Хүн бүрийг сайн сайхан амьдруулах нийгмийг байгуулья
Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ. Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Ахмадуудад тулгамдаад буй асуудлыг хөндөн, хууль эрх зүйн орчныг нь хэрхэн тааламжтай болгоход юу хэрэгтэй байгааг хөндлөө. Төрийн байгууллагын төлөөлөл болгож Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны Ахмадын насжилтын асуудал хариуцсан мэргэжилтэн А.Нэмэхбаатартай ярилцлаа.
-НҮБ-аас дэлхийн насжилт Ази руу чиглэж байгаа учраас улс орнууд бодлого, хууль эрх зүйн орчноо бүрдүүлсэн байх шаардлагатай гэсэн. Манайх бэлэн үү?
Насжилт уртассантай холбогдуулаад ахмад настны тоо нэмэгдсэнтэй холбогдуулаад төрөлт багасаад, ажиллах хүчний нөөц бололцоо мууддаг. Тиймээс НҮБ-аас 2002 онд Мадридын насжилтын талаарх Олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, ахмад настны талаар авч хэрэгжүүлэх, бүх улс орны хөтөлбөр үйл ажиллагааг чиглүүлсэн. Улс орнууд хэрэгжүүлэхэд л хангалттай юм.
Олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөөг манай улс хүлээж аваад, 2009 онд Засгийн газраас Насжилтын асуудлаарх үндэсний стратегийг 156-р тогтоолоор баталсан. Харин стратегийг хэрэгжүүлэх төлөвлөгөө нь 2013 он хүртэл хэрэгжээд дууссан. Энэ оны долоон сард Хүн амын асуудлаарх үндэсний хороо, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний хороодын хамтарсан шийдвэрээр насжилтын талаарх стратегийн дагуу явуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг батлаад байна.
-Тэгэхээр ямар ажил хийгдэж байгаа гэсэн үг вэ. Тодорхой ярина уу?
Энэ төлөвлөгөөнд насжилтын эсрэг стратегид тусгагдсаны дагуу бодлогын түвшинд, салбаруудын түвшинд хэрхэн ажиллах вэ гэдгийг томьёолсон. Үүнд нэг анхаарах зүйл нь ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн асуудал байгаа. Хөдөлмөрийн чадамжтай хүмүүсээ хөдөлмөрийн тодорхой нөөц гэж үзээд тэдний мэдлэг, туршлага, чадвараас суралцах хэрэгтэй гэж дүгнэсэн.
Энэ ч утгаараа ахмад настнуудын хөтөлбөрт үндсэн хоёр л асуудал тусгагдсан.
-Ямар хоёр асуудал вэ?
Нэгд, нийгмийн халамж хамгаалал шаардлагатай ахмадуудыг төр бүрэн халамж, хамгаалалдаа авья.
Хоёрт, хөдөлмөрийн чадамжтай ахмад настнуудад хөдөлмөр эрхлэх боломжийг нь олгоё гэсэн хоёр үндсэн зорилт тавьсан. Түүний хүрээнд халамжийн чиглэлээр Ахмад настны нийгмийн хамгааллын хуулиараа зохицуулагдаад явна.
Харин хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд монголын “Ахмад мэргэжилтнүүдийн үндэсний сүлжээ”-г зохион байгуулж, мэдээллийн нэгдсэн санг үүсгээд ажил хөдөлмөр эрхлэх бололцоог нь олгохоор ажиллаж байна. Нийслэл, аймаг дүүргийн хөдөлмөрийн хэлтсээр дамжуулаад одоогийн байдлаар нэг тэрбум төгрөг зарцуулаад ахмад настны зөвлөх үйлчилгээг амьдралд нэвтрүүлсэн. Ингээд үзэхээр бүх сум, хороодод нэг саяас доошгүй төгрөгний төсөл хөтөлбөр очсон гэсэн үг.
Гурваас доошгүй ахмад настан нийлж баг болоод төслөө бичээд Хөдөлмөрийн хэлтсээс санхүүжилтээ аваад хэрэгжүүлж байгаа. Мөн түүнчлэн дан ганц ахмад гэлтгүй ахмад настны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-д оролцдог. Тухайлбал Монголын ахмадын холбоо, Монголын ахмадын чөлөөт холбоо, “Таны төлөө” ТББ гэх газрууд нийтдээ 100 гаруй сая төгрөгний санхүүжилт авсан.
-Ахмадууд өөрсдөө нийлж баг болоод хамрагдах нь хэр байгаа вэ.
Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг өргөжүүлэх үүднээс төсөл хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн. Гэхдээ зарим талаар мэдээлэл дутмаг учраас хамрагдаагүй улсууд ч бий. Тиймээс ирэх жилээс эхлээд төсөл биш үндэсний хэмжээний хөтөлбөр болгож хэрэгжүүлэх бодлоготой байгаа.
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар олон төсөл хөтөлбөрийг санаачилж байгаа юм байна. Гэхдээ энэ ажил тогтвортой биш, засаг солигдохоор өөрчлөгдөх аюултай тул хууль эрх зүйн орчноор нь хэрхэн хангаж өгөх вэ?
Өнгөрсөн оноос эхлээд Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийх ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. ТББ болон ахмадуудаас санал аваад хуулийг боловсруулах шатандаа явж байна.
2007 онд батлагдсан Ахмад настны нийгмийн хамгааллын хуулинд зөвхөн халамж хамгааллын талаар заасан. Тиймээс цаашдаа Ахмад настны бие даасан хуультай болоод ахмад настны эрх үүрэг, асран хамгаалах зэрэг бүх зохицуулалтыг оруулах талаар санал нэгдсэн. Ялангуяа ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг нээж өгөх хэрэгтэй. Хэдийгээр өнөөдөр хөдөлмөр эрхлэлтийг хориглосон зүйлгүй мөртлөө гэхдээ тэтгэврийн насанд хүрчихвэл байгууллагын санаачлагаар чөлөөлөөд явж байгаа юм. Цаашдаа албан ёсны хөдөлмөрийн секторт ажиллах бололцоог хангаж өгөхийн тулд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай.
-Манай хүн амын насжилт өнөөдөр хэдэн хувьтай байна вэ. Хүн амын хэдэн хувь нь ахмад гэсэн ангилалд орж байна?
2040 он гэхэд монголын хүн амын 16 орчим хувь нь ахмад настан болно гэсэн судлагаа гарсан. Өөрөөр хэлбэл одоо 200 гаруй мянган ахмад байгаа нь 10 хүрэхгүй хувийг эзэлж байгаа энэ тоо 30 жилийн дараа 700 мянга болно гэсэн үг.
Насжилт нэмэгдэхээр төр засгийн бодлого, арга хэмжээ өөрчлөгдөнө. Ажиллах хүч багасч, төрөлт бууран, хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгддөг. Өнөөдөр бид хүүхэд залуус руу чиглэсэн бодлогыг түлхүү явуулж цэцэрлэг сургуулийн хүрэлцээ асуудал болоод байгаа ч 2040 онд ахмадуудаа яах вэ гэдэг асуудал хамгийн ихээр тулгамдах болно. Ахмад настны хөдөлмөр эрхлэлт, асаргаа, нийгмийн үйлчилгээ рүү бүх анхаарал чиглэнэ гэсэн үг.
-Хуулийн өөрчлөлтөд хөдөлмөр эрхлэлтээс гадна өөр юуг тусгах вэ. Олон улсын жишгийн дагуу сурч боловсрох, бие даан амьдрах, нийгэмдээ оролцох гээд эрхүүдийг хэрхэн тусгах вэ?
Ер нь ахмад настан олон улсын хэмжээнд таван нийтлэг бүлэг эрхийг баталгаатай эдлэх ёстой гээд заачихсан.
Үүнд нь бие даасан байдлыг хангах, нийгмийн оролцоог хангах, өөрийг нь хамгаалах, өөрийгөө хөгжүүлэх боломжоор хангах, нэр төр эрхэм зэргээ хүндэтгэх гэсэн таван бүлэг эрх ордог. Нарийвчилвал ахмад настны бие даасан байдал гэхээр зохистой хоол хүнс, эрүүл мэнд, орон байраар хангагдах ёстой.
Хөдөлмөрлөх, тэтгэврийн бус орлогоо нэмэгдүүлэх боломжоор хангаж өгөх, хөдөлмөр эрхлэлтийг залуу ахмад гэлгүй адил хэмжээний цалин хөлс өгөх, аюулгүй орчинд амьдрах, гэртээ урт удаан хугацаагаар амьдрах эрхтэй. Тиймээс Ахмад настны хуулийн шинэчлэлд эдгээр бүлэг эрхийг тусгаж өгөхөөр яригдаж байна.
-Тэгэхээр Ахмад настны цогц хуультай болно гэсэн үг үү. Тусдаа хуультай болно гэж ойлгож болох уу?
Одоогийн байдлаар Ахмад настны нийгмийн хамгааллын хуулийг суурь болгоод шинэчилж байна. Гэхдээ боловсруулалтын явцад хэдий хэмжээний шинэчлэл орж байгаагаас шалтгаалж шинэчилсэн найрууулга болгох уу, шинэ хууль болох уу гэдгийг шийднэ. Ямар ч байсан ирэх хаврын чуулганаар их хуралд өргөн барих боломжтой гэж үзэж байгаа.
-Хуулийн шинэчлэлд ахмадын өөрсдийнх нь саналыг хэр тусгаж байгаа вэ. Яаж тусгаж байгаа вэ. Тэд ямар юуг хүсч байна?
Тусгаж байгаа. Энэ жилээс эхлээд манай яам Ахмадын чөлөөт холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, тодорхой хэмжээний санхүүжилт өгөөд ахмадуудаас санал авахыг ажлыг хийлгэж байгаа. Ахмадууд саналаа явуулж байна. Одоо ч гэсэн үргэлжлүүлээд авч байна.
Манай ахмадуудын зүгээс нэг их халамж хүсэх нь бага байсан. Харин тэд хөдөлмөр эрхлэлтийн асуудалд ихээхэн санал гаргасан. Түүнчлэн ахмадуудын эрх зөрчигдөж байгаа талаар нэлээдгүй мэдээлсэн. Зарим талаар гэр орондоо үр хүүхэддээ дарамтлуулах зэргээр далд хэлбэрээр эрх нь зөрчигдөж байгааг хэлсэн. Тиймээс энэ бүгдийг зохицуулахын тулд асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг зааж өгнө.