О.Батхуяг: Иргэд “дарга нар л бүгдийг хийдэг” гэсэн хуучин хандлагаасаа салах хэрэгтэй
ХУД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч О.Батхуягтай төрийн үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоо сэдвээр ярилцлаа.
- Орон нутгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоо ямар байх ёстой вэ?
Юун түрүүнд төрийн үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоог Үндсэн Хуулинд заагаад өгчихсөн. Төлөөллийн болон төлөөллийн бус байгууллагаар дамжуулан оролцох эрх зүйн боломжийг нь нээгээд өгчихсөн. Боломж нэгэнт байгаа учраас оролцох эрхээ иргэд өөрсдөө бүрэн дүүрэн хэрэгжүүлэх хэрэгтэй болохоос хэн нэгэн даргын заавраар бүтдэг ажил биш.
Цаашлаад Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар иргэний оролцоог тодорхой зааж өгсөн. Жишээ нь иргэдийн нийтийн хурал гэсэн засаг захиргааны анхан шатны нэгж бий. Гэтэл энэ хурал дахь иргэдийн оролцоо маш сул байгааг хэлэх хэрэгтэй. Иргэдийн бүлэг, нөхөрлөл байгуулъя, иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулъя, өөрсдөөр нь хэлэлцүүлээд шийдүүлье гэхээр иргэд өөрсдөө санаачлагатай байж чаддаггүй. Энэ нь нэг талаас мэдээлэл муу хүрдгээс, нөгөө талаас иргэд тэрхүү боломж, мэдээллээ идэвхтэй эрж хайдаггүйтэй холбоотой. Түүнээс биш зөвхөн нэг талын санаачилгаар бүтэхгүй.
- Хүмүүсийн сэтгэхүйд өмнөх нийгмээс амь бөхтэй үлдсэн “дарга нар л бүгдийг хийдэг” гэсэн хандлагыг яаж арилгах вэ?
Уг хандлага 2008 оноос хойш харьцангуй өөрчлөгдсөн. Иргэдэд хамаатай асуудлаар иргэд улс төр, эдийн засаг, хууль зүйн бие даасан шийдвэр гаргах боломжтой гэдгийг ойлгож эхэлж байна. Ер нь ганц нэгээрээ биш, хамт олноороо, гудмаараа, байраараа гэх мэтчилэн хамтарч асуудлаа тавьдаг болсон нь сайшаалтай. Гэхдээ бүрэн төлөвштөл нэлээд хугацаа орно.
- Иргэдийн бүлэг, нөхөрлөл гэдэг энэхүү шинэ ойлголтын гол давуу талууд юу вэ? Олон хүмүүс ач холбогдлыг нь ойлгохгүй байна?
Хэдийгээр иргэд өөрсдөө мэдээллээ олж авах үүрэгтэй ч төрийн байгууллага мэдээллийг бүх боломжит сувгуудаар хүргэх үүрэгтэй. Аливаа асуудлыг шийдвэрлэхэд хамтын шийдвэр чухал. Энэ шаардлагын улмаас нөхөрлөлийн ойлголт гарч ирсэн. Тухайлбал тухайн байрны СӨХ муу ажиллаад байвал байрны иргэд хамтраад зохих газарт нь хандаж болно.
Өнгөрсөн есдүгээр сард Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд “Хамтын зүтгэл” иргэдийн бүлэг тус хорооны Сонголонгийн 3, 4 дүгээр гудамжны хашааг жигдлэх ажлыг орон нутгийн иргэдийн оролцоотойгоор хийж эхэллээ.
Нийслэл, дүүрэг дээр иргэдийн оролцоог хангахын тулд Иргэний танхимуудыг байгуулсан. Иргэний танхим бол тодорхой байгууллага биш, харин үйл ажиллагаа, процесс юм. Өөрөөр хэлбэл иргэний танхимаар буюу иргэд өөрсдийн үйл ажиллагаагаар дамжуулж амжиргаа, боловсрол, эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах асуудлуудаа шийднэ гэсэн үг. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэж ардын мэргэн үг ч байна. Олуулаа хэлэлцэж гаргасан шийдвэрт хэн нэгэн дурын этгээд дангаараа нөлөөлөх боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хамтын менежмент гэдэг бол олон улсад шалгагдсан зүйл.
Бидэнд ойрхон нэг жишээ дурдая. Саяхан Хан-Уул дүүргийн зургадугаар хороонд Петровис компани Мөнхбаяр даргын үед зөвшөөрлийг нь авсан гээд хууль зөрчин хүүхдийн цэцэрлэгийн хажууд шатахуун түгээх станци барьсан. Хариуд нь иргэд хамтаараа эсэргүүцэл тавьж зөвшөөрлийг нь цуцалсан.
- Хан-Уул дүүргийн хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, мэдэгдэхүйц үр дүнд хүрсэн нөхөрлөл, бүлэг хичнээн байна вэ?
ИТХ-аас бүлэг байгуулах журмыг нь батлаад эрх зүйн орчныг бий болгоод өгчихсөн. Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг иргэд өөрсдөө явган хүний зам тавъя, тоглоомын талбай тохижуулья гэх зэргээр өөрсдөө захиран зарцуулдаг. Бүлгүүдийн ирсэн саналыг харж байгаад хамгийн хариуцлагатай бүлгийн, чанартай төслийг хэрэгжүүлдэг. Иргэд өөрсдөө хийж буй учраас сэтгэлээсээ хийж, хараа хяналтаа ч сайн тавьдаг. Чанартай ч хийдэг.
- Үндсэн Хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиас гадна ямар хууль иргэний оролцоог хангадаг вэ?
Төсвийн тухай хуулиар иргэдийн бүлэгт төсвийг захиран зарцуулах тодорхой эрхийг олгосон.
- Нийслэл болон дүүргүүдийн захиргааны үйл ажиллагаа, төсвийн зарцуулалт иргэдэд нээлттэй биш гэсэн шүүмжлэл багагүй байдаг. Хэдийгээр сайт дээр тодорхой хэмжээний мэдээлэл байгаа ч иргэдийн олонхид хүрэхгүй байна? Үүнийг яаж нээлттэй болгох вэ?
Мэдээлэл хүргэх механизмыг бий болгох ёстой. Өөрөөр хэлбэл сүлжээ. Иргэдийн нийтийн хурал, хороодын засаг дарга зэрэг анхан шатны нэгжүүдийн хийх ажил. Нэг талаас төрийн байгууллага хүрч ажиллахгүй, нөгөө талаас иргэд санаачлага гаргахгүй байгаа учраас энэ хоёрын хооронд хоосон орон зай үүсчихээд байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс гадна иргэдэд тайлбарлаж байдаг механизм байх хэрэгтэй.
Одоогоор нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, зохион байгуулагч зэрэг хүмүүсээр дамжуулж саналыг нь авдаг ч энэ нь хангалттай оролцоо болж чадахгүй байна.