өөдөөс “хуц” гэчихсэн ахмадуудыг өмчлөөд, хувьчлаад авчихсан байна. Тэр байтугай Нийслэлийн ахмадуудаас бидний Ахмадын чөлөөт холбоонд элсүүлээч, намчирхдаггүй, улстөрждөггүй, чөлөөтэй байлгаад өгөөч гэдэг хүсэлт их ирж байна.

Гэтэл Э.Бат-Үүл “нийслэлийн ахмадуудыг манай АН авнаа” гээд суучихсан. Ахмадууд ямар хөрөнгө, бараа таваар юмуу. Бүр бүхэл бүтэн хүнээр тоглоод сурчихжээ. Манай иргэд ч гэсэн ингэж тоглуулахаа болимоор байна. Ард түмэн өөрсдөө улстөрчдийн тоглох талбайг бэлдэж, түүн дээр нь ашиг хонжоо олж байна. Энэ хэлсэн үгэндээ би хариуцлага хүлээж чадна.

-Одоо улстөрчдийн халуун сэдвийн нэг нь АН, МАХН хамтран ажиллах гэрээ байгуулсан асуудал болоод байгаа. Та хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар хангалттай мэдээлэл авсан байх. Ер нь гэрээ байгуулах шаардлага байгаа юу?

Нэгдэе, нийлье, хамтарч ажиллая гэж яваа юм байна гэж ойлгож байгаа. Түүнээс тарах, бутрах талаар яриагүй. Намын дүрэмдээ зааснаар асуудлаа оруулж, хэлэлцүүлэх ёстой газраараа оруулаагүй зүйл бий байх. Гэрээ гэдэг бол хамтын хэлэлцээр шүү дээ. Гэрээ байгууллаа гээд хулгай хийх гэж байгаа мэтээр ярьж болохгүй. Гэрээг бол хэдэн ч удаа өөрчилж, засч залруулж болно. Улс орны хувь заяаны төлөө нийлэх, нэгдэх процесс гэж ойлгож байгаа учраас хасах тэмдэг өгөхгүй.

Гэрээ байгуулсныг ирэх сонгуультай шууд холбоод боож үхэх гээд байгаа бол сонгууль шударга болдоггүй гэдгийг өөрсдөө зарлаж байгаатай л адилхан. Сонгуулийг худлаа явуулдаг гэдгээ л батлаад байна. Гэрээг юу гэж үзэх эрх нь ард иргэдэд байгаа биз дээ. 2016 оны сонгуульд хэн яаж саналаа өгөхийг урьдчилаад таадаг болчихсон юмуу. Үнэхээр урьдчилаад мэдчихсэн юм бол хэн хэнийг халаасандаа хийснээ зарлахгүй юу.

Нэгдэе, нийлье, хамтарч ажиллая гэж яваа юм байна гэж ойлгож байгаа.

Одоо өвөл боллоо. Яаж дулаан, хоолтой энэ өвлийг давах вэ гэдэг л ард түмэнд чухал. Юуны чинь Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулах асуудал вэ.

-Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн шалтгаан нь Засгийн газрын буруутай бодлоготой гэж сөрөг хүчнийхэн байнга хэлж байгаа. Тэгэхээр Засгийн газар алдаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм биш үү?

Жигтэйхэн сайхан дардан замаар явж байсан эдийн засгийг Шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд хөмөрчихсөн мэтээр л яриад байна. Энэ бол 1990 оны өмч хувьчлалаас эхэлсэн алдаа. Нэг намын дарангуйллын алдааны томоохон үр дагавар өдгөө цагийн эрхэнд харагдаж эхэлж байна.

Үе үеийн Засгийн газар үүний хариуцлагыг хүлээх хэрэгтэй. Ганц Шинэчлэлийн Засгийн газарт буруугаа чихэж болохгүй. Сөрөг хүчний ажил бол татаж, чангаах, хийсэн болгонд нь саад тавихыг хэлдэггүй юм. МАН бол сөрөг хүчин биш чөдөр л гэж хэлье.

-Таны тэргүүлдэг Ахмадын чөлөөт холбоогоор сонин юутай байна. Ахмаддаа чиглэсэн ажлаасаа товч ярихгүй юу?

Бид эрхзүйт нийгэмд амьдарч байгаа учраас эхлээд Ахмадын эрх зүйн баталгаа болсон хуулиа шинэчлэхээр ажиллаж байна. Ажлын хэсэгт би өөрөө орж ажиллаж байна. Хоёрдугаарт эдийн засгийн асуудал. Ахмадын тэтгэвэр бага байна,банкууд өндөр хүүтэй тэтгэврийн зээл олгож байна.

Хэдийгээр өнөөдөр тэтгэврийн хэмжээ бага байгаа ч эдийн засгийн энэ хүнд цаг үед тэтгэврийг нэмэгдүүлэхээс илүү банкнаас хүүгүй зээл авдаг тогтолцоонд шилжих нь чухал байна. Банкууд зөвхөн ашиг олохын төлөө ажилладаг байх ёсгүй. Банкуудад нийгмийн хариуцлага байх ёстой. Тиймээс бид банкууд, УИХ-ын гишүүдэд энэ талаар санал хүсэлтээ хүргүүлсэн. Эхнээсээ хариугаа авч байна. Ахмадууд бол сэтгэлгээний хувьд үргэлж залуу байдаг арвин баялаг уурхай.

Хамгийн гол нь улстөрждөггүй, таатай орчныг ахмадуудад бүрэлдүүлэхийн төлөө хичээж явна.

-Та өөрийгөө боловсруулах ажилд багагүй цаг зарцууллаа. Ажилд нь түлхэц, тус нэмэр болж байгаа биз дээ?

Маш их тус нэмэр болж байна. Залуучуудын дунд орж МУИС-ийн хуулийн ангид сурснаараа өөрийн гэсэн үнэт зүйлтэй болсон. Одоо магистраа Засаг захиргааны нэгж, орон нутгийн өөрөө удирдах ёс сэдвээр хамгаалахаар бэлтгэж байгаа.

Гудамжны авгай, мэдлэг боловсролгүйгээр нь намайг байнга л дууддаг байсан. Би чинь социализмын үед багшийн сургуулийг онц дүнтэй төгссөн хүн шүү.