2014.10.02

Г.Баасан: Ахмадууд нийгмийг зөв зам руу үлгэрлэн дагуулах үүрэгтэй

Монгол улс 2005 онд Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуультай болсон. Тус хуулинд үндсэн хуулинд харш хэд хэдэн зүйл, заалт байгааг ахмадууд шүүмжилж байна. 

Тухайлбал Нийслэлээс 1000 км, эсвэл түүнээс алслагдсан газарт оршин суугаа ахмад настан аймгийн нэгдсэн эмнэлэг, нарийн мэргэжлийн эмч нарын комиссын шийдвэрээр нийслэлд эмчлүүлж, эмчилгээ хийлгэвэл нэг талын зардлыг жилд нэг удаа нөхөн олгон гэж заажээ.

Гэтэл энэ нь оршин суугаа газраар нь ялгаварласан, мөн комиссын эмч зөвшөөрвөл эмчлүүлэх эрх үүсэх, өөрөөр хэлбэл ахмадууд нарийн мэргэжлийн шинжилгээнд хамрагдах эрхээ эдэлж чадахгүй байх нөхцөл болсон гэж үзэж байгаа юм. Энэ мэтчилэн олон асуудлыг шийдвэрлэх шаардлага байгаа гэдгийг ахмадууд хэлээ.

Мөн энэ талаар “Манай ахмадууд бол нийгмийн тэргүүлэх хүч байх ёстой. Яагаад гэвэл ажил амьдралын арвин туршлагатай. Энэ утгаараа сурах, боловсрох, туршлагаа бусдад түгээж, залуу үедээ үлгэр дуурайлал бодог. Нийгмийг зөв зам руу үлгэрлэн дагуулах үүрэгтэй” гэж Монголын Ахмадын Чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан хэллээ.