УИХ-ын эрхэм гишүүдэд сонордуулга
УИХ-ын эрхэм гишүүдэд сонордуулга хүргүүллээ.
2014.10.30

УИХ-ын эрхэм гишүүдэд сонордуулга

Төрийн мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл болон Монгол улсын 2015 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбоотойгоор бизнес, хувийн хэвшлийн төлөөллийн байгууллагуудын зүгээс энэхүү мэдэгдлийг гаргаж эдийн засгийн хүндрэлийг даван туулах гол гарц нь хувийн хэвшлийнхний үгийг сонсох, тэдний санал санаачлагыг дэмжин хамтран ажиллах явдал хэмээн үзэж байна.

  • Сүүлийн 4 жилд төсвийн орлого 2 дахин өссөн нь баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхний идэвхитэй оролцоо татвар төлөгчдийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн билээ. Гэвч сүүлийн үед Эдийн засаг хүндэрч олон аж ахуй нэгжүүд хямралын ирмэгт тулж, мянга мянган компаниуд үүд хаалгаа барьж, ард түмний худалдан авах чадвар улам бүр унаж энэ хэрээр борлуулалт, бизнесийн ашиг сонирхол багассан өнөө үед төсвийн орлого бүрдүүлэх нэрээр татвар төлөгчдийн татварын ачааллыг нэмэх бус /үл хөдлөх хөрөнгийн татвар, тээврийн хэрэгслийн татварыг тус бүр 2 дахин нэмэх, хотын татварыг шинээр бий болгох зэргээр төсөлд тусгагдсан/ харин ч бууруулах хэрэгтэй гэж бизнес эрхлэгчид үзэж байна. Ийнхүү татварын ачааллыг бууруулах замаар татвар төлөгчдийн баазыг бэхжүүлэх татварын орлогыг өсгөх бодлого авч хэрэгжүүлэх нь Монгол улсын эдийн засгийн өсөлтийг урт удаан хугацаанд хангахад эерэг нөлөө үзүүлэх болно гэдэгт хувийн хэвшлийнхэн итгэлтэй байдаг. Өнөөдөр татварын ачаалал 40 гаруй хувьтай байгаа нь баялаг бүтээгчдэд ихээхэн хүндрэл бэрхшээл учруулж байна.

  • 2015 оны улсын төсвийн төслөөс үзэхэд нэн ялангуяа төрийн албаны зардлыг г/уруулах талд дорвитой ахиц гарсангүй. Өөрөөр хэлбэл ДНБ-ны 40 гаруй хувийг эзлээд байгаа төсвийн зардлыг бууруулах, болж өгвөл ДНБ-ны 20, 30 хувьд хүргэх зэрэг зоригтой арга хэмжээ, шийдвэр, санаачлага төсвийн төсөөллөөс харагдахгүй байна. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах нэг гол гарц бол төсвийн үр ашиггүй зардлыг аль болох багасгах, танах явдал гэдгийг дэлхий нийтийн туршлага тодорхой харуулж байгааг манай улс харгалзан үзэх нь зүйтэй юм. 

  • Төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёрын уялдаа холбоо тун муу байна. Төсвийн төслийг боловсруулахад хувийн хэвшлийнхний саналыг авдаггүй юм аа гэхэд мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч , улсын төсвийн орлого зарлага, голлох нөлөө бүхий инфляци, валютын ханшийг удирдан зохицуулах үүрэгтэй Монголбанктайгаа ч бодлогын уялдаа холбоогоо хангахгүй байгаа нь туйлын харамсалтай. Иймд УИХ-д ажлаа тайлагнадаг дээрх хоёр байгууллагынхаа үйл ажиллагааг уялдуулан зохицуулах нь УИХ-ын эрхэм зорилт болоод байна.

• 2015 оны төсвийн болоод мөнгөний бодлогоос харахад эдийн засгийн хүндрэлээс хэрхэн гарах, хувийн хэвшлийг яаж дэмжих, эдийн засгийн өсөлтийг хэрхэн бий болгох талаар “эерэг чиг хандлага" харагдахгүй байна. Мөнгөний бодлого нь хэт ерөнхий, хариуцлагаас зугтсан шинжтэй, хуулиндаа байхгүй зүйл заалтууд /макро эдийн засгийн тэнцвэрийг хангах нь Монголбанкны үүрэг биш байлтай/ оруулсан бол төсвийн бодлого нь төсвийн орлогын боломжит эх үүсвэрүүдийг дайчлах нэрээр нөгөө л уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн экспортын үнэд тулгуурласан, үндэсний үйлдвэрлэл, нэн ялангуяа уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, өргөжүүлэх асуудалд анхаарлаа сул хандуулсан байна.

Иймд 2015 онд улс орноо эдийн засгийн хүндрэлээс гаргах, баялаг бүтээгчдийг дэмжих, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд дараах арга хэмжээнүүдийг төсөвт тусган хэрэгжүүлэхийг санал болгож байна. Үүнд:

1. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Татварын өршөөлийн хуулийг оны өмнө яаралтай гаргах замаар улс орны сан хөмрөгийг арвижуулж эдийн засгийн өсөлт бизнесийн идэвхжилтийг сэргээн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж далд эдийн засгийг багасгах чиглэлд эрс алхам хийх

2. УИХ-ын намрын чуулганы хугацаанд “Дөрвөн 5”-ын зарчмыг татварын тогтолцоонд нэвтрүүлэх замаар үйлдвэрлэл, бизнесийг татварын бодлогоор дэмжих, татварын шинэчлэлийг /реформ/ хийх. Хэрэв энэхүү татварын шинэчлэлийн  2 дахь шатын

өнөөдөр л хийхгүй бол цаг хугацаа алдахаас гадна Засгийн газрын үлдэж буй хугацаанд хэрэгжээд ч үр дүн багатай байх болно. Энэ чиглэлд бизнесийнхэн, хувийн хэвшлийнхэн бид санал, зөвлөмж өгөн идэвхитэй хамтран ажиллахад бэлэн байна.

3. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, бизнесийн орчныг шинэчлэх, сайжруулахад нөлөө бүхий хууль тогтоомжуудыг яаралтай /дараалал харгалзахгүйгээр/ хэлэлцэн батлан гаргадаг болох

4. Төрийн зарим чиг үүргийг ТББ, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг эхлүүлэх, холбогдох хууль тогтоомжийг яаралтай хэлэлцэн гаргах

5. Төрийн бүх байгууллагад төсвийн дотоод аудитын хараат бус тогтолцоог нэвтрүүлэх замаар төсвийн ашиглалт, зарцуулалтад тавих хяналт шалгалтыг сайжруулах ажлыг 2015 оноос эхлэн хэрэгжүүлэх,

хувийн хэвшлийн төлөөллийг йн бүхий л байгууллагын зөвлөл, хороодод оруулах эрх зүйн орчинг бий болгох

6. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөө үед бизнесийн зориг, эрсдэл гарган зээл авсан үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд тохиолдож буй хүү болон валютын ханшны хэлбэлзэлтэй холбоотой үүссэн үндсэн зээл болон хүү, валютын ханшны зөрүүгийн нэмэлт дарамтын төлбөрийг чөлөөлөх буюу төсөвт тооцсон валютын ханшаар тооцон төлүүлэх, эсвэл төлбөрийг 10 жилд төлөхөөр хойшлуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монголбанкинд даалгаж, үүнтэй холбогдсон хууль журмыг батлах

7.Төрийн нэрээр байгуулагдсан олон арван сангуудын үйл ажиллагаа хангалтгүй, хөрөнгө алдагдах, шамшигдуулах явдал их гарч байгааг харгалзан эдгээр сангуудын менежментийг гэрээгээр хувийн хэвшилд өгөх замаар хариуцлагыг өндөржүүлэн үр дүнг нь сайжруулах арга хэмжээ авах

8.АМНАТ-ийг ноогдуулах экспортын эрдсийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох засгийн газрын тогтоол, аргачлалийг АМТХууль болон олон улсын худалдаанд зөвшөөрөгдсөн зарчимд нийцүүлэн өөрчлөх.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо

Хувийн Хэвшлийг Дэмжих Үндэсний Зөвлөл

Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл

Монголын Бизнесийн Зөвлөл

СЕО Клуб

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци

2014 оны 10 сарын 29